Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чамтай, чамгүй болно

Зарим хүн надтай, надгүй бүх зүйл болно гэдэг.
Ажлаа тасаллаа гэхэд “Өөр хүмүүс байгаа юм чинь болно биз дээ. Тэд хийчихнэ. Надгүйгээр
яав л гэж, байхгүй үед болоод л байдаг. Надаар дутав л гэж. Би энэ хүнд тусалсан,
туслаагүй болно доо. Надтай надгүй амьдрах л биз” гэж боддог. Тийм ээ, тийм. Чамтай
чамгүй бүх зүйл болно. Байгууллага чинь ажилладгаараа л ажиллаж, амьдрал үргэлжилдгээрээ
л үргэлжилнэ.

Чи байтугай дэлхий тэр чигээрээ дутахаар агуу гайхамшигт хүмүүс ч
ертөнцөөс явдаг. Гэхдээ л дэлхий ертөнц оршдогоороо оршиж, дараагийн гайхамшигт
хүмүүн төрдөг. Харин тэр гайхамшигт хүмүүс надтай, надгүй болно гэж бодоогүй ээ.
Байгаа цаг хугацаандаа байх ёстой газраа, хийх ёстой зүйлээ хичээнгүйлэн хийсэн.
Тэд дараагийн гайхамшигт хүмүүний шинэ нээлтийн бэлтгэл ажлыг хийдэг юм. Тэр хүмүүс
тухайн цаг үедээ нээлт хийгээгүй бол дараагийн хэн нэгэн нээх л байсан. Гэхдээ цаг
хугацаа алдана. Эрүүл мэндийн салбарын нэгэн нээлт хийлээ гэхэд олон хүний амийг
аварна. Тэр аврагдсан хүмүүсийн нэг та бидний хэн нэгний өвөг эцэг ч юм бил үү.
Хэрэв тэр хүн өвөг эцгийг аврах эм тариа, технологийг хийгээгүй бол хэн нэгэн та
төрөхгүй ч байсан юм бил үү.

Чамайг байсан бол, чамайг байхгүй байхад бас яах бол.
Бодоод нэг үз дээ. Ажлаа тасалсан өдөр чинь хэн нэгэн чамд ашигтай санал тавих гэж
ирсэн ч чи байхгүй болохоор найзад чинь саналаа хэлээд явж болно. Заяаны хань чинь
болохоор үзэсгэлэнтэй бүсгүй ажил хэргээр чамтай уулзах гээд ирсэн чи байдаггүй.
Магадгүй та хоёр дахиад хэзээ ч уулзахгүй байж болох юм. Андын чинь ар гэрт хэцүү
бэрх зүйл тохиолдоход чи байж байгаад тусалсан бол. Хожим тэр бас ачийг тань санах
л байсан. Хэрвээ чи тэр өдрийн ажлаа таслаагүй очсон бол танай бүтээгдэхүүн илүү
олон, илүү чанартай гарах байсан ч юм бил үү. Хорвоо ертөнц дээр хамааралгүй юм
гэж огт үгүй. Тиймээс оршин байгаа, орон зай эзэлж байгаа тэр цаг үеэ агуулгаар
дүүргэ. Байх ёстой газраа, байх ёстой үед нь бай.

Яг энэ цаг үед, яг тэр зүйлийг
хийж, амжуулахын тулд бай. Надгүй бол амьдрал зогсчих юм шиг амьдар. Энэ нь чамд
илүү хэрэгтэй. Үгүй гэвэл чамтай, чамгүй бүх зүйл болно. Байхгүй байсны хохирогч
нь ердөө чи өөрөө юм шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *