-ГЭРЭЭГ 4.5 САЯ АМ.ДОЛЛАРААР БАЙГУУЛАХААР ТОГТСОН Ч САНХҮҮЖИЛТ ОЛГОХДОО 6.1 САЯ АМ.ДОЛЛАР ШИЛЖҮҮЛЖЭЭ-
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа нарт холбогдох хэргийг АТГ, ЭЦГ-аас хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Мөн энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд шалгагдах болсон юм. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нар. Шинэ он гармагц тэднийг сэжигтнээр татаж шалгах болсон талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болсон. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга “iToim.mn” сайтад энэ тухай тайлбар өгөхдөө “А.Гансүх бид хоёрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа зүйл байхгүй” хэмээсэн юм. Тэгвэл Х.Баттулга гишүүн “Шинэ төмөр зам” төслийн талаар АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэнд очиж тайлбар мэдүүлэг өгчээ.
Тэднийг тендергүй сонгон шалгаруулалт хийж, мөнгө угаах боломжийг нээн өгсөн гэж үзэж буй
Дээрх хоёр албан тушаалтнаас мэдүүлэг авах болсон шалтгаан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж буй юм байна. Тухайлбал, Зүүн чиглэлийн төмөр замын 100 км замын хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн. Үүнийг хэн хариуцсан, хөрс хуулалтын ажлыг эхлүүлэх шуурхай хуралдааныг хэн мэдэж хийж, үүрэг өгөв. Тендергүйгээр компанийг шалгаруулж, Чингис бондын мөнгөнөөс 5.8 сая ам.долларыг олгох эрхийг хэн өгөв. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор босгох ажилд төсвөөс 24 тэрбум төгрөг өгсний 22 тэрбумыг нь судалгааны ажил гэх нэрийн дор шамшигдуулсан зэрэг нь албан тушаалтнуудтай холбоотой хэрэг болж байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл төрийн томоохон төслийг эхлүүлэх явцад өөрсдийн танил тал, багийн хүмүүсээ албан тушаалд томилж, тэднээр дамжуулж төрөөс их хэмжээний мөнгө шамшигдуулж улсыг хохироосон гэх үндэслэл гарч иржээ. Мөн Б.Батзаяа болон “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нар буруугаа хүлээж мэдүүлэгт гарын үсэг зурсан байна. Тэд дээрх ажлуудыг хийхдээ дээрх албан тушаалтнуудын заавар, зөвлөмжийн дагуу хийсэн гэж хэлсэн аж. Энэ нь дээрх албан тушаалтнуудыг хэрэгт татан шалгах нөхцөл бүрдсэн байна. Мөн хоригдож буй хүмүүсийн ярьж байгаачлан Б.Батзаяа нарт үүрэг өгсөн байж болох баримт ч олдсон гэх мэдээлэл байна. Энэ мэтээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нарт хамаарах, тэднийг холбогдуулан шалгах үндэслэлүүд гарчээ.
Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нарын өгсөн чиглэлийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа 2013 оны тавдугаар сарын 6-нд “Самсунг СТ” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан тендергүй сонгон шалгаруулалт хийж, мөнгө угаах боломжийг нээн өгсөн гэж үзэж буй талаар эх сурвалж хэлэв. Цагдаагийнхан чухам энэ баримтуудыг эх сурвалжаа болгон хөөн сурвалжилсны эцэст нотлох баримтуудыг цуглуулаад байгаа гэнэ.
Буруутгах гол үндэслэл нь 91 дүгээр хамтарсан тушаал аж
Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотой гол анхаарал татсан зүйл нь 91 дүгээр тушаал юм байна. Тодруулбал, 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарч “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай тогтоол гарч А.Гансүх нар гарын үсэг зурснаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын концессын гэрээг цуцалсан юм. Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Шинэ Төмөр зам төслийн ажлыг эрчимжүүлэх” Зам тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын хамтарсан 91 дүгээр тушаал гарч эрх байгуулах чиглэл өгсөн байдаг аж. Тухайн үед ТӨХ Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг байсан бөгөөд сайдаар Х.Баттулга ажиллаж байжээ. Х.Баттулга, А.Гансүх хоёрыг шалгаж буй үндсэн баримт бол энэхүү 91 дүгээр хамтарсан тушаал гэнэ. Төмөр замын ажлыг тооцоо судалгаагүй эхлүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг зүйлчлэлээр шалгаж буй тул түүнийг нотлох бичиг баримт нь энэхүү тушаал болсон байна. Зам тээврийн сайд А.Гансүх 2013 онд Авлигатай тэмцэх газраар сайн дураараа шалгуулах үеэр Засгийн газрын 121 дүгээр тогтоолыг шалгуулсан байдаг. Харин хамтарсан 91 дүгээр тушаал нь шалгагдаж байгаагүй аж. Иймд АТГ-ынхныг нөлөөлж болзошгүй хэмээн энэ хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагчийг цагдаагийн байгууллага өөрсдийн хүнээр ахлуулсан гэх мэдээлэл байна.
Энэ хэргийг шалгах явцад залилангийн шинжтэй зүйл илэрчээ
“Energy Resourse” ХХК-ийн 2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулахаар тохиролцсон албан захидлыг үндэслэн гэрээ байгуулагдсан гэж танилцуулан Засгийн газраас тогтоол гаргуулан, “Самсунг СТ” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь хууль зөрчжээ. “letter of acceptance” буюу хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн албан захидлыг гэрээ байгуулагдсан хэмээн төсвөөс болон, Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан явдал цэвэр залилан гэж тооцогдож буй бололтой. 2013 оны тавдугаар сарын 1-нд Монголын төмөр зам ТӨХК хуулийн зөвлөх үйлчилгээний гэрээг нэр бүхий хоёр компанийн түншлэлтэй байгуулсан байдаг. Гэрээг 4.5 сая ам.доллараар байгуулахаар тогтсон ч санхүүжилт олгохдоо 6.1 сая ам.доллар шилжүүлсэн байдаг. Энэ нь “МТЗ” ТӨХК-ийн гэрээ, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын Хөгжлийн банкинд явуулсан албан бичгээс харагдаж буй гэнэ. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид гэрээний үнийн дүнг хэн хэзээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тушаалыг олоогүй байгаа гэнэ. Энэ нь улсыг хохироосон ноцтой жишээний нэг гэж үзэх үндэслэл болжээ.
Х.Баттулга “Шинэ төмөр зам” төсөлд ямар компани туслан гүйцэтгэгчээр авсныг би мэдэхгүй” гэсэн бололтой
УИХ-ын гишүүн Х.Баттулга тайлбар мэдүүлэг өгөхдөө “Би тухайн үед энэ салбарын сайд байсан. Иймд сайдын хувьд төрийн бодлого, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж, төмөр замын төслийг үр дүнд хүргэх бодлого барьж ажилласан. Ингэхдээ өдөр тутмын ажилд нарийн оролцоогүй. Ямар албан тушаалтан хэнтэй, ямар компанитай гэрээ байгуулсныг мэдэхгүй. Ямар компанийг гүйцэтгэгчээр ажиллуулж байгааг нь би мэддэггүй. Хариуцаж байсан албан тушаалтнууд нь мэдэх байх” хэмээн тайлбарласан сурагтай. Энэ тайлбарынх нь талаар зарим хэвлэлүүд өчигдөр дурджээ. Эрүүгийн хуулиар бол сэжигтнийг 60 хоног хүртэл байцаадаг юм байна. Мөрдөн байцаалтын явцад ямар нэгэн үндэслэл, нотлох баримт тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэсэн хугацааг харгалзахгүй яллагдагчаар татдаг аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгах эсэхээ прокурор мөрдөн байцаагчийн үндэслэлд тулгуурлан гаргах юм байна. Хэрэв тэднийг яллагдагчаар татаж шалгах болбол Х.Баттулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх юм. Энэ талаар Авлигатай тэмцэх газрынхан ойрмогхон хэвлэлийн бага хурал хийнэ гэж мэдээлэв.