Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сүрьеэгүй Монголын төлөө нэгдэцгээе”

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхийн улс орнууд “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. ДЭМБ-аас жил бүр тодорхой уриатайгаар тэмдэглэдэг энэ өдрийг манай улс “Сүрьеэгүй Монголын төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэж байна. 2015 оны статистик мэдээгээр сүрьеэгийн нийт 4270 шинэ тохиолдол, түүний дотор халдвартай хэлбэрийн сүрьеэ 1814 бүртгэгдсэн байна. Шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөлийн 9 орчим хувийг хүүхдийн сүрьеэгийн өвчлөл, 67 хувийг 15-44 насныхан, 55.3%-ийг эрэгтэйчүүд, 44.7%-ийг эмэгтэйчүүд тус тус эзэлж буй бөгөөд эдгэрэлтийн түвшин 79.5 хувь, эмчилгээний амжилт 84.3% байна.

Түүнчлэн хүмүүсийн сүрьеэ өвчний талаарх мэдлэггүй байдал, эмээ тогтмол хугацаанд эмчийн зааврын дагуу уухгүй байх нь эмэнд дасалтай сүрьеэтэй болоход хүргэдэг байна. 2013 оноос ийм төрлийн сүрьеэг түргэн оношлох бололцоо бүрдсэн бөгөөд 2015 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 243 шинэ тохиолдлыг оношилж, үүнээс 207 тохиолдлыг эмчилгээнд хамруулжээ.

Өнөөдөр Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан зэрэг холбогдох байгууллагууд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өгсөн юм. Уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл манай улсад 2003 оноос хэрэгжиж эхэлсэн энэ оны зургадугаар сарыг дуустал зургаан удаагийн төслийг хэрэгжүүлж дуусгах юм.

СҮРЬЕЭ ӨЧНИЙ ТАЛААРХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

Сүрьеэ өвчний шинж тэмдэг Хүний биеийн эсэргүүцэл суларвал сүрьеэгийн нян үржин, сүрьеэгээр өвчилдөг байна.

Шинж тэмдэг:

  • Удаан хугацаагаар (2 долоо хоног ба түүнээс дээш) ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цусаар ханиалгах
  • Бие суларч ядрах
  • Жин буурах
  • Хоолонд дургүй болох
  • Халуурах
  • Шөнө хөлрөх

Мөн түүнчлэн сүрьеэгийн нян нь цусаар бусад эрхтнүүдэд тархан яс, булчирхай, тархи нугасны сүрьеэг үүсгэж болно. Энэ хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүмүүс нь бусад хүмүүст халдвар тараах аюулгүй байдаг байна.

Эмчилгээ:

Сүрьеэгийн эм ууж эхлэхэд өвчин үүсгэгч нянгууд устдаг ч “унтаа” нянгууд нь хэвээрээ үлддэг учир эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог аж. Сүрьеэгийн эмчилгээ нь эмчилгээний 2-3 сар, хоёр дахь шатны 4-6 сар үргэлжилдэг. Дэлхий нийтээрээ сүрьеэгийн эсрэг доорх 5 эмийг хэрэглэдэг байна.

Изониазид– Сүрьеэгийн нянг устгана.

Римфампицин– Дээрх эмтэй хамт хэрэглэвэл сүрьеэгийн нянг устгах үйлчилгээ нь хүчтэй болдог.

Стрептомицин– Уушгинд үүссэн нянг устгана.

Пиразинамид– Эрчимт эмчилгээний шатанд хэрэглэнэ.

Этамбутол– Сүрьеэгийн эсрэг эмүүдэд дасалтай болохоос урьдчилан сэргийлнэ.

Сүрьеэгээс сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, иргэний нийгэм, хувийн салбар болон хэвлэл мэдээллийн салбар хамтран ажилласнаар сүрьеэ өвчнөөс сэргийлэх ажил үр дүнд хүрч болохыг ДЭМБ-аас онцолж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *