Categories
мэдээ нийгэм

Монголын “танкчид” ОУ-ын армийн тоглолтонд оролцож байна

Москвагийн “Патроит” цэнгэлдэх хүрээлэнд Олон улсын армийн тоглолтын нээлт өнгөрсөн сарын 30-ны өдөр болжээ. Өнөөдрийн байдлаар “Армийн тоглолт-2016”-д Европ, Ази, Африк, Латин Америкийн 19 орны 121 багийн 3000 орчим мөрдэстэй тамирчин оролцож байгаа аж.

“Армийн тоглолт”-ын далбааг мандуулж, сүлд дууллыг эгшиглүүлсэний дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд армийн генерал С.Шойгу Олон улсын армийн тоглолтыг албан ёсоор нээж үг хэлжээ.

Тэрбээр “Хоёрхон жилийн өмнө олон улсын армийн тоглолтыг анх удаа зохион байгуулсан. Байлдааны бэлтгэлийн нэг төрөл болгон санаачилсан энэ арга хэмжээ манай оронд болон хилийн чанадад олон хүний сонирхлыг татсан, үзүүштэй уралдаан тэмцээн болж чадлаа” хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр тамирчдын оролцоо, идэвхээрээ армийн тоглолт дэлхийн аварга шалгаруулах спортын ямарч тэмцээнээс бараг ялгагдахгүй болсон. Гол нь зэвсэг барьсан хүмүүс найз нөхөд шиг уулзаж, байлдааны машин спортын “тэмцлийн” хэрэгсэл болж байгаад баяртай байна” хэмээн онцолжээ.

Элчин сайд Б.Дэлгэрмаа “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”-ны тэмцээнд оролцож буй Монголын цэргийн алба хаагчидтай уулзаж амжилт хүсэв. Тэрээр “Манай улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосон 95 жилийн хугацаанд байнгын холбоотой, өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн нь Батлан хамгаалах салбар юм. Тодруулбал, энэ хугацаанд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний багагүй хэсэг энд бэлтгэгдэж байсан. Түүнээс гадна цэргийн зэвсэглэл, техникийг хуучин ЗХУ, одоогийн ОХУ-аас авч ирлээ. Энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцож байсан. Олон улсын армийн тоглолтод манай цэргийн алба хаагчид 3 дахь жилдээ оролцож байгаа нь үр бүтээлтэй хамтын ажиллагааны нэг тод жишээ гэж харж байна. Монгол хүний хийморь золбоог хамгийн тод илэрхийлдэг цэргийнхэн маань уралдаан тэмцээндээ амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлснийг хурандаа Г.Нямдорж мэдээллэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *