Categories
мэдээ соёл-урлаг

“Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах уралдаан болно

Монголын урлагийн ажилтны холбоо, Төв аймгийн засаг даргын тамгын газартай хамтран “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдааныг зохион байгуулахаар болжээ. Уралдаан энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Төв аймаг болон Улаанбаатар хотноо гурван үе шаттайгаар явагдах юм байна. Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн санаачлагаар 1990 оноос хойш дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдах болсон уг уралдаан өдгөө долоо дахь удаагаа болох гэж буй юм. Уралдаанд орон нутгийн мэргэжлийн театр, чуулгуудын болон Оросын холбооны Буриад улсын театрын жүжигчид, дуучид төдийгүй мэргэжлийн их дээд сургуулиудын төгсөх дамжааны оюутнуудаас бүрдсэн 60 гаруй уран бүтээлчид бүртгүүлээд байгаа аж. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Зангад хурлын үеэр хэлэхдээ “Б.Дамдинсүрэн, П.Нацагдорж нарын “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаан нь уран бүтээлчдийн ур чадварыг ахиулах, жүжиглэн дуулах авъяасыг илрүүлэхэд чиглэсэн, залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын тэмцээн уралдаанд оролцох туршлагатай болгох зорилготой. Зохион байгуулагдсанаас хойш нийт 400 гаруй уран бүтээлч хамрагдаж, авъяас чадалтай олон дуучин, жүжигчид төрөн гарсан” гэв.

Э.ОТГОНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *