Categories
мэдээ нийгэм

Иргэн Н.Цээпилийг 400 саяын азтан биш гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

gaaliСүүлийн үед НӨАТ-ын сугалаанд 400 сая төгрөг хожсон гэх иргэн Н.Цээпилийн ярилцлага цахим ертөнцөөр нэлээд шуугиан дэгдээсэн. Энэ талаар өмнө нь ГТЕГ-аас тодруулахад “Албан ёсоор хоёр хүн материал ирүүлсэн. Шалгалт хийж байгаа” хэмээн мэдээлж байсан юм.

Тэгвэл уг асуудлаар өчигдөр Гааль, татварын ерөнхий газраас албан ёсны мэдээлэл өглөө.

Энэ талаар Гааль татварын мэдээлэл технологийн төвийн захирал Р.Отгонтулга “Эхний азтан С.Алтанзул дөрөвдүгээр сарын 5-нд Гааль, Татварын ерөнхий газарт ханджээ. Сугалааны дугаар таарсан боловч QR код нь арилсан байсан тул лабораторид шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд ирэх долоо хоногт хариу нь гарна. Харин хоёр дахь иргэн Н.Цээпил дөрөвдүгээр сарын 26-нд хүсэлтээ өгсөн байна. Хүсэлтийн дагуу мэдээлэл технологийн төвд QR кодыг задалж уншуулахад баримттайгаа нийцээгүй. Тиймээс иргэн Н.Цээпил 400 сая төгрөгийн азтан биш гэдгийг албан ёсоор мэдээлж байна” гэсэн юм. Мөн “Цаасан хэлбэрийг дуурайлгасан ч QR кодыг дуурайлган хийх боломжгүй. НӨАТ-ын урамшуулалтай холбоотойгоор 66 тэрбум сугалааны дугаарыг үүсгээд түүнийгээ санамсаргүй байдлаар иргэдийн баримтад хэвлэж өгдөг. Давхардаж дугаар хэвлэгдэх ямар ч боломжгүй. Сугалаан дээр байдаг QR код бол дахин давтагдашгүй учраас үүнийг нь шалгаж байж тухайн баримтыг жинхэнэ эсэхийг мэддэг” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Супер азтан тодруулах тохирол гуравдугаар сарын 20-нд тодорч 26024190 дугаартай баримт шалгарсан юм. Тухайн үед дээрх дугаар бүхий баримтыг бүртгүүлээгүй байсан бөгөөд Баянзүрх дүүрэгт орших Оргил худалдааны төвийн Амгалан дахь салбараас худалдан авалт хийсэн иргэн дээрх баримтын эзэн гэдгийг Гааль татварын ерөнхий газраас зарласан. Харин хуурамч баримт хийсэн иргэнд хүлээлгэх хариуцлага байдаг эсэх талаар ГТЕГ-ын Хууль эрхзүйн газрын дарга Б.Доржсүрэн “Хэрэв хуурамч баримт гэдэг нь тогтоогдвол бид холбогдох хуулийн байгууллагад шилжүүлнэ. Хуулийн байгууллага тухайн үйлдлийг ямар зөрчил гэдгийг тогтоож, хариуцлага хүлээлгэх болно” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *