Categories
мэдээ нийгэм

Өрхийн мөнгөн орлого буурсан үзүүлэлттэй гарчээ

Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний долоон сарын байдлаар ямар байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны долоодугаар сарын эцэст 42 мянга болсны 22 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 31 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 500 хүн буюу 1.7 хувиар, зургаадугаар сарынхаас 2200 хүн буюу 6.7 хувиар буурсан ажээ. Харин ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 14 мянга буюу 1.2 хувиар буурч, ажилгүй иргэд 35 мянга буюу 35.6 хувь, эдийн засгийн идэвхгүй хүн ам 99 мянга буюу 13.5 хувиар өссөн тоо үзүүлэлт гарчээ.

Өрхийн орлого, зарлага:

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 875 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 101 мянган төгрөгөөр буюу 10.4 хувиар буурлаа.

Үүнд цалин хөлсний орлого 32 мянган төгрөг буюу 6.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 32 мянган төгрөг буюу 31.9 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн аж.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2016 оны хоёрдугаар улиралд 950 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 30 мянган төгрөгөөр буюу 3.1 хувиар буурсан байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн:

ДНБ, оны үнээр 2016 оны эхний хагас жилд 10990 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.0 хувиар өслөө.

ДНБ-д 2016 оны эхний хагас жилд эцсийн хэрэглээ 72.4 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 24.2 хувь, цэвэр экспорт 3.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс хөрөнгийн нийт хуримтлал 4.3 пункт, цэвэр экспорт 1.6 пунктээр өсч, харин эцсийн хэрэглээ 5.9 пунктээр буурсан байна.

Улсын нэгдсэн төсөв

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2016 оны эхний долоон сард 3040 тэрбум төгрөг зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5014 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1974 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1336 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 3.3 хувиар буурч, зарлага 32.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *