Categories
мэдээ нийгэм

Малчдад туслах аян өнөөдрөөс эхэлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас малчин түмэндээ туслах “Нэг хүүхэд-нэг нэмнээ”, “Малчин оюутан” аяныг өнөөдрөөс эхлэн 14-21 хоногийн хугацаатай зохион байгуулана. Аяны хүрээнд бод, бог малын нэмнээг малчдад нийлүүлж, оюутнуудыг хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах боломжийг бүрдүүлэх аж.

“Нэг хүүхэд-нэг нэмнээ” аяныг ерөнхий боловсролын сургуулиуд зохион байгуулах бөгөөд 9-12 дугаар ангийн сурагчид технологийн хичээлээр өмсөхөө байсан хувцас, хэрэглэхээ болисон хөнжил, бүтээлэг, машины суудлын бүрээс гэх мэт материалаар малын нэмнээ оёх юм байна. Түүнчлэн сурагчид сайн дураараа эцэг, эхтэйгээ хамтран гэртээ нэмнээ оёж малчдад туслах ажлыг сургуулиуд зохион байгуулахаар болжээ. “Малчин оюутан” аяныг их, дээд сургуулиуд зохион байгуулж, хөдөө гэртээ очин, мал төллөлтөд туслах хүсэлт гаргасан оюутанд 7-14 хоногийн чөлөө олгож, хичээл нөхөх бололцоог бий болгох юм.

Малчдад туслах “Нэг хүүхэд-нэг нэмнээ”, “Малчин оюутан” аяныг зохион байгуулахад сайн дураараа, идэвх, зүтгэлтэй оролцож, дэмжин ажиллахыг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиуд, оюутан, сурагч, эцэг, эх, олон нийтэд БСШУЯ-наас уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *