Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Хааны эрэлд-2016” сургуулилт жил бүр болдог билээ. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад болно. Энэ жилийн сургуулилтыг АНУ-ын Номхон далайн командлал, Дэлхийн “Энхийн төлөө байгууллага”, Монгол Улсын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулах юм байна.
Өнгөрсөн жилийн “Хааны эрэлд 2015” олон улсын сургуульд АНУ, ОХУ, Австрали, Бангладеш, Беларус зэрэг 23 орны Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож байсан бол энэ жил 40 гаруй орны 2000 гаруй цэргийн албан хаагч оролцох аж. Монгол Улс болон АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг уг сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургууль болсон юм. Ялангуяа, нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол сургуулийн нэг болж чаджээ.