Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Ганцхан толгойгоор хүний хувь заяа шийдэгддэгийг болиуллаа

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд саяхан батлагдлаа. Энэ хуулиудад гарсан дэвшил нь юу байв?

-Хүний эрхийн салбарт бараг 20-иод жил ажиллаж байна. Өмнө нь хүмүүсийг удаан хугацаагаар хорьж, залхаан цээрлүүлэх замаар эрхийг нь зөрчиж байна, хуулиас гадуур олон зүйлийг шахаж шаардаж байна зэргээр хуулиудаа, хууль сахиулах байгууллагуудаа их шүүмжилдэг байсан л даа. Ийм шүүмжлэлүүдийг хүний эрхийн тэмцэгчид олон жил ярьж ирсэн. Тиймээс дээрх хоёр хуульд хүний эрхийн ажилтнууд их идэвхтэй оролцлоо. Эдгээр хуулиуд гарснаар нэг талаас сайжирсан зүйлүүд бий. Нөгөө талаас тийм ч сайн ахиагүй зүйлүүд байна. Хамгийн сайн ахиц гарсан салбар гэвэл гэр бүл болон хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн заалтууд байлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүн үнэндээ “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” амьдардаг байсан. Цагдаад мэдэгдлээ гэхэд хүчирхийлэгчийг авч явж байцаагаад “Гэр бүлийн асуудал юм байна” гээд маргааш нь буцаачихдаг. Өргөдөл өгсөн бол өнөөх хүчирхийлэгч “Чи өргөдөл өгсөн гэл үү, өргөдлөө тат чи” гэж нэмж зоддог. Үүнийг хүчирхийллийн чөтгөрийн тойрог гэж нэрлэдэг болчихсон байсан. Хэзээ ч тэр чөтгөрийн тойргоос гарч чаддаггүй, хүчирхийлэлд өртсөн бол тэвчээд, зовоод шаналаад амьдардаг. Төрд хэлээд аварч чаддаггүй, хамгаалдаг газар байхгүй юм болохоор сүүлдээ хүчирхийлэгчээ хороосон хэргээр өөрөө насан туршдаа шоронд ордог ийм л хувь тавиланг хүчирхийлэлд өртсөн олон хүн эдэлж байсан л даа.

-Тэгвэл энэ хуулиуд батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллийг зогсооход яг ямар алхмуудтай болсон юм бэ?

-Хууль сахиулагчид гэр бүлийн хүчирхийллийн тойргийг таслахад яаж оролцох вэ гэдгийг бүх талаас нь тодорхойлж өгсөн. Хууль сахиулах тухай хуулиар хууль сахиулагч хүн хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан тухай дуудлагыг аваад нэн тэргүүнд очно гэдэг заалттай болсон. Гэр бүлийн хүчирхийлэл болж байна гэсэн дуудлага авбал нэн тэргүүнд очих нь байна. Очиход нь хаалгаа дотроосоо түгжээд хүчирхийлэл үйлдэж, үүдээ онгойлгож өгөхгүй бол хүчээр нэвтрэх эрхтэй болсон. Энэ тохиолдолд оронгуутаа хохирогчийг хамгаалах үүрэгтэй боллоо. Түүнчлэн хүчирхийлэл үйлдэгч зэрлэг догшин авирласан, гартаа зэвсэгтэй байх юм бол зэвсгийг нь хурааж авах эрхтэй болголоо. Урьд өмнө нь ийм эрхийг хууль сахиулагчдад ямар ч хуулиар олгож байгаагүй. Тийм учраас хууль сахиулагчид нүдээ аниад хүчирхийллийг гэр бүлийн ахуйн асуудал гээд өнгөрөөчихдөг байсан. Үүнээс шалтгаалж олон хүний амь нас алдагдаж байлаа. Өчнөөн гэр бүлийн нулимс олон жил урссан. Үүн дээр Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд том дэвшил авчирлаа.

-Хүчний байгууллагуудын зэвсэг, хэрэглэл хэрэглэх дүрмийг нэг болгож хуульчилж өгсөн гэсэн?

-Хууль сахиулагчид бас ард түмнийхээ хамгаалалтад орж эхэлж байна. Энэ хүн ийм зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй. Нийтийн эмх замбараагүй байдал болох тохиолдолд хууль сахиулагч ийм ажил хийх эрхтэй, үүрэгтэй гэдгийг тодорхой болгосон. 2008 оны долдугаар сарын 1-нд нийтийн эмх замбараагүй байдал үүсэхэд хэн нь ямар эрхтэй, үүрэгтэй юм бэ гэдгийг хэн ч мэддэггүй байсан. Тийм учраас цагдаа нарыг тараарай гээд зарлахад тараагүй. Үүний араас ямар зэвсэг хэрэглэл хэрэглэх эрхтэй вэ гэдгийг хэн ч мэдэхгүй учраас элдэв юманд орж байсан. Одоо хууль дээр нийтийн эмх замбараагүй байдал үүсэхэд цагдаа нийтийн дунд нэг удаа, хоёр удаа зарлана. Тэгээд цаашдаа газ ч юм уу олон нийтэд зориулсан хэрэгслийг хэрэглэж болно гэх зэргээр хуульчилсан байгаа. Хууль гарснаар иргэд хууль сахиулагч хүн юу хэрэглэх эрхтэй вэ гэдгийг мэддэг боллоо. Энэ хуулиар цагдаа, иргэдийн хоорондын ойлголцол сайжирч байна. Ойлголцол сайжраад ирэхээр нийтийн аюулгүй байдал илүү хамгаалагдана гэж бодож байгаа.

-Хэрэг мөрдөн байцаах явцад таслан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс хорьдог байсан. Үүнийг нэлээд багасгасан юм уу?

-Эдгээр шинэ хуулиуд дээр олигтой сайжирч чадаагүй нэг зүйл байгаа гэж би эхэнд хэлсэн шүү дээ. Энэ бол цагдан хорих хугацааны асуудал юм. Манайд бол 36 сар хорьж болдог байсан. Тийм учраас ноднин Каплагийн хэрэг дээр олон улсын хүний эрхийн байгууллага, сэтгүүлчид Монгол Улс чинь гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг гурван жил ямар ч шүүхгүйгээр хорьдог юм байна. Хүнд ял эдлүүлэхээс удаан хугацаагаар гэм нь тогтоогдоогүй хүнийг хорьчихдог аймшигтай улс юм гэсэн шүүмжлэл явсан. Ингээд манай орныг дэлхийн бүх хэвлэл хотел монголиа гэж хочилсон. Сонирхуулахад хотел Калифорниа гэж дуу бий. Тэр дуу Калифорниа гэдэг зочид буудал байдаг. Тэр муж улс үнэхээр гоё, тэр буудал үнэхээр гоё. Ийм учраас та ороод буцаж гарахыг хүсдэггүй юм гэсэн утгатай. Гэтэл хотел монголиа гэж хочлохдоо юу гэж шоолсон бэ гэхээр Монгол гэдэг зочид буудал байдаг юм. Тэр нь бараг шорон шиг таныг оруулаад түгжчихдэг, гаргадаггүй гэж ёгтолсон. Энэ хоч Калифорнийн эсрэг дүр байхгүй юу. Монголд хүн мөнгөө оруулж, ажиллах гэж ирээд түгжигдчихдэг. Нэг түгжигдчихээрээ гаргадаггүй гэсэн санаа. Тэр бол манай улсад шүүхгүйгээр удаан хоригдсон гадаадын иргэдийг өмөөрч бичсэн хүмүүсийн өгсөн хоч юм. Шинэ хуулиар урьдчилан хорих төвд таван жил хүртэл ялтай хэрэгт сэжиглэгдсэн гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг 12 сараас илүү хорьж болохгүй гэж оруулсан. Грек, Италид 12 сар хүртэл, хүнд гэмт хэрэгт 18 сар болгон сунгаж болдог юм билээ. Гэвч АНУ, Ирландад хүнийг хоёр сар хорихыг л зөвшөөрдөг. Герман, Англи, Нидерландад бол зургаан сараас илүү хорьдоггүй. Мөн цагдан хорих төвд тав зургаахан том гэмт хэргээс бусад үед тагнаж чагнах үйл ажиллагаа явуулж болохгүй гэж оруулсан. Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх, гадаадын тагнуултай хамтран ажиллах, хар тамхи наймаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм дээр үнэхээр хорьж байгаад хооронд нь гүйцэтгэх ажиллагаа явуулдаг юм байгаа биз. Тийм эрхийг нь үлдээсэн байгаа. Гэхдээ зүгээр нэг жирийн хулгайн хэргээр орсон нөхдийг гурван жил хорьж байгаад өөр өөр хэрэг нэмж тохоод гүйцэтгэх ажлын шугамаар янз бүрийн мэдээлэл нэмж оруулаад, худлаа үнэн яриулаад байдгийг зогсоох зорилгоор болиулсан.

-Хэрэг мөрдөн байцаалт ч нэлээд өөрчлөгдсөн байсан. Мэдүүлгийн аргаар бус өөр бусад олон арга хэрэгсэл ашиглана гэдгийг тодруулахгүй юу?

-Урьд нь шүүгч зөвхөн хавтаст хэргийг уншаад тэр уншсан номынхоо хэмжээнд шийдвэр гаргадаг байсан. Одоо бол нэг шүүгч ганцхан ном уншаад шийдвэр гаргахаа больж байгаа. Хүнийг гэм буруутайг тогтоогоод ял өгөх хүртэл дөрвөн шүүгч оролцохоор болсон. Нэгдүгээр шүүгч нь олж ирсэн нотлох баримтыг нь үнэлнэ. Есдүгээр сарын 1-нээс хуулиуд хэрэгжиж эхэлснээр Монголын ирээдүйн мөрдөн байцаагчид Дерек, Катанитай адил болно шүү дээ. Тэд яг тэр кинон дээр гардаг шиг гадуур явж жинхэнэ бодит баримт авчирна. Тэгээд шүүх дээр өнөө жинхэнэ баримтаа хэрэг үүсгэнэ гээд мэтгэлцэх байхгүй юу. Харин өмгөөлөгчийн тал тэр баримтын гаргалгаа дээр мэтгэлцэнэ. Тухайн баримтыг үлдээх эсэхийг мэтгэлцэж байж шийднэ. Хуучин бол ямар баримтыг хавтаст хэрэгт оруулах, алийг нь хасах, устгах вэ гэдгийг мөрдөн байцаагч шийддэг байсан. Одоо бол баримт болгон дээр тэр нотлох баримтыг үнэлэх шүүгчийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдана. Ингээд нотлох баримт шүүгчийн хэлэлцүүлгээр орчихлоо. Хоёрдугаарт, тэр хүнийг цагдан хорих уу, цагдан хорих хугацааг сунгах уу үгүй юу гэдгийг бас шүүгчийн захирамжаар шүүх дээр хоёр талаасаа мэтгэлцэж байж шийднэ. Гуравдугаарт нь, гэм буруутай юу, үгүй юу гэдгийг шүүгч дахиад тусдаа хурлаар шийднэ. Энэ үйлдэл нь гэм үү, санамсаргүй юу гэдгийг дахиад нэг шүүх хурлаар шийднэ гэсэн үг. Ингээд гэм буруутай гээд тогтоогдсон бол дараагийн шүүгч нь ялыг оноож өгнө. Ийм шат дамжлагатай шүүх хуралтай болсон. Энэ дөрвөн янзын шүүх хурлын аль нэгэнд нь орсон шүүгч нь дараа дараагийнхаа шатанд орохгүй.

-Бодит баримт дээр тулгуурлана гэхээр мэдүүлгээр хэргээ хүлээсэн байдлаар ялладаг байдал өөрчлөгдөх нь ээ?

-Зохиомол хэрэг гэдэг зүйл гарч ирэх боломжийг маш их багасгасан байгаа. Ялангуяа цагдан хорих төвд баримтгүйгээр хүмүүсийн амаар нэг нэгнээ гэрчилсэн мэдүүлэгт суурилсан хэргүүд маш их байдаг. Бодит нотлох баримтгүй тийм хэргүүд хэрэг илэрсэнд тооцогдох хэцүү. Шүүх дээр тэр нотлох баримтыг хамгаалахад ч хэцүү. Ийм олон шат дамжлагатай болсон учраас бие биенээ хоосон гүтгэж яллуулах, хэрэг тохох, өөр хүний хийсэн хэргийг эрүүдэн шүүх аргаар тохох гэдэг юм уу ийм ужгирсан нөхцөл арилна гэж үзэж байгаа.

-Хууль батлуулах явцад хүний эрхийн зөрчил их гарлаа гэж та мэдэгдэж байсан?

-Хуулийн хэлэлцүүлгийн явцад би өөрөө хүний эрхийн асуудлаар байнгын хороон дээр хүчтэй байр суурь илэрхийлсний дараагаар миний эсрэг олон вэб сайт дээр мэдээ гарч байсан. Ямар нэгэн гадаад, дотоодын тагнуулын байгууллагатай ч холбосон. Яг чуулган дээр хууль батлах өдөр миний эсрэг зургаан фотошоп твиттерээр цацсан. Нэг өдрийн дотор шүү дээ. Энэ өөрөө хууль тогтоох үйл ажиллагаанд үзүүлж байгаа дарамт шахалт л гэж харагдаж байна. Олон улсад парламентын гишүүдийн хүний эрх гэж байдаг. Би урьд нь казиногийн гурав, талийгаач С.Зоригийн хэрэг дээр тухайн үед нь өмгөөлөл бичиж байлаа. Парламентын гишүүнийхээ эрхийн хүрээнд энэ хүн дарамтад орсон юм биш биз гэж бичсэн л дээ. Харин сая энэ хоёр хуулийг батлах явцад би үүнийг яг биеэрээ амслаа. Яг өөрийг чинь парламент дээр үг хэлэнгүүт л нэг агуулга, тексттэй эсрэг мэдээ шинэ сайтууд, цахимаар гараад эхэлдэг юм байна.

-Хэзээнээс дарамталж эхэлсэн гэж?

-Өнөө АТГ, ТЕГ, ЦЕГ-ын гурван даргын гарын үсэгтэй бичиг гараад дарамт эхэлсэн. Дараа нь юу болсон бэ гэхээр МАН-ынхан нэг нь ч орж ирж кноп дараагүй. Бүгд тийм айдастай. АН, ИЗНН, МАХН, МҮАН-ынхан орж ирсэн. Яг намаараа зохион байгуулалттай юм шиг дарамтад орсон гэвэл Ардын намынхан юм байна гэж харсан. Манай болоод бусад бүх нам руу энэ хууль дээр кноп дарж болохгүй шүү гэдэг дарамт ирсэн. Энэ өөрөө Монголын парламентад хүний эрхийн хуульд ирж байгаа бодитой дарамт байсан.

-Хүчний байгууллагын дарга нарын гарын үсэгтэй ил захидалд эдгээр хууль батлагдвал дээрх байгууллагуудын эрх буурна. Ингэснээр хэрэг илрүүлэлт багасна гэж байсан санагдана?

-Харин ч чадамж нь ихэсэх байхгүй юу. Урьд жишээлбэл хүчний байгууллагууд эрэн сурвалжлаад баахан юм олдог. Олсон юмыг нь нотлох баримтад авдаггүй байсан. Яагаад гэвэл эрэн сурвалжлах ажлыг нь хуульчилж өгөөгүй. Одоо бол эрэн сурвалжлах нууц ажиллагааг хуульчлаад өгчихсөн. Хуулийн дагуу эрэн сурвалжлах нууц ажиллагааг хийх эрхтэй. Ингэхээр зэрэг хуулийн дагуу эрэн сурвалжлаад олсон материал нь шүүх хурал дээр нотлох баримтын дайтай ашиглагдана. Өөрөөр хэлбэл чекистүүдийн олж ирсэн баримт жинхэнэ утгаараа ашиглагдана гэсэн үг.

-Тэгвэл юунд эсэргүүцсэн хэрэг вэ?

-Энэ бол ганцхан юманд л садаа болж байгаа. Бизнест нь садаа болсон хэрэг. Эрэн сурвалжлах нууц ажиллагаа хийгээд олсон материалуудаа шүүхэд авчирч өгөхгүйгээр хувь хүний эрх ашигт ашигладаг байсан. Тэрний тухай утас чагнасан тийм, ийм бичлэг байна. Үүнийг чинь тэнд гаргаж тавина гэхээр хүмүүс чинь мөнгө өгнө биз дээ. Энэ бол хөрөнгөлөг хурандаа нарыг төрүүлдэг жинхэнэ бизнесийнх нь нууц. Тэрийг нь саяын хууль бизнес биш шударга ёс руу хандуулчихаж байгаа юм. Нууц ажиллагааг хэн дээр явуулж байгааг хэн ч хянахгүйгээр чөлөөтэй нууц ажиллагаа явж байдаг. Гурван даргын гарын үсэгтэй бичиг асуудлыг гуйвуулж тайлбарласан утгаараа жаахан өрөөсгөл байсан. Мэдээж хүчний байгууллагад янз бүрийн шалтгаан байж таараа. Тэдний эсэргүүцэж байсан ганц зүйл бол прокурорын зөвшөөрлөөр хиймээргүй байна, өөрсдөө дур мэдэж хиймээр байна л гэсэн шүү дээ. Гэтэл манай байнгын хороо УИХ юу гэж үзэж байна гэхээр прокурорын зөвшөөрөлтэй хийнэ. Прокурор хэргийн явцад баримтыг яаж бүрдүүлж байгааг хянах үүрэгтэй учраас түүний хяналтад явагдана гэдэг ийм л зүйлийг бид хуульчилж өгсөн байгаа. Ер нь аливаа нэгэн хяналтгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явагддаг орон гэж дэлхий дээр байхгүй шүү дээ.

Тийм орон байх үедээ Монгол 1937 оныг л бий болгож байсан байхгүй юу. Хэний ч хяналтгүйгээр дуртай хүнээ хянадаг шалгадаг нийгэм чинь явж явж НАХЯ, Х.Чойбалсанг бий болгодог. Тийм учраас бид НАХЯ, Х.Чойбалсанг бий болгохгүй тогтолцоог л сая хангалаа.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *