Categories
мэдээ нийгэм

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын бүртгэл ирэх долоо хоногоос эхлэнэ

БСШУЯ, ЭМСЯ, Шинжлэх ухаан технологийн сангаас элэгний хавдартай, элэгний хатууралтай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэмжих төслийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төсөл нь 2016-2018 оны хооронд хэрэгжинэ. Төслийн хүрээнд элэгний хавдартай, хатууралтай 20 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал болон эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр болсон юм.

Тэгвэл үнэ төлбөргүй хийх мэс заслын бүртгэлийг ирэх долоо хоногоос хийхээр болжээ. Харин эхний хагалгааг 2016 оны арванхоёрдугаар сард хийх аж. Монгол улсад элэг шилжүүлэн суулгах хагалгааг одоогоор Нэгдүгээр төв эмнэлэг хийж байгаа. Гэхдээ хавдартай хүнд хийдэггүй, зөвхөн хатуурлын төгсгөлийн шатанд орсон хүмүүст хийдэг. Элэгний хатуурал нь хавдар үүсгэх хамгийн гол хүчин зүйл аж. Монгол улсад жилд ойролцоогоор 2000 гаруй хүн элэгний хавдраар өвчилж байна. Эдгээрийн 130-150 орчим хүн нь элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байдаг аж.

Энэ талаар ХСҮТ-ийн Элэг цөс, ходоод, нойр булчирхайн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн “Бид хэрхэн эдгээр 20 хүнийг сонгож авах талаар танилцуулъя. Энгийнээр тайлбарлаж хэлэхэд элэгний хатуурал дээр хавдар үүсдэг тул нэг дор хоёр өвчний тухай ярих шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл, нэг хүнд байгаа хоёр өвчнийг анагаах арга нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа юм. Тэгэхээр тухайн элэгний хатуурлын түвшин хэр зэрэг байгаа вэ гэдэг нь чухал. Элэгний хавдар нь хожуу үедээ байх ёсгүй, жижиг байх ёстой. Хатуурсан элгэн дээр үүссэн хавдар нь нэг ширхэг хавдар байвал 5 см-аас жижиг, олон ширхэг байвал 3 см-аас их биш, хамгийн том хэмжээ нь 3 см байх ёстой гэсэн шалгууртай. Элэгний үйл ажиллагаа их муудаад, амь насанд нь халтай болсон хүмүүсийг жагсаадаг. Хэн нь 1-3 сар дотор амь нас нь эрсдэх өндөр аюултай байна вэ гэдгийг тооцоолоод, тухайн жагсаалтын дагуу хүмүүсийг сонгож авдаг. Тухайлбал, бид өнөөдөр нэг хавдартай хүнд мэс засал хийнэ гээд сонгоод авчихдаг, гэтэл хавдар нь өдөр ирэх тусам ургаад л, томроод л байна. Ингэсээр хагалгаа хийхэд бэлэн болсон үе буюу 12 дугаар сард оройтсон, бидний хэмжээнээс хальчихсан байх юм. Иймд эдгээр хүмүүст би элэг шилжүүлэн суулгах шаардлагатай бол цаг алдалгүй гадаад улс оронд очиж эмчлүүлээрэй гэсэн саналыг өгч байгаа. Бид 12 дугаар сар болоход тухайн үед шалгуур хангасан, элэгний үйл ажиллагааны хямралтай, эрсдэлтэй байгаа хүмүүсийг сонгоно. Бүртгэлийг ирэх долоо хоногоос авна” гэж мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *