Categories
мэдээ цаг-үе

Ч.Батзаяа: Гэрэл зургаараа Монголоо сурталчлахыг зорьсон

Хэнтий аймгийн Батноров суманд болсон адууны баярын үеэр Ч.Батзаяагийн авсан шарга азарганы зураг Их Британийн төдийгүй барууны томоохон хэвлэлүүдэд нийтлэгдсэн юм. Сошиал ертөнцөд нэлээд шуугиан тарьсан энэ зургийн эзэн мэргэжлийн гэрэл зурагчин биш. Тэрээр арав гаруй жил аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа нэгэн. Зураг авах нь түүний хобби. Ингээд “Аян трэйвел” компанийн захирал Ч.Батзаяатай уулзаж баруунд шуугиан тарьсан зургийнх нь талаар ярилцсаныг сонирхуулъя.

-Хэдхэн хоногийн өмнө таны авсан шарга азарганы зураг Их Британийн томоохон хэвлэлүүдэд нийтлэгдэж нэлээд шуугиан тарилаа.

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Хэнтий аймгийн Батноров суманд адууны баяр болсон. Гэрэл зурагчдад зориулсан аялалд оролцож байхдаа авсан шарга азарганы зураг маань Их Британийн томоохон хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Хэнтий аймгийн Батноров суманд өнгөрсөн өвөл анх удаагаа адууны фестиваль зохион байгуулсан юм билээ. Батноров нь манай улсын хамгийн олон адуутай сумдын нэг. Адууны соёлыг харуулсан уг арга хэмжээг цаашдаа жил бүр хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Энэ жил Хэнтийд нэлээд хүйтэрсэн тул тийм ч өргөн дэлгэр болж чадаагүй ч уургалах, морин дээрээс юм шүүрэх зэргийг харуулсан. Би энэ үеэр авсан зургуудаа Их Британийн хэвлэлийн агентлаг руу явуулсан юм. Шарга азарганы зургийг сонгон авч хэвлэлд нийтэлсэн байсан. Их Британийн “Telegraph” гэж сонин байдаг. Түүний өдрийн онцлох зургаар сонгогдсон. Дэлхийн 19 орны зургуудаас шилж авдаг юм билээ. Миний авсан зургийг интернэтэд тавигдсаны маргааш нь буюу шинийн гурванд Английн “Telegraph” ,“The Sun”, “Guard­ian”, “Daily News” гээд бүх том сонинууд нийтэлсэн.

-Зураг дээрх шарга азаргыг Английн поп од Элли Голдингтэй адилхан хэмээн Их Британийн сонинд бичсэн байсан?

-Тийм ээ. Поп од Элли Голдингтэй зүйрлэсэн нь онлайнаар бүр ч их шуугиан тарьсан. Инстаграм, твиттер, фэйсбүүкээр маш олон хүн шэйрлэсэн байна лээ. Шарга азарга алдартай дуучинтай адилхан байх нь чухал биш л дээ. Хамгийн гол нь Монгол, манай уламжлалт ёс заншил зэрэг нь дэлхий нийтийн хүртээл болсон явдал. Тэр өдөр Англиас Монголын вэб сайтуудад хандах хандлагын тоо эрс нэмэгдсэн гэж би бодож байгаа.

-Нэрт дуучин Элли Голдингэд энэ зүйрлэл таалагдсан болов уу. Түүний PR-ыг хийдэг баг нь үүнд ач холбогдол өгч, сурталчилсан байж магадгүй шүү дээ?

-Тийм байх аа. Тэрээр үүнийг хүлээн зөвшөөрөөд шэйрлэсэн нь бүр их олон хүнд хүрсэн байна лээ.

-Шарга азарга хэн гэдэг малчных вэ?

-Би өөрөө ч анхандаа хэнийх гэдгийг нь мэдээгүй. Сүүлд зохион байгуулагчдаас нь асуухад Хэнтий аймгийн Батноров сумын дөрөвдүгээр багийн мянгат малчин О.Төмөрбаатарынх гэсэн.

-Өмнө нь өөрийн тань авсан хэд хэдэн зураг барууны хэвлэлүүдэд гарсан гэж сонссон?

-Тийм ээ, зургууд маань барууны төдийгүй олон орны хэвлэл болон сайтуудад тавигдсан. Анх бүргэдийн баяраар авсан зураг маань дэлхий нийтийн хүртээл болсон түүхтэй. Үүний дараа өвөл монголчууд адуугаа хэрхэн малладаг мөн монголын намар гээд хэдэн хэдэн зураг хэвлэлүүдэд нийтлэгдсэн.

-Та мэргэжлийн гэрэл зурагчин биш. Яаж яваад зураг сонирхох болов?

-Ер нь би аялал жуулчлалын салбарт ажилладаг. Энэ салбарын хүн гэрэл зураг сонирхох шалтаг, шалтгаан хангалттай олон бий. Нэгдүгээрт, аялал жуулчлалын компаниа сурталчилж вэб сайт, танилцуулга хийхэд Монголын тухай зураг их хэрэгтэй болдог. Эхэндээ би найзуудаасаа, ирсэн жуулчдаас зураг гуйж авдаг байлаа. Тэдгээр нь чанар, агуулгын хувьд сэтгэлд хүрдэггүй байсан гэх үү дээ. Яалт ч үгүй өөрөө зураг авах шаардлагатай болсон. Хоёрдугаарт, би арван жилийн өмнө баруун Африкийн Сахарын цөлөөр аялсан. Үзэж харсан сонин зүйлсээ гэрийнхэндээ харуулахын тулд тухайн үедээ нэлээд дэвшилтэт, нягтрал сайтай, жижигхэн камер авч байлаа. Тэгээд Францад очихдоо авсан зургуудаа найзууддаа үзүүлэхэд мэдрэмж сайтай байна хэмээн ихэд урам хайрлаж билээ. Франц найзууд маань намайг хурцалж өгсөн гэх үү дээ. Түүнд нь маш их баярлаж зураг авбал зүгээр юм байна гэсэн бодол төрсөн. Аяллын зураг гэдэг өдөр тутмынхаас өөр л дөө. Ингэж л бага багаар зураг авч эхэлснээс хойш түүнийгээ онлайнаар бусдад үзүүлж санал сэтгэгдлээ хуваалцдаг болсон. Ажлын шаардлагаар хийж байсан зүйл маань яваандаа хобби болж өнөөдөр нэлээд идэвхтэй зураг авдаг болчихоод байгаа. Гэрэл зурагт дурласан хүн ч гэж хэлж болно. Үүгээрээ дамжуулан мэргэжлийн олон гэрэл зурагчинтай найз болсон.

-Английн хэвлэлийн агентлагтай хамтран ажилладаг гэсэн. Энэ талаараа манай уншигчдад ярьж өгвөл сонин байх болов уу?

-Авсан зургуудаа фэйсбүүк, твиттерт тавьчихдаг байсан. Уржнан жил хүртэл шүү дээ. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн гэрэл зурагчдын вэб сайтуудад ганц нэг зураг байрлуулсан. Түүнийхээ талаар мэргэжлийн хүмүүстэй сэтгэгдлээ хуваалцаж, өнгөрсөн жил фото нийтлэл буюу нэг сэдвийн хүрээнд нэлээд хэдэн зураг болгож гадаадын сайтуудад байршуулсан. 2015 онд болсон бүргэдийн баярын үеэр авсан зургийг сайтад тавьсныг Английн нэг мэдээллийн агентлаг олж үзээд надтай хамтран ажиллах гэрээ байгуулах санал дэвшүүлсэн юм. Энэ нь өнөөдөр яригдаад буй азарганы зураг олон түмэнд хүрч, барууны төдийгүй дэлхийн томоохон хэвлэлүүдэд нийтлэгдэх эхлэл нь болсон.

-Зургийн тайлбараа та өөрөө хийдэг үү?

-Миний зураг, миний тайлбартайгаар гарвал барууныханд хүрэхгүй л дээ. Би бол ерөнхий мессэжийг өгнө. Миний хэлэх гээд байгаа гол санаа энэ, Монголыг ингэж гаргахыг хүсч байна гэдгээ бичнэ. Тэд заримдаа бараг бүгдийг нь өөрчилнө, заримдаа санааг маань оруулна. Миний хамгийн гол зорилго бол Их Британид төдийгүй дэлхийд Монголоо сурталчлах явдал. Би өөрөө аялал жуулчлалын салбарт ажилладаг хүн болохоор маш их хөрөнгөөр хийдэг ажлыг өөрийнхөө боломжийг ашиглан амжуулж байгаа. Сэтгэл зүрхээрээ л эх орноо сурталчлах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байна.

-Шарга азарганы зураг дээр та ямар тайлбар бичиж өгсөн бэ?

-Чингис хаан яг л энэ морийг унаж дэлхийн талыг эзэлсэн юм шүү. Тэр соёл одоо ч хүртэл байгаа гэсэн. Чингис хаанаа ч магтаад, эх орноо ч гоё сайхнаар гаргахыг хичээсэн. Үүнийг сонин дээр гарсан зургийн тайлбар дээр ч бичсэн байгаа.

-Нэг хэсэг баруунд нэлээд шуугиан тарьсан казах бүргэдчин охины зургийг ч та авсан гэл үү?

-Тийм ээ, хоёр жилийн өмнө анх бүргэдчин охины зургийг авсан.

-Та гадныхантай нэлээд олон жил хамтран ажиллаж. Монголын ямар зураг тэдний сонирхлыг хамгийн их татдаг вэ?

-Би жуулчидтай нэлээд явсан. Сүүлийн арваад жилд энэ талаар нэлээд туршлага хуримтлуулсан. Миний мэдэрдэг зүйл гэвэл бид өөр соёлтой, өөр ахуйд амьдардаг тул тэдний сонирхлыг татдаг. Монгол ахуй, монгол соёл, монгол хүн тэдний хувьд их сонин. Зүгээр хажуугаар нь өнгөрөхгүй заавал эргэж харна.

Ерөөсөө Монголын байгаль. Манай нүүдлийн соёл, уламжлал, байгаль нь цогцоороо ямар ч гадны хүний анхаарлыг татдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *