Categories
мэдээ цаг-үе

Би толгойгоо сайн ажиллуулж, их хичээсэн

Энэ удаагийнхаа “Өдрийн зочин” буланд “Олонлог” сургуулийн сурагч, 12 дугаар ангиа бахдам амжилтаар төгссөн, “Олон улсын математик”-ийн 57 дахь олимпиадын мөнгөн медальт Ганболдын Баяржавхланг оролцуулж байна. Тэрбээр “Олон улсын математик”-ийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэнээр хувийн хоёр дахь, сургуулийнхаа 11 дэх медалийг авчирчээ.

Г.Баяржавхлан нь Дундговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Тэрбээр 17 настай бөгөөд энэ жил “Олонлог” сургуулийн 12 дугаар ангийг төгсчээ. Аав, ээж хоёр нь математикийн багш учраас тооны хичээлдээ шимтэж илүү ихийг мэдэхийг тэмүүлэх болж. Г.Баяржавхлан жилд арваас доошгүй олимпиадад оролцдог байна. Түүний дуртай хичээл нь математик, физик, биеийн тамирын хичээл гэнэ. Мөн чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож, шатар нүүх сонирхолтой аж.

Г.Баяржавхлан долдугаар ангид байхдаа математикийн хичээлийг сонирхож, гүнзгийрүүлэн суралцаж эхэлжээ. Математик гэдэг бол хүний сэтгэхүйг шалгадаг шинжлэх ухаан учраас түүнд илүү таалагдаж бодлогынхоо хариуг тунгааж, ямар нэг зөв аргаар хариу гаргахын төлөө мэрийдэг гэнэ. Хичээл зүтгэл нь ч талаар өнгөрсөнгүй Монгол Улсын Математикийн олимпиадаас таван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Мөн Нийслэлийн математикийн олимпиадаас хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон байна. Харин Олон улсын математикийн олимпиадад гурван жил дараалан оролцсон бөгөөд 2014 онд хүрэл, 2015 онд шагналт байрын эзэн болсон байна. Харин энэ жил амжилт дүүрэн оролцож мөнгөн медаль хүртжээ. Монголын математикчид нийт хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авч чансаагаараа 33 дугаар байрт шалгарсан юм.

Дэлхийн шилдэг математикч хүүхдүүдийг тодруулдаг Олон улсын математикийн олимпиадад АНУ-аас зургаа, ОХУ-аас дөрөв, БНХАУ-аас дөрөв, БНСУ-аас дөрвөн оролцогч алтан медаль авчээ. Тус тэмцээнд өндөр хөгжилтэй орны тамирчид илүү амжилт гаргадаг байна. Харин Г.Баяржавхлан “Би толгойгоо сайн ажиллуулж, их хичээсний үр дүнд “Олон улсын математик”-ийн мөнгөн медалийн эзэн болсон юм шүү дээ” гэж ярилаа. Энэ жилийн хувьд геометрийн бодлого бага ирсэн байна. Тэрбээр алтан медаль авах боломж их өндөр байсан ч бусад орны өрсөлдөгчид маш чадварлаг байсан талаар хэлсэн юм.

Баяржавхлангийн аавыг Балдандоржийн Ганболд гэдэг. Улаанбаатар хотод “Олонлог” сургуульд математикийн багш хийж байгаад одоо Сүхбаатар аймагт боловсролын салбарт ажиллаж байгаа аж. Харин түүний ээжийг нь Өлзийбүрэнгийн Бямбацэцэг гэдэг. Нийслэлийн 73 дугаар сургуульд математикийн багш хийж байсан. Одоо Сүхбаатар аймгийн Дөрөвдүгээр сургуулийн эрхлэгчийн албыг хашиж байгаа гэнэ.

Түүний аав Б.Ганболд хүүгийнхээ тухай ярихдаа “Миний хүү багаасаа хүүхдүүд гадаа тоглож байхад ч хичээлээ хийгээд суудаг байсан. Зан чанарын хувьд их зарчимч, хичээнгүй, тууштай. Бид хоёр ч хичээлийг нь давтуулж, уйгагүй хийлгэдэг байсан. Амралт ч ховор байж. Түүний үр дүнд хүү минь энэ жилийн олон улсын олимпиадад 109 орны 600 гаруй хүүхэд оролцсон энэхүү том тэмцээнд мөнгөн медаль хүртлээ. Энэ амжилт манай улсын сүүлийн таван жилийн амжилтыг ахиуллаа. Ээж, аав элгэн садан нь хүүгээрээ их бахархаж байна.” гэв.

Харин түүнд энэхүү амжилтыг үзүүлэхэд гол нөлөө үзүүлсэн математикийн багшийг нь Б.Ганбилэг гэдэг. Г.Баяржавхлан хүү энэ жил дунд сургуулиа төгссөн учир БНСУ руу солонгос хэлний бэлтгэлийн сургуульд суралцахаар төлөвлөсөн байна. Ирээдүйд математикч юм уу мэдээллийн технилогич болох хүсэлтэй гэсэн. Тэрбээр эрдэм номтой хүн болж, ээж аавынхаа ачийг хариулах мөн Монголынхоо хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах мөрөөдөлтэй гэж ярьсан юм.

Б.Уранчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *