Categories
мэдээ нийгэм

АНУ-аас манай улсад 30 гаруй жийп буцалтгүй тусламжаар өгөв

Монгол, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагааны үргэлжлэл болж АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар энхийг дэмжих ажиллагааны зориулалттай 30 гаруй автомашин гардуулах ёслол боллоо.

Ёслолын ажиллагааг нээж Элчин сайд Женифер Зимдал Галт “Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй Ирак, Афганистан улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүргээ амжилттай гүйцэтгэж байсан. 2014 онд АНУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад ажлын айлчлал хийж, хоёр орны Батлан хамгаалах яам хооронд хэлэлцээр байгуулснаар энэ хамтын ажиллагаа улам бэхжиж, цар хүрээгээ тэлсээр байна. АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2015 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд долоон тэрбум төгрөгийн барилгын шинэчлэл, засварыг гүйцэтгүүлсэн бол энхийг дэмжих ажиллагааны зориулалттай 30 гаруй Вранглер жийпийг хүлээлгэн өгсөн. Энэ удаа дахин энхийг дэмжих ажиллагаанд зориулаттай автомашин гардуулж байгаадаа баяртай байна” гээд жийп автомашины түлхүүрийг ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалайд гардууллаа.

Ёслолын үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан “Монгол Улс, АНУ хоёрын хамтын ажиллагааны чухал суурийг батлан хамгаалах салбар эзэлдэгийг онцлох ёстой. Манай хоёр улсын нийтлэг эрх ашиг, ард түмнүүдийн найрсаг хамтын ажиллагаанд тулгуурлан 1991 оноос хойш хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг бэхжүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг сургах чиглэлээр өргөн хэмжээнд хөгжиж байгаа. Тусламжаар ирсэн автомашинуудыг энхийг дэмжих ажиллагаандаа зориулалтын дагуу хэрэглэж байгаа бөгөөд энхийг сахиулагч цэрэг эрчүүдийн маань ажилд тусалсан чин сэтгэлийн тусламж байлаа. 2016 он гарсаар хоёр улсын Батлан хамгаалах яам хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлж өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээнд 30 гаруй Ланд круйзер жийп автомашиныг хүлээлгэн өгч байгаад тань талархаж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *