Categories
мэдээ соёл-урлаг

Олон улсын хөгжмийн наадамд “Нисванис” оролцоно

ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 19-нд “V-Rox-2016” буюу олон улсын амьд хөгжмийн наадам болох гэж байна. Жил бүр хүрээгээ тэлж байгаа тус фестивальд 2014 онд “Моханик”, 2015 онд “The colors” хамтлагууд Монгол Улсаа төлөөлж оролцож байсан. Энэ удаагийн фестивальд “Нисванис” хамтлаг гоцлон тоглохоор болжээ. Ийнхүү олон улсын наадамд оролцож буй гурав дахь Монгол хамтлагаар “Нисванис” тодорч байгаа юм.Тус хамтлаг 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд байгуулагдсан билээ. Урт хар үстэй дөрвөн залуу орилж, ил задгай зүйлсийг дуулаад, бас амьд хөгжим сонирхогчдоо хөгжөөж чадсан энэхүү хамтлаг Монголын амьд хөгжмийн томоохон байр суурийг эзэлж чадсан юм. Энэ хамтлаг нь анх рок хөгжим сонирхогч залуус “гранж” урсгалын хамгийн том төлөөлөгч болох АНУ-ын Сиэтл хотын “Нирвана” хамтлагийн дууг сонсон Монголд энэ урсгалын хамтлаг байгуулахыг эрмэлзсэнээс үүдэлтэй. “Нисванис” хамтлаг нь жил бүр хамтлаг байгуулагдсан өдрөөрөө болон өвөл, зуны улиралд тоглолт хийж, “Coke’n Beat”, “Playtime” зэрэг наадмуудад оролцон ая дуугаа өргөдөг уламжлалтай.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *