Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын эхээр дахин аадар бороо орно

Өчигдөр оройн 19:40 цагийн үед Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орлоо. Энэ үеэр хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг орчмын нутагт айлууд их хэмжээний усанд автсан байна. Мөн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг борооны усанд автжээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн З-р хороо “Чингис” зочид буудлын зүүн талын автозам бүхэлдээ усанд автсан бол Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам, Нарны гүүрний зүүн талын автозам, “Буян” ХХК-ийн зүүн талын автозамуудад борооны ус ихээр нэмэгджээ. Үүний улмаас иргэдийн автомашин усанд суух, мөн орц болон газар доорхи давхруудад ус орж, иргэд усанд боогдсон зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Өчигдрийн байдлаар ОБГ-ын 101, 105 дугаарын утсанд иргэдээс үер усны холбогдолтой 65 удаагийн дуудлага ирсэн аж. Иргэдийн дуудлагын дагуу ОБГ-аас иргэдийг аврах, хор уршгийг арилгах ажиллагааг газар дээр нь зохион байгуулан ажилласан байна. Усанд автсан авто замуудыг Ус сувгийн удирдах газрын ус соруулах зориулалтын 2 автомашин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨҮГ-ын ус соруулах зориулалтын 2 автомашин, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус соруулах 3 автомашинтай, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагч, 2 автомашинтай, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангиас 3 автомашинтай усыг соруулж дуусган замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулжээ.

Энэ хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 165 албан хаагч 25 автомашин техник хэрэгсэлтэйгээр үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ.

Цаашид 29-ний өдөр түр зуурын бороо орж, 30-ны өдрөөс өдөртөө 31-35 хэм хүртэл халж, ирэх сарын хоёрноос мөн хүчтэй аадар бороо орох урьдчилсан төлөвтэй байна.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *