Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд босго оноогоо тогтоожээ. Элсэн суралцахыг хүсэгчдийн сонгосон мэргэжлээс шалтгаалж 400-700 онооны хооронд хэлбэлздэг. Тэгвэл энэ жилийн хувьд их дээд сургуулийн босго оноо дараах байдлаар тогтоожээ. Гэхдээ мэргэжил, салбар сургуулиараа өөр тогтоогддог.
- Монгол улсын их сургууль – 560
- Монгол улсын багшийн их сургууль – 500-600
- Шинжлэх ухаан технологийн их сургууль – 440
- Хөдөө аж ахуйн их сургууль – 500
- Анагаахын шинжлэх ухааны их сургууль – 560
- Хүмүүнлэгийн ухааны их сургууль – 560
- Соёл урлагийн их сургууль – 400-420
- Санхүү эдийн засгийн дээд сургууль – 620 оноогоор тус тус босго оноогоо тогтоожээ.
Энэ жил 36 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ төгсөх тооцоотой байна. Ингээд элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ 40 мянган шалгуулагч өгөх тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл эхэлсэн. Энэ жилийн хувьд ЭЕШ хэд хэдэн онцлогтой зохион байгуулагдах юм байна.
Нэгдүгээрт, Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-ын өмнө, бүх шалгуулагчаас авна. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400-аар тогтоосон. 400 оноогоор батламжилсан батламжийг 2.5 жилээр олгох юм байна. хоёрдугаарт, ЭЕШ, Монгол хэлний шалгалтыг харандаагаар бөглөнө. Гуравдугаарт, нэр бүхий хэдэн хичээлд сонсох чадварыг шалгасан сорилт оруулах юм байна. Элсэгч шалгалтаа өгөхийн тулд Боловсролын үнэлгээний төвийн цахим бүртгэлд хамрагдаж, шалгалт өгөх эрхээ баталгаажуулсан байх ёстой. Харин цахим бүртгэлийг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn/reg цахим хуудсаар бүртгүүлнэ.