Categories
мэдээ нийгэм

Улаан бурханы дэгдэлт хүн амын дархлаа суларсантай холбоотой гэв

Өнөөдөр Шадар сайд бөгөөд ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Тэрээр улаан бурхны тархалтыг хэрхэн зогсоох, эмчилгээг хэр үр дүнтэй байлгах талаар эмч, мэргэжилтнүүдтэй ярилцсан юм. Намжаад байсан Улаан бурхны дэгдэлт өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн дахин сэргэж, бага сартай буюу 0-8 сартай, 15-28 насны залуучууд энэ халдвараар өвдөх нь нэмэгдсэн. Иймээс улаан бурхан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вакциныг халдварын голомтод буй иргэд заавал хийлгэх шаардлагатайг Халдварт өвчлөл судлалын үндэсний төвөөс санууллаа.

Улсын хэмжээнд 70 мянган тун вакцин байна. Үүнээс 40 гаруй мянгыг нь орон нутагт буюу аймгуудад тараажээ. Халдварын голомт Улаанбаатар хотод их байгаа аж. Мөн хүн ихээр зорчдог Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудад өвчлөл их гарч байгаа гэнэ. Улаан бурхнаар өвдсөн хүний эргэн тойрны хүмүүст халдварын эсрэг вакцин хийж чадвал уг өвчлөлийн халдварыг устгах боломжтойг онцолж байв. Улаан бурхны халдвар дахин дэгдсэн нь хүн амын дархлаа суларсантай холбоотой гэж тайлбарлалаа. Иймээс дархлаа нь суларсан болон өмнө нь огт халдварын эсрэг вакцинд хамрагдаж байгаагүй иргэн бүр улаан бурхны эсрэг тариаг хийлгэх шаардлагатай байгаа аж. Он гарсаар бага насны зургаан хүүхэд улаан бурхны халдвараар өвдөж, өвчнөө дийлэлгүй таалал төгсчээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар нийт 323 өвчтөн Улаан бурхнаар өвдлөө гэж тусламж авахаар хандсан байна. Үүнээс 64 өвчтөн нь заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж эмч нар үзжээ. Үлдсэн 259 өвчтөн нь гэрээр эмчлүүлж байгаа гэнэ. Энэ он гарсаар улсын хэмжээнд нийт 11400 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, үүнээс 22 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *