Categories
мэдээ эдийн-засаг

“Эдийн засгийн өсөлтөөс илүү хүртээмжтэй өсөлт чухал”

Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас Сангийн яаманд үзүүлж буй “Монгол Улсад хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” техникийн туслалцааны хүрээнд хийгдсэн нийт судалгааны дүнг хэлэлцүүлэх, мөн тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг хангах чиглэлээр Сангийн яамнаас авч хэрэгжүүлэх бодлого, ажлыг танилцуулах үүднээс “Эдийн засгийн өсөлтийг тэгш хүртээмжтэй болгох нь” сэдэвт уулзалтыг өнөөдөр Сангийн яаманд зохион байгууллаа.

Тус уулзалтад Сангийн яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын валютын сан, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Уулзалтаар “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Одоо ба ирээдүй”, “Дунд, урт хугацаанд хүртээмжтэй өсөлтийг дэмжих бодлого ба хөрөнгө оруулалт”, “Хүртээмжтэй өсөлт ба Азийн хөгжлийн банк”, “Төслийн үр дүн, судалгааны ажлын гол дүгнэлтүүд”, “Туршилтын төсөл 1,2-ын нэгдсэн дүгнэлт”, ”‘Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь, чадавх бэхжүүлэх ажлын тайлан” зэрэг сэдвээр Сангийн яам, Азийн хөгжлийн банк, “Хүртээмжтэй өсөлт” төслийн холбогдох албаны хүмүүс илтгэл тавилаа.

Сүүлийн жилүүдэд олон улсын зүгээс эдийн засгийн өсөлтөөс илүүтэйгээр хүртээмжтэй өсөлт, тогтвортой хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс Монгол Улс ч мөн энэ асуудлыг анхааралтай авч үзэж шаардлагатай учраас өнөөдрийн уулзалтыг зохион байгуулжээ.

Өнгөрсөн онд “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль” батлагдсан. Уг хууль батлагдсанаар хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлага зэргийг тодорхой болгосон гэдгийг албаныхан онцолж байна.

Энэ оны 2 дугаар сард УИХ-аас “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, 05 дугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар “Хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах нийтлэг журам”-ыг хэлэлцэн баталсан. Уг нийтлэг журмыг дагаж мөрдсөнөөр хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулахдаа суурь судалгаанд үндэслэх, бусад холбогдох бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг бодитой тооцох, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд ашиглагдах шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох боломж бүрдэж, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг хангах хууль, эрхзүйн орчин бүрдсэн гэдгийг холбогдох албаныхан хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *