Categories
мэдээ цаг-үе

Япончуудад итгэлийн гал авчирлаа Котошёогикү

Сумо Японы үндэсний бөх мөн үү, үгүй юу гэж өөрийн эрхгүй эргэлзмээр байдалтай болж ирсэн нь нууц биш. Ялангуяа Монголоос 25 бөх барилдаж, дээд цолтон болсон ёкозуна нь гурвуулаа монгол төдийгүй орос, унгар, болгар, египет гээд гадаадын олон цолтой бөх ар араасаа төрөн гарснаар япон бөхчүүдийн хувьд сумо гэдэг оройд гарахад бэрхтэй оргил болсон гэхэд хилсдэхгүй. Ямар сайндаа сумогийн нэгэн алдартай тайлбарлагч “Япон сумогийн хувьд өнөөдөр тас харанхуй хонгилын дундуур явж байна. Хэн гээч аавын хүү, хэзээ нэг итгэлийн дэнлүү барин гийгүүлэх бол” гэж шогширч байсан нь саяхан. 2005 онд озэки Точиазума түрүү авснаас хойш нэг ч япон бөх ёкозуна байтугай эзэн хааны цомыг тэврэх хувь дутсан бүхэл бүтэн арван жилийг “Садогатаке” дэвжээний озэки, 32 настай Котошёогикү зогсоолоо. Энэ л агшныг Японы ард түмэн хүсэн хүлээж олон жилийг үдсэн юм. Энэ оны анхны буюу нэгдүгээр сарын башёд манай гурван аваргыг дараалуулан унагаж, сүүлийн өдөр озэки Гоэдог давснаар 14 даваа, нэг унаатайгаар түрүүлж, сумогийн ордон дахь арван мянга гаруй бишрэн шүтэгч, үзэгч олны өмнө сүүлийн барилдаанд давсан агшнаа гайхсан шинжтэйгээр “Давах нөхцөл нь л ийнхүү таарсан байх, түрүүлсэндээ хязгааргүй их баяртай байна” хэмээн догдлонгуй ярьж зогсоно гэдэг япончуудын хувьд сайхан үйл явдал байлаа.

Тэрээр 1984 оны нэгдүгээр сарын 30-нд Фүкүока мужийн Янагава хотод гурван хүүтэй барилгын компанийн захирлынд отгон хүү нь болон төржээ. Өвөг эцэг нь жүдод их дуртай байсан бөгөөд гэрийнхээ гадна дэвжээ засч, ач хүүгээ бага сургуулийн гуравдугаар ангиас нь барилдуулж, өдөрт хоёр цагаас доошгүй кэйко хийлгэж, ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд зуун метрийн зайнд нэг цагийн турш 40 удаа дугуй чирүүлдэг байжээ. Хүү өдөрт нэг литр сүү ууж, сургуульдаа хатаасан загас авч явж явж иддэг. Нэг үгээр хэлбэл сумоч болох нарийн дэг жаяг, сургуулилтыг багаасаа эзэмшиж эхэлсэн байдаг. Тухайн үед нутагт нь болж байсан жүнгёо буюу тойргийн барилдааны үеэр их аварга ёкозуна Таканохана өвөр дээрээ спортод дуртай бяцхан хүүг суулган авахуулсан дурсгалын зураг түүнийг эргэлт буцалтгүй сумогийн ертөнцөд оруулахад нөлөөлсөн түүхтэй. Котошёогикү их аварга Асашёорюүгийн суралцсан Коичи мужын Мэйтокүгижюкү дунд сургуульд сумогийн сонгонд суралцан, дунд сургуулийн сумогийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, ахлах сургуулиа дүүргээд багаасаа танилцаж байсан Садогатаке багшдаа шавь орон, дэвжээнд нь элсчээ.

Тэр 2002 оны нэгдүгээр сарын башёд Котокикүцүги нэрээр анх барилдаж, 2004 онд жүрёод дэвшихэд багш нь түмний хүндэтгэл хүлээсэн бөх болоосой хэмээн бэлгэдэж Котошёгикү хэмээх нэрийг хайрласан аж. Мань эрийн хувьд архи огт ууж чаддаггүй бөгөөд нэг аяга шар айраг уув уу, үгүй юу хөл дээрээ тогтож чадамгүй гуйваад эхэлдэг, тэр ч байтугай сакэ архи хундагалдаг халбагыг усанд дүрээд өгөхөд согтдог учир согтууруулах ундааны оронд аожирү буюу ногоо, буурцагны ундаа өдөр болгон уудаг гэж байгаа. Нэг ёсондоо архины харшилтай гэсэн үг л дээ. Түүх өгүүлэхэд тэрээр 2005 оны нэгдүгээр сарын башёд макүүчи зиндаанд дэвшин орж, нэгэн үед озэки болон ёкозуна Асашёорюү, Хакухо зэрэг хүчтэнүүдийг давж, уран барилдааны шагналыг дөрвөн удаа, онцгой барилдааны шагналыг гурвантаа хүртэж байсан шаггүй барилдаанч эр билээ. Түүний озэки болох зам тийм ч дардан байсангүй. Үе үе ширүүхэн тулааны улмаас хүнд бэртэл авсан нь олонтаа. Түүнийг 2011 оны долдугаар сарын башёд озэки болно хэмээн олон түмэн их итгэл хүлээлгэн харж байв. Гэвч 11 даваа дөрвөн унаатайгаар өндөрлөж цол ахих нь үлгэрийн далай болов.

Башё дууссаны дараа өглөө босохоос ч дургүй нь хүрч, сэтгэлээр унаж байсан үед телевизийн нэвтрүүлэгт орох болж, бэлтгэл, хоолны үед ер нь хаа явж байгаа газар болгон нь дагаж, зураг авах ёстой болов. Дурангийн өмнө дуртай, дургүй ч кейко хийх ёстой. Нэгэнт л иймээс хойш хамаг хүчээ дайчлаад бэлтгэлээ хийе гэж зүрхээ чангалан орсон гэдэг. Үүнээс ч болсон уу намрын башёд сэтгэл, санааны өндөр бэлтгэлтэй барилджээ. Хакухо аваргыг хоёр башё дараалан унагаж, унаа тэнцүү болсон учир сүүлийн өдрийн барилдаанд үзүүр түрүүнд үлдэж дахин барилдаж 12 даваа гурван унаагаар башёг дуусгаж байсан. Ийнхүү озэки Котомицүкигээс хойш дөрвөн жилийн дараа япон озэки мэндэлсэн байдаг. Цол ахиснаас хойш барилдахаасаа өмнө дэвжээн дээр биеэ гэдрэг хойш хотойлгон, гүнзгий амьсгаа авч үзүүлбэр үзүүлдгийг үзэгч олон уухайлан дэмждэг болсон юм. Гэвч зүүн өвдөгний шөрмөс болон цээжнийх нь булчин тасарч байн байн дахин сэдэрч, өвдөж, хөндүүрлэн зовоож байжээ.

Ялангуяа хоёр өвдөг нь маш их гэмтэж, үзүүр түрүү булаалдах нь байтугай барилдахад ч бэрхшээлтэй байдаг болов. Тавин хувиа л чүүтэй айтай хийнэ. Таван ч удаа булангийн озэки болж байсан. Сумогоо больдог ч юм бил үү гэж бодож байсан үедээ одоогийн хүч тамирын дасгалжуулагч Шиода Мүнэхиротой танилцсан нь түүний хувь заяаг өөрчилжээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас энэ дасгалжуулагчийн удирдлага дор таван өдөрт нэг удаа маш энгийн гэж хэлж болохоор булчин чангаруулах дасгал сургуулилт хийж эхэлжээ. Дэвжээнийхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд хүнд төмөр хийсэн хаймран дугуйг овон товон чулуун зам дээр 30 метр түлхэж явах, хүнд жинтэй туухайг ээлжлэн өргөж түлхэж гүйх, шидэх, татах зэрэг сумогийн үндсэн техник, хөдөлгөөнийг дахин заалгаж, засч, сайжруулсаар байж. Биеийн хүч чадал нь улам сайжирч, барилдаандаа үр дүнтэйгээр ашиглах болжээ. Ояагата болох багш нь бэртлийг дэвжээн дээрээ эдгээ гэдэг захиасыг мөрдөн өдөр тутмын уламжлалт кейког ягштал хийлгэдэг байв. Түүний амжилт гаргахад томоохон нөлөө үзүүлсэн хүн гэвэл яах аргагүй гэргий нь аж. Тэр өнгөрсөн онд сэтгэлт бүсгүйдээ зурагтай ном гараараа урлаж, завсар нь очир алмазан бөгж хийгээд гэрлэх санал тавьсан байна. Саяхан төрсөн өдрөөрөө хуримаа хийж, залуу хосуудын хувьд давхар давхар баяр болов.

Арвантаван өдөр хүчтэй, арга мэхтэй өрсөлдөгч нартай барилдаж, харамсал цөхрөл, баяр гуниг ээлжлэн өнгөрөх өдөр бүрт сэтгэлийн хүч, тэнхээн тэнцвэрийг олж чадахгүй байсаар үргэлжлэн хожигдсоор башёг дуусгах явдал ч түүнд байдаг байв. Харин гэр бүлтэй болсноор гэргий Юми нь түүнд өдөр болгон гарын шим тэжээлтэй хоол унд хийж, түүний дуртай анхилуун үнэрийн заслаар тайвшруулж, сэтгэлийг нь сэргээж, стрессийг нь тайлж өгдөг байж. Тиймээс ч саяхан болж өнгөрсөн дэвжээнийхээ хүлээн авалтан дээр “Намайг хамгийн их дэмжиж, урам зориг өгсөн хүн гэргий минь билээ. Миний хүч чадлын ундарга чи минь шүү. Арвантаван өдрийн турш надтай хамт байж, дэмжсэнд маш их баярлалаа” гэж хуран цугласан олны өмнө бахархалтайгаар хэлж байсан. Ирэх гуравдугаар сарын башё түүний хувьд гурван их аварга, япончуудын их итгэл найдвар болоод буй Кисеносато мөн Терунофүжи озэкигоос эхлээд хүчтэй өрсөлдөгч нэлээдгүй байгаа ч ёкозуна болох хувь заяа шийдэгдэх бөгөөд болзол хангавал их аварга Ваканоханагаас хойших 18 жилийн дараахь япон ёкозуна төрөх эсэх нь олны анхаарлын төвд байсаар байна.

Японд суугаа манай тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *