Categories
мэдээ соёл-урлаг

Д. Отгонбаяр: “Хурд” хамтлаг нэг өдөр хоёр тоглолт хийнэ

“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын найманд тоглолтоо хийх гэж байна. Энэ удаагийн тоглолт нь нэг өдөр хоёр удаа тоглохоороо онцлогтой гэнэ. Тодруулбал энэ сарын найманд 15:00 цагаас “Аса” циркт “Инээмсэглэ бүсгүйчүүд”, үдшийн 20:00 цагаас ”Ханиа дуулъя” тоглолт “Castle club”-т тус тус тоглогдох аж. Тус хамтлагын цоо шинэ “Нарлаг диваажин” цомог тоглолтын үеээр худалдаанд гарах юм байна.

“Хурд” хамтлагын гитарчин, ая зохиогч Д. Отгонбаяртай ярилцлаа.

-Энэ өдрийн мэндийг хүргэе. “Хурд” хамтлагын тоглолтыг хүсэн хүлээж байсан их олон хүмүүс байлаа?

-Манай хамтлагт тоглолт хийгээч гэсэн маш олон санал ирдэг. Бид аль болох зав цагаа тохируулаад жилдээ ганц удаа ч болтугай үзэгчидтэйгээ уулзахыг хүсдэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон тоглолтоо хийж байна. Энэ жилийн тоглолтын маань бэлтгэл ажил дуусаж, сонсогчидтойгоо уулзахад бэлэн болоод байна.

-Тоглолтод ямар ямар уран бүтээлүүд дуулагдах бол?

-Бидний үе үеийн шилдэг дуунууд болон шинэ цомогт багтсан дуунуудаас дууоагдах болно.

-Хамтлаг шинэхэн цомгоо өлгийдөн авчээ. Шинэ цомгийн талаар мэдэлэл өгөхгүй юу?

-“Хурд” хамтлаг дөнгөж өчигдөр шинэ цомгоо хүлээж авлаа. Шилдгийн шилдэг хорь гаруй бүтээлээс сонгогдсон нийт 18 дуутай “Нарлаг диваажин” цомог маань сонсогчдод хүрэхэд бэлэн боллоо. Өмнөх цомгууд шиг Монгол түмэнд минь хүрч, дуулах дуртай дуунуудынх нь тоог нэмэх байх гэж найдаж байна.

-Цомог хэзээнээс худалдаанд гарах вэ?

-Манай хамтлагийн цомог зөвхөн бидний тоглолтод худалдаалагдагаараа бусдаас онцлогтой. Энэ сарын 8-нд тоглолтод хүрэлцэн ирсэнээр цомгийг худалдан авах боломжтой. Ямар нэг CD shop, дэлгүүрүүдээр зарагдахгүй.

-Энэ удаагийн тоглолтод урилгаар ямар хамтлаг дуучид ирж ая дуугаа хүргэх бол?

-Урилгаар “Аадар” хамтлаг болон дуучин Т. Солонго нар хүрэлцэн ирнэ.

-Яагаад нэг өдөр хоёр удаа тоглолт хийх болов?

-Бид үзэгчдийнхээ байр суурьнаас хандаж үзсэн л дээ. Эрчүүд маань ээж, хань хоёроо зэрэг баярлуулах гэж хэцүү шүү дээ. Тийм болохоор өдөр нь ээжийгээ баярлуулчихаад орой нь хайрт ханиа баярлуулах боломжийг олгож байгаа юм. Оройны тоглолт маань ерөнхийдөө party маягын болно гэж ойлгож болно.

-“Хурд” хамтлагын ихэнх сонсогчид эмэгтэйчүүд байдаг. Тэгвэл тоглолтод хүрэлцэн ирсэн бүсгүйчүүддээ ямар гэнэтийн бэлэг барих гэж байна?

-Тийм. Ерөнхийдөө зууны далан хувь нь эмэгтэйчүүд байдаг шүү. Бидний хувьд энэхүү тоглолт маань өөрөө гэнэтийн бэлэг юм болов уу? Мөн манай хамтлагтай удаан хугацаанд хамтран ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгч байгууллага бий. “Халгай” брендийн хамт олон тоглолтод хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүддээ гарын бэлэг өгөх юм билээ.

-Сүүийн үед юу хийж, ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Уран бүтээлийн хувьд шинэхэн цомог дээрээ ажилласан. “Хурд” хамтлаг өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод байдаг байсан. Харин одоо Солонгос, Өвөрмонгол гэх мэт олон орнуудаар явж тоглолтоо хийж байна. Тийм учраас цаг зав тун тааруу байгааг сонсогчид минь ойлгоорой.

-Тоглолтын тасалбар хэзээнээс худлдаанд гарах вэ, хаанаас худалдан авах боломжтой вэ?

-15:00 цагын тасалбарыг “Аса” циркийн билетийн кассаар. Харин “Castle club”-д болох партины тасалбарыг тухайн өдрөө энэ клубээс ирж авах боломжтой. Мөн 99117476 дугаарт холбогдон гэртээ хүргүүлэн авч болно.

Э.Ариунзул

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *