Categories
мэдээ улс-төр

Анхдугаар чуулганыг хаалаа

УИХ-ын анхдугаар чуулганаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “2008 оны арванхоёрдугаар сарын 31-нд томилогдсон, хугацаа нь дуусаагүй байсан хоёр гишүүнийг өөрсдийн хүсэлтээр гэсэн өгүүлбэр оруулаад 2012 онд чөлөөлж, Т.Хадхүү, Д.Даваа-Очир нарыг оронд нь үлдсэн хугацаан дээр нь нөхөн томилсон байсан. Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Т.Хадхүү, Д.Даваа-Очир нар нөхөн томилгоогоор томилогдсон учраас бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Бүрэн эрхийн хугацаа нь 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нд албан ёсоор дууссан. Өмнөх парламентын үед энэ асуудлыг шийдье гэдэг саналыг УИХ-ын гишүүдээс гаргаж байсан ч шийдээгүй. Санаатай, санамсаргүйг мэдэхгүй юм” гэсэн тайлбар хийсэн бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Төрийн албаны зөвлөлийн нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа 1.8 жилээр хэтэрсэн байсан” гэсэн хариулт өгөв.

УИХ-ын гишүүн Л.Болд “Эрүүгийн хуультай холбоотой процессын хуулиудын эрх зүйн шинэчлэлийн эцсийн найруулгыг сонсох шаардлага байгаа. Ээлжит чуулганаар хэлэлцэж болох асуудлыг яагаад заавал анхдугаар чуулганаар оруулж хэлэлцээд байгаа юм бэ. Наад асуудал чинь Үндсэн хуулийн цэц дээр очих болно” гэж асуухад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй холбоотой асуудлыг тодорхой байгууллагаас оруулж ирдэг саналын хүрээнд УИХ хэлэлцдэг. Хууль зөрччихсөн, хугацаа нь хэтэрчихсэн гишүүдийн асуудлыг яаралтай засъя гэдэг байдлаар оруулж иржээ гэж бид үзсэн. Ийм учраас УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна” гэж хариулав.

ийн хэлэлцэж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Б.Баатарзоригийг 58 гишүүнээс 51 нь дэмжиж 87.9 хувийн саналаар, С.Цэдэндамбыг 58 гишүүнээс 50 нь дэмжиж 86.2 хувийн саналаар томиллоо. Энэхүү томилгоог хийгээд шинээр бүрэлдсэн УИХ анхдугаар чуулганаа хаасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *