Categories
мэдээ цаг-үе

Хүнд амьдрал бэлэглэдэг ачтай эмч нарын нэг анги

Ангийнхаа охидтой ярьж суух нь битгий хэл өөдөөс нь харж чадахгүй зугтаачихдаг бүрэг ичимхий зантай хөвгүүдтэй, задлан шинжилгээ хийж байгааг харж чадахгүй ухаан алдаад ойчдог охидтой, цүнхэндээ хүний яс дүүртэл хийчихээд гэрийн зүг баяр баясал, инээд хөөр дүүрэн алхдаг байжээ, оюутан байхдаа тэд. Гэвч цаг хугацаа хэдийнэ өнгөрч, нэг анги хамт олон болоод 30, эмч болж ажлынхаа гарааг эхлээд 24 жил болсон байна. АУДС-ийг 1992 онд төгсөж байсан Байгальмаа багштай нэг ангийнхныг энэ удаагийн “Нэг анги” буландаа урьсан юм.

“СҮХБААТАРЫНМОРИНЦЭРЭГ”-ИЙГДУУЛААД ТҮРҮҮЛЭВ

1986 он. Хотын гудамжинд шаргал навчис хийссэн хул шаргал намрын өглөө нийслэл, хот хөдөөгийн нийлсэн 30 хүүхэд нэг анги болжээ. Дорноговь аймгаас А.Цэнджав, Н.Чинбаатар нар ирцгээсэн байна. Бахиалын түрий эргүүлсэн мянган цэрэгтэй Зүүнбаянд гурван жил алба хаагаад оюутан болж ирж байгаа хоёроос эхлээд бага эмчээр олон жил ажилласан Д.Чулуунбаатар, аравдугаар ангиа төгсөөд орсон 20 гаруй хүүхэд нэг анги болсон байна. Анги дааж авсан багш нь н.Солонго гэх залуухан эмэгтэй байх. АУДС-ийн түүхэнд өмнө нь болж байгаагүй түүхэн үйл явдал болжээ. Тэр нь энэ ангид арван эрэгтэй хүүхэд орсон явдал байжээ. Анагаахын дээд сургуулийн түүхэнд арван залуу нэг ангид орж байсан тохиолдол байхгүй гэнэ. Тухайн үед АУДС-д орох гэж байгаа хүүхдүүд шалгалт өгч тэнцвэл нэг жил аль нэг эмнэлэгт асрагчаар ажиллуулдаг байсан аж.

Эрүүл мэндийн салбар ийм хүнд хэцүү шүү гэдгийг оюутнуудад тухайн үед төр засгийн бодлогоор ойлгуулдаг байжээ. Эмнэлгийн шал угаахаас эхлээд өвчтөн асрах гээд хамгийн хүнд ажлыг нэг жил хийлгэдэг байсан аж.

Ингээд үнэхээр эмч болох хүсэл сонирхолтой нь үлдэж, дээд сургуульд ордог байжээ. Зүүнбаянгийн цэргийн ангид гурван жил алба хаасан А.Цэнджав бүрэг ичимхий нэгэн гэнэ. Өмнө нь үеийнхээ эмэгтэй хүнтэй огт харилцаж байгаагүй юм шиг л ааш авир гаргадаг байжээ. Ангийнхаа охидыг харахаараа шууд ичээд нүүр нь улайчихдаг. Охид нь “Чамайг хэн гэдэг вэ” гээд асуухаар ичээд зугтаачихдаг байсан гэнэ. Тэр хоёр жил ангийнхаа охидтай харилцаж чадахгүй, ичиж явсан гэсэн. Тэгсэн мөртлөө багш нартаа болон ангийнхандаа “томорно”. Биеийн тамирын ямар төрлөөр хичээллэж байна вэ гээд асуухаар “Би жүдо бөхөөр барилддаг” гэж худлаа ярьсан ч удаа байдаг гэнэ. Ингээд ангийнхандаа “Жүдо шар” гэх хочтой болжээ. Нэгдүгээр курст ороод удаагүй байхад нь урлагийн үзлэг болсон байна. Ангийн хөвгүүд нийлж байгаад цэргийн хувцас өмсөж жигдрээд “Сүхбаатарын морин цэрэг” гэх дууг дуулж тайзан дээр марш алхсан байна. Тэр өдөр тэд “од” болцгоожээ. Сургуулийн захирал Жамбаа босч ирэн баяр хүргээд “Манай сургуульд ойрын хэдэн жилд болж байгаагүй сайхан үзүүлбэр үзүүлж чадлаа” гээд шууд тэргүүн байрын шагнал өгч байжээ. Тэд урлагийн үзлэгт түрүүлж, баярын бичиг, 20 төгрөгөөр шагнуулсан байна. Тэдний нэг анги хамт олон болж байсан түүх ийм ажээ.

ӨТСӨН ЯМААНЫ МАХ БУЮУ 12 АЙЛЫН ЧУЛУУН ОРОН СУУЦ

Дорнод аймгийн Хэрлэн суманд очиж ангиараа чулуугаар орон сууц барихаар явсан гэнэ. “ЗИЛ 53” машины тэвшин дээр ачигдан дорнын их талыг зорьжээ. Оюутнууд хотоос ирсэн сургаар сумынхан ч хөл хөөр болон угтаж авчээ. “Чулууг чинь хэдхэн хоног өрөөд ажлаа дуусгана” гээд онгирч байсан нөхөд хулхи нь буусан гэнэ. Чулуугаар орон сууц барина гэдэг амар ажил биш байв. Өглөө 04:00 цагт ажил нь эхэлж, 10:00 цагийн үед их нар шарсан үед амардаг байна. Ингээд 16:00-22:00 цаг хүртэл чулуугаа өрж, цемент зуурдаг байжээ. Сумаас оюутнуудын хоол хүнсийг бэлдэж өгсөн байна. Ямааны гулууз мах өгч. Зуны халуунд мах нь өмхийрч, өт батганадаа баригдана гэдгийг хэн нь ч мэдэхгүй байсан аж. Гэтэл зооринд борцлоод тавьсан махнаас нь том том өт унаж, өмхийрсэн байжээ. Хөвгүүд нь өлсөж, тогооч охидоо “Махаа харж байхгүй яасан юм бэ. Өлсөөд байна” гэж уурлахад охид нь “Та нар л энд мах тавьсан биз дээ” гээд л багахан маргаан болсон байна. Ямааны мах нь өтөж, хоорондоо муудалцаж байсан талаараа тэд одоо ч дурсах дуртай гэсэн. Гуравдугаар курст орсон жилдээ намрын ургац хураахаар Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуй, Зүүнхараагийн төмсний талбай, Архангай аймгийн Хотонт сумын хадлан руу явсан байна. Тэд ингэж л сайн муугаа мэдэлцэж насан туршийн найз нөхөд болжээ.

ЗАДЛАН ХИЙЖ БАЙГААГ ХАРААД УХААН АЛДАЖ, ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НҮЦГЭН ЭМЭГТЭЙГ ХАРЖ САНДАРЧ БАЙСАН ОН ЖИЛҮҮД

Анагаахын сургуулийн оюутан байна гэдэг өндөр хариуцлага нэхнэ. Мөн хүний бүх эд эрхтэнг нарийвчлан судлах ёстой. Нас барсан хүн дээр задлан шинжилгээ хийж, эд эрхтэн нь хаана байрлаж байгаа, ямар хэлбэртэй байдаг зэргийг нарийвчилж үзэх ёстой. Ингэхийн тулд нас барсан хүний цогцсонд задлан хийж үзнэ. Анхны задлангийн хичээл дээр олон хүүхдийн дотор муухайрч, огиж байсан аж. Бүр хоёр ч охин газар дээрээ ухаан алдаж унаад сандаргаж байсан гэнэ. Цэрэнбалжир эхлээд хүний эд эрхтэн харж байснаа ухаан алдаад унасан аж. Түүний ард зогсож байсан Чинбаатар ухаан алдаж унахын наагуур юм болсон тухай тэд өнөө ч дурсан инээлддэг гэнэ. Мөн анатомийн хичээл орно. Хүний үе мөч, яс зэргийг нэгд нэггүй цээжилж тогтоох ёстой. Ингэхийн тулд хүний яс харж байгаад номтой харьцуулан судалдаг байна. Тэдний ангийнханд хамгийн эрэлттэй зүйл нь гавлын яс байсан гэнэ. Сургуулийнхаа лаборант ахыг “найрч” “Маргааш өглөө 08:00 цаг гозойход авсан бүх ясаа эргүүлж өгнө” гэж амлаж, цүнх дүүрэн хүний яс хийж аваад л гэрийн зүг алхдаг байжээ. Гэрийнхэндээ үхсэн хүний яс олж ирлээ гэж загнуулан, яс, ном хоёроо тэврээд нам унтчихсан шөнө олон гэнэ. Тэднийг оюутан байх үед анатом, гистологийн шалгалт гэж айхтар том даваа байсан гэнэ. Улсын шалгалт болохоор “Анатомийн шалгалтаа өгч байж авгай ав, гистологио төгсөж байж гэрлэ” гэсэн яриа анагаахын сургуулийн оюутнууд дунд гарчээ. Ангиараа хичээлээ давтаж, хичээлээ хийхгүй байгаа нэгнийгээ бүгд нийлж байгаад “Чи хичээлээ хийхгүй юм бол яах гэж анагаахад орсон юм бэ” гэж загнаж, хүний яс бариулаад суулгачихдаг “хэнээт” нь дэндсэн хүүхдүүдтэй нэг анги байсан хэмээн бүгд дурсан ярьж байна лээ.

Дөрөвдүгээр курст орсон жилээсээ эхлэн өөр, өөрийн сонирхож байгаа дугуйланд явдаг болсон байна. Мэс засал, зүрх судас, мэдрэл, эмэгтэйчүүд гээд хүүхэд бүр өөрсдийнхөө цаашид эзэмших нарийн мэргэжлийг дугуйлангаас олж мэдэх болсон байна. Сурлагаараа тэргүүлсэн н.Баатар гэх ангийнх нь хүүхэд хойд Солонгос руу ардын эмчилгээний ангид сурахаар явж байжээ.

Эх барихын дадлага хичээл орж, Б.Жав эмч Нэгдүгээр төрөх эмнэлэг дээр дадлага хийлгэжээ. Тэгсэн төрөхийн орон дээр хэвтэж байсан эмэгтэй өвдөлтөө тэсч чадахгүй нүв нүцгэн босч ирээд шалан дээр мөлхөж гарсан байна. Анх удаа эмэгтэй хүнийг нүцгэнээр нь харж байгаа хөвгүүд ичиж гүйлдээд хэцүүдсэн гэнэ. Монголын анагаах ухааны бурхад хэмээн нэрлэгдэх болсон мэс заслын Б.Гоош, дотрын Б.Рагчаа, мэс заслын В.Ичинхорлоо, Ч.Долгор, нүдний Р.Нямаа гээд сор эмч нараар хичээл заалгаж байсан азтай оюутнууд юм билээ. Нэг л мэдэхэд тэд зургаан намар, зургаан хаврыг хамтдаа үджээ.

1992 онд Монгол Улс зах зээлийн нийгэм рүү шилжээд удаагүй байсан үед тэд эмч болсон байдаг. Эрүүл мэндийн салбарын маш хүнд хэцүү он жилүүдэд тэд ажиллаж байсан эмч нар юм. Эрүүл мэндийн салбарт 24 жил ажиллаж, Монголын шилдэг эмч нарын нэг болцгоосон байна. Ангиас төрсөн хосууд А.Цэнджав, Мөнхцэцэг нар өнөр өтгөн сайхан амьдарч байгаа гэсэн. А.Цэнджав ЭНЭШТ-ийн мэс заслын эмчээр ажиллаж байгаа алтан гартнуудын нэг. Олон хүүхдэд мэс засал хийсэн буянтан. Харин эхнэр нь Нэгдүгээр төрөх эмнэлгийн орлогч захирлаар ажиллаж байна. Ангийн дарга Д.Чулуунбаатар Сайд нарын II эмнэлэгт чих, хамар, хоолойн эмчээр ажиллаж байгаа. Н.Чинбаатар мэргэжлээсээ хөндийрч Уул уурхайн яаманд хэлтсийн дарга, н.Баярмаа УКТЭ-т, н.Цэрэндэжид Дархан хотод эмчээрээ ажиллаж, н.Эрдэнэчимэг хувийн эмнэлэгтэй болжээ. Мөн н.Эксэндэр АНУ-д гэр бүлээрээ амьдарч, н.Оюунчимэг Ус сувгийн удирдах газарт ажиллаж, н.Давааням Польшид амьдарч байгаа гээд 30 гаруй хүүхэд тус тусдаа амьдралын мөр хөөж явна. Тэдний ангиас одоогоор зургаан хүүхэд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан гэнэ. Тэд удахгүй ангиараа уулзахаар товлосон гэсэн.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *