Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Галя Ганская”

Оросын нэрт зохиолч И.Бунины “Үзэсгэлэнт наран эмэгтэй” хэмээх түүвэр уншигчдын гар дээр очжээ. Түүнд “Галя Ганская” хэмээх өгүүллэг багтжээ. Уг бүтээлийн тухай өгүүлье.

Хаврын нэгэн сайхан өдөр. Парис хотын нэгэн кафед зураач, далайчин хоёр ярилцаж сууна. Парисын хавар үнэхээр сайхан, харин бүсгүйчүүд нь ер бусын үзэсгэлэнтэйг тэд биширнэ. Гэтэл нэг нь алтан гэгддэг үед Парис бүр сайхан байсныг дурсахдаа “Би залуу байсан болохоор тэгж хэлж байгаа юм биш” хэмээн тайлбарлав. Тэр үед Парист машин бараг байхгүй, амьдрал огт өөр байсан гэнэ. Зураач, далайчин хоёр ийнхүү ярьж суухдаа төрж өссөн Одесс хотынхоо хаврыг сангалзав. Одессын хавар Парисаас ч илүү гэдэгтэй тэд санал нийлнэ. Ийнхүү төрөлх нутгаа дурсан ярьж суусан зураач нэгэн бүсгүйг санав. “Галя Ганская хэмээх үзэсгэлэнтэй бүсгүй Одесст амьдарч байсныг санаж байна уу” хэмээн далайчин найзаасаа асуужээ. Түүн шиг үзэсгэлэнтэй эмэгтэйтэй амьдралдаа учирч байгаагүй, хамгийн сайхан дурсамж нь боловч аймшигтай нүгэл үйлдсэн нь санаанаас нь гардаггүй тухайгаа ярив.

Галя Ганская хэмээх бүсгүйг зураач маань хүүхэд байхаас нь мэддэг байжээ. Эх нь хаяад явсан тул эцэг нь хүүхдээ ганцаараа өсгөсөн. Галягийн аав нэлээд чинээлэг хүн байсан бөгөөд зураач болохыг мөрөөддөг байсан боловч авьяас дутсан. Таалагдсан зургуудаа худалдан авч сэтгэлээ тайтгаруулдаг, урлагт жигтэйхэн хайртай нэгэн. Галягийн аав Одессын зураачдыг гэртээ хүлээн авч уран бүтээлийн талаар сонирхолтой яриа өрнүүлж ирэх бүрт нь дайлна. Цаг хугацаа өнгөрч нэг мэдэхэд Галя сайхан бүсгүй болсон байв. Парист хоёр жил болохдоо Францын соёлд нэлээд автаж өөрийгөө хоёр дахь Монпассан хэмээн бодох болсон зураач нутагтаа эргэж ирээд удаагүй байсан үе. Одессын гудамжаар явж байгаад Либман кафены хажууханд санамсаргүй Галятай таарсан байна. Өвдгөө хүрсэн пальтотой, тансаг малгай духдуулж, лакан гутал өмсч, шүхэр барьсан бүсгүй танигдахын аргагүй болжээ. Уулзсандаа баярлаж Галяд шууд л гудамжнаас цэцэг худалдан авч өгч хамтдаа цайны газар оров. Өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн уран бүтээл туурвисан тухайгаа ярьж өөрийнх нь урланд очиж үзэхийг урихад бүсгүй ч зөвшөөрөв. Энэ удаагийн уулзалт нь ийнхүү өндөрлөсөн байна. Түүнээс хойш зураач маань Галя бүсгүйтэй бүтэн жил уулзаагүй гэнэ. Аавтай нь санамсаргүй таарахдаа охинтой нь эргэж уулзаагүйдээ ихэд ичжээ. Галя нь сайхан хүүхэн болсон тухайгаа эцэг нь бахархалтайгаар ярьж зураачийг гэртээ урьсан байна. Зураач залуу Галятай дахин уулзах хүсэлд автсан тул урилгыг нь хүлээн авчээ. Гэвч охин нь хөдөө явсан байв. Ингээд дахин уулзахаар тохиролцоод гарч явтал Галятай таарчээ. Бүсгүй улам ч үзэсгэлэнтэй болсон харагдана. Энэ өдрөөс хойш тэд бараг салаагүй гэнэ.

Нэг удаа Галя түүний урлан дээр ирэхдээ өөрийг нь Итали явах гэж байгаа тухай хүнээс сонссоноо ярьжээ. Өөрт нь хэлээгүйд гомдож байгаагаа ч хэлэв. Зураач залуу хэдхэн сараар явах гэж байснаа, хэлж хараахан амжаагүйгээ тайлбарлах гэсэн боловч бүсгүй сонсохыг хүссэнгүй. Уурандаа гэрээс нь гүйн гарчээ. Хойноос нь гүйцэж очих гэсэн боловч тайвширсных нь дараа, орой гэрт нь очоод бүгдийг тайлбарлая хэмээн бодсон гэнэ.

Энэ явдал болсноос таван цагийн дараа зураач найз нь гэрт нь ирээд “Ганскийн охин Галя Ганская амиа хорлочихож. Чи мэдсэн үү” хэмээн асуухад толгой дундуур нь цохиод авах мэт болсон гэдэг. Галягийн аав нь гэртээ янз бүрийн хор хадгалдаг байснаа ирсэн зочдодоо ихэд бахархалтайгаар үзүүлдэг байжээ. Түүнээс нь охин ууж амиа хорлосон аж.

Ю.Дэлгэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *