Categories
мэдээ нийгэм

Дара эх, Лхам бурхдаар үзэсгэлэн гаргана

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгийн нээлт болно. Энэхүү үзэсгэлэнг Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан сар шинийн өмнө дэлгэж буйгаараа онцлог юм. “Арван хангал” бурхадын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн болох тус үзэсгэлэнд Балданлхам, Бүжинлхам, Гүнжинлхам, Янжинлхам ба Цагаан дара эх бурхдаас бүрдсэн нийт 300 орчим бүтээлийг дэглэж үзүүлэх гэнэ. Үзэсгэлэнд дэглэгдэж буй бүтээлүүдийн 96 орчим хувь нь музейн сан хөмрөгөөс анх удаа олон нийтэд хүрч байгаа төдийгүй зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, модон барын дардас, сийлбэр зэрэг бурхан урлалын бүхий л төрлөөр бүтээгдсэн бүтээлүүдийг багтааж байгаа юм.

Бурханы шашинт ард түмэн, түүний дотор Монголчууд “Лхам” бурханыг ихэд эрхэмлэн шүтэж ирсэн байдаг. Түүний нэгэн зүйл хэмээвээс Монголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл бүхэнд залран ирдэг хэмээн билэгшээн ундаасч ядарсан луусыг нь услаж байгаа утгаар гэрийнхээ тотгон дээрээ гурван ширхэг мөс тавьдаг заншил өдгөө бидэнд уламжлагдан хадгалагдсаар иржээ. Тус үзэсгэлэнд Монголчуудын төр ёсны их баяр цагаан сарын өмнө толилуулж буй нь билэгшээл ерөөлийг эрхэмлэн зон олон Монголчууддаа ирж буй бичин жилдээ өсөн дэвжихийн билэгшээлийг давхар агуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *