Categories
мэдээ цаг-үе

​С.Пүрэв: Гааль, татвар нэгдсэн мэдээлэлтэй, амь нэгтэй байгууллага болж байна

Сангийн дэд сайд С.Пүрэв Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Түүнтэй ярилцлаа.

Гаалийн байгууллагыг мөнгө хураах гэдэг талаас нь харж татварын байгууллагатай нэгтгэсэн нь бодлогын алдаа гэж шүүмжилж байна. Чухам яагаад энэ хоёр байгууллагыг нэгтгэв гэдгээс яриагаа эхэлье?

-Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар бол олон жилийн түүхтэй байгууллагууд. Яагаад энэ хоёрыг нэгтгэсэн бэ гэдгийг олон талаас нь авч үзэх хэрэгтэй л дээ.

Өнөөдөр бид эдийн засгийн томоохон, реформын чанартай өөрчлөлтүүдийг хийж байна. Улс орныхоо эдийн засгийг эрүүлжүүлэх, цэвэр тунгалаг байлгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд бүртгэл хяналтын систем маань жигд, үүнд тохирсон боловсронгуй байх ёстой. Төр засгаас Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг бүртгэж авъя, хяналттай байя гэсэн утгаар НӨАТ-ын тухай хуульд шинэчлэлт хийсэн.

Татварын байгууллага нь хөөгөөд л, аж ахуйн нэгж нь цаашаагаа нууж хаагаад л ийм нэг чөтгөрийн тойрог шиг юмаар олон жил явлаа шүү дээ. Ингэж болохгүй юм байна гэж үзээд, олон улсын туршлага, тэдний хийж байгаа зүйлсийг судлаад иргэдийг оролцуулах нь зүйтэй гэж үзсэн. Иргэдтэйгээ хамтраад бүртгэл тооцоогоо сайжруулъя гэсэн чиглэл гарч энэ утгаар хуульд өөрчлөлт орсон.

Иргэд маань өнөөдөр хоёр төрлийн татвар төлж байгаа. Нэгдүгээрт, цалин буюу орлогоосоо орлогын албан татвартаа 10 хувиа төлж байгаа. Дээр нь иргэн бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа 10 хувиа төлдөг. НӨАТ хэлбэрээр 10 хувийг иргэн төлдөг. Энэ бол худалдааны татвар гэсэн үг. НӨАТ гэдэг бол Худалдааны албан татварын боловсронгуй хэлбэр. Дэлхийн 120 гаруй орон НӨАТ-аар Худалдааны албан татвар авч байна. Хуучин бидний мөрдөж байсан Худалдааны татвараас юугаараа ялгаатай вэ гэвэл байгууллага бүр өөрийнхөө суутгалыг хийгээд хяналт тавиад явчихдаг байсан. Одоо бол иргэд өөрийнхөө худалдан авалтаа баримтаараа баталгаажуулаад “Би татвараа төлчихсөн шүү, худалдаж авсан бараа болгондоо. Үүнийг танд мэдэгдэж байна. Үүнийг замаас нь хэн нэгэнд гувшуулчихгүйн тулд та нар олж аваарай. Тэгээд эргүүлээд миний хүүхдийн сургууль, цэцэрлэгт зориулаарай” гэсэн л утгатай зүйл шүү дээ. Би маш энгийн, ойлгомжтой тайлбарлалаа. Энэ утгаараа иргэдийг худалдан авалт, үйлчилгээ бүрээ баримтаар баталгаажуулж өгөөч ээ гэж байгаа юм. Ийм л юм. Ингэснийх нь төлөө бид иргэдээ юу гэж тоолгүй орхихов. Нэг ёсондоо хөдөлмөрлүүлж байна шүү дээ, хяналт тавиулж байна. Монгол Улс татварын гурван сая байцаагчтай боллоо гэсэн үг. Татварын 1800 байцаагчтай байсан бол гурван сая байцаагчтай болчихлоо. Тэгэхээр гурван сая байцаагчаа урамшуулж, цалин өгөх ёстой. Тийм болохоор 10 хувийнх нь хоёр хувийг нь буцаагаад өгч байгаа юм. Би энгийнээр яриад байгаа юм шүү. Ингэж төр засаг маань иргэдтэй хамтраад ажиллах нь хэн хэндээ ашигтай. Нэгдүгээрт, иргэн өөрийнхөө худалдан авалтаа баримтаараа баталгаажуулж үүргээ гүйцэтгэж байна. Татвараа төлснөө мэдэж байна. Хоёрдугаарт, өөрийнхөө гэр бүлийн бүртгэл тооцоогоо хийхэд сайхан болж эхэлнэ. www.ebarimt.mn сайт руу ороход таны худалдан авалт ангилагдаад орон сууц, хоол хүнсэнд хэдэн төгрөг зарж вэ гэдгээ харж анализ хийхэд хялбар болно. Аж ахуйн нэгжүүдэд ч их хэрэгтэй. Юмаа нууж хаагаад байхаар нягтлан бодогчдоо ч, захиралдаа ч хэцүү. Ийм байдал олон жил бугшлаа. Ил тод байдлын тухай хуулиар 9.1 их наяд төгрөгийн хөрөнгө ил болчихоод байна.

Хууль санаачлагчид энэ хуулийг хэрэгжүүлээд долоо, найман их наяд төгрөгийн хөрөнгө ил болно гэж төлөвлөсөн юм билээ, уг нь?

-Бид үүнийг чинь л ил тод болгохын төлөө яваад байгаа. Тэгэхгүй нэгнээсээ юмаа нуугаад яваад байж болохгүй. Бид чинь XXI зуунд амьдарч байна, эрин үетэйгээ хөл нийлж байна. Улс орон маань хөгжих ёстой ш дээ. Бид юм хийх ёстой. Тэгтэл юм хийснийгээ баалаад л. Бид ямар нэгэн юм хийх ёстой. Хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд татвараа цуглуулж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь төр засгийн чадвар, чадавхийг харуулдаг чухал үзүүлэлт. Энэ талаас нь харвал бид их доогуур байна. Далд эдийн засаг 40 гаруй хувьтай байна. Тэгтэл 9.1 их наяд төгрөг ил болж байна шүү дээ. Үүний жараад хувь нь НӨАТ. Иргэдийн төлсөн татвар орж ирдэггүй байсан гэсэн үг. Ийм л байна. Иргэдтэй л хамтарч ажиллахгүй бол болохгүй. 1800 байцаагчаа 3600 болгоод ч ийм их мөнгийг ил болгож чадахгүй байсан. Системээ бид өөрчилж байж л үүнийг хийж байна.

Цаад үр дагавар нь нийгмийг эрүүлжүүлэх асар их ач холбогдолтой. Системийн чанартай ийм өөрчлөлт хийж байгаа болохоор үүнийг хэрэгжүүлэх бүтцээ сайжруулах шаардлагатай болсон. Хуучин системээр явж чадахгүй. Бүртгэл тооцоо, мэдээллийн урсгал маань нэг болоод эхэлж байна. Гаалиар бараа орж ирлээ, НӨАТ төллөө. Эцсийн борлуулалт хүртэлх бүх үйл ажиллагаа нэгдсэн хяналтад ороод ирчихэж байгаа тохиолдолд үүнийг нэгдсэн байгууллага л бүртгэх ёстой. Үүнтэй холбогдуулж Гааль, татварын ерөнхий газрыг байгуулсан.

Иргэдийн худалдан авалт хийсэн баримт нь эргээд хяналтын том механизм болж байна гэж харж болох нь ээ?

-Жишээ ярья. Автомашины 100 дугуй оруулж ирсэн нөхөр зарсан чинь 200 ширхгийг зарчихаж байгаа юм. Яагаад гэхээр гааль дээр дарчихсан байгаа байхгүй юу. 200-г оруулж ирээд талыг нь гаалийн байцаагчидтай нийлээд аргалаад 100 дугуй оруулж ирсэн гэж бүртгүүлчихнэ. Энэ нууц биш шүү дээ. Гэтэл тэр хүнийг 200 дугуй зарсан гэдгийг иргэд гаргаад ирчихэж байна. Иргэд дугуйг худалдан аваад баримт нэхнэ дээ. Иргэд ингэж мэдээллэчихэж байгаа юм.

Гаалийн байцаагч нар мөнгө төгрөгтэй холбоотой ажилтай бага зууралдаж, жинхэнэ үүргээ биелүүлэх боломж гарч ирж байгаа гэж ойлгож болох уу?

-Гааль их хэмжээний орлого оруулдаг төсөв бүрдүүлэгч том байгууллага. Энэ байгууллагыг зөвхөн мөнгөнийх гэдэг талаас нь харлаа гээд байгаа. Гэтэл үгүй юм. Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэгтэй холбогдуулж “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэдэг ажил дээрээ байх цаг зав гаальчдад гарч байгаа юм. Орлогын асуудлыг татвар нь бариад явчихаж байгаа учраас манай гаальчид жинхэнэ ажил дээрээ байх нөхцөл нь бүрдэж байна.

Өмнө нь энэ хоёр байгууллага тусдаа, нэгдсэн мэдээлэлгүй байжээ?

-Нэгдсэн мэдээлэлгүй, гаргадаг шийдвэр нь тусдаа байсан. Одоо бол нэгдсэн нэг мэдээлэлтэй, шийдвэрээ нэг сувгаар гаргадаг амь нэгтэй байгууллага болж байна. Энэ чиглэлээр хамгийн сүүлд сая Португал улс гааль, татвараа нэгтгэлээ. Польш, Словак улсууд ч нэгтгэчихлээ. Дэлхийн чиг хандлага ийм болчихоод байгаа юм.

Гааль, татварын ерөнхий газар ямар бүтцээр ажиллах юм. Бүтцийн өөрчлөлтөө зөвхөн удирдах шатанд хийж байгаа гэсэн үү?

-Мэдээллийн нэг баазтай болж нэгдсэн нэг шийдвэр гаргаж, түүндээ нэгдсэн байдлаар хяналт тавих ийм үйл ажиллагааг л нэгтгэж байгаа, удирдах газрынхаа түвшинд. Бүх боом хэвийн ажиллаж байна, татварын бүх байгууллагууд ч хэвээрээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгдэж байгаа болохоор тодорхой хэмжээний орон тоо хэмнэгдэнэ.

-120 гаруй хүнийг цомхотгоно гээд байгаа?

-Гааль, татвараас нийлээд 120 гаруй хүнийг цомхотгоно. Үүн дотор тэтгэвэрт гарах, өвчтэй, чөлөөтэй байгаа хүмүүс, дээр нь бүтэц нийлж давхардсан чиг үүргийг нэг болгосонтой холбогдуулж тодорхой тооны хүмүүс чөлөөлөгдөнө гэж үзвэл бүх шатандаа зуу гаруй хүн цомхотголд орно.

Гааль, татварт нийт хичнээн албан хаагч ажиллаж байна вэ?

-Нийлээд 3200 гаруй хүн ажиллаж байна. Манай хуулиар аж ахуйн нэгжүүд маань өөрөө орлогоо мэдүүлдэг. Гэтэл хоёр жил болгоод шалгуулдаг. Энэ чинь юу вэ гэхээр хоёр биедээ итгэхгүй байгаа гэсэн үг. Итгэхгүй учраас татвараас шалгаж байгаа юм. Яагаад итгэлгүй байдал үүсэв гэвэл нэгдсэн мэдээлэл алга. Мэдээлэл дутуу дулимаг байгаа учраас итгэхгүй байгаа юм. Тэгэхээр мэдээллээ боловсронгуй болгочихвол заавал хоёр жил тутам шалгаж дарамтлаад байх зүйлгүй болно. Ирүүлсэн мэдээлэл нь үнэн зөв байгаад байвал тав, арван жилээр ч шалгахгүй байж болно. Иргэдээрээ хөндлөнгөөс хянуулна гэдэг маань эргээд ийм ач холбогдол, сайн үр дагавар авчирч байгаа юм.

Хөдөө орон нутагт иргэд баримтаа хэр авч байна вэ. Сум, багийн дэлгүүр хоршоонууд баримт хэвлэж өгч байгаа болов уу?

-Олон нийтийн радио, телевизээр байнга сурталчилж байна. Дээр нь манай татварын байгууллагууд бүх нэгжүүдээрээ хуулийг сурталчлах, ойлгуулах, таниулах ажлыг хийж байна. Хуулиараа бол энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Энэ чиглэлээр манай зарим аж ахуйн нэгжүүд бэлтгэлээ сайн хангаж чадаагүй. Үүнийг нь ойлгож байна. Хуульд хэвлэх машин, тоног төхөөрөмж түүнтэй адилтгах төхөөрөмжтэй байна гээд заачихсан байгаа. Иргэнд заавал баримт гаргаж өгөх үүрэгтэй. Иргэн баримтаа шаардаж авах эрхтэй. Энэ мэтээр хуулийг таниулах, хэрэгжилтийг зохион байгуулахад татварын газар идэвхтэй ажиллаж байна. Гол анхаарлаа үүнд хандуулж байна. Манай татварын байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаад аж ахуйн нэгж болгонтой тулж ажиллаж байгаа. Аймгийн татварын хэлтсүүд сум, орон нутагтаа сургалт хийж байна. Их олон ажил хийж байна. Энэ сарын 18-наас бүх ажил жигдрээд эхлэх болов уу гэж бодож байна. Түүнээс биш төр оролцоод кассын машиныг нь авчирч өгч оролцоод байх шаардлага байхгүй. Техникийн хувьд бид олон арга зам гаргаж өгч байгаа. Хэвлэх төхөөрөмжтэй байхад л болно. Заавал кассын машин гэх шаардлагагүй. Бид программыг нь үнэгүй тараагаад өгчихсөн. Ямар ч байгууллага www.ebarimt.mn сайт руу ороод татаад авах боломжтой. Баримт хэвлэсэн машинаа интернэтээр бидэнтэй холбох ёстой. Гурав хоногийн дотор мэдээллээ явуулах ёстой. Интернэтгүй сум гэж байхгүй. Гурав хоногт нэг удаа явуулчихад болно.

Бид “Жи мобайл” компанитай гэрээ байгуулж гарын үсэг зурсан. “Жи мобайл”-ын гар утсаар баримтаа илгээхэд үнэгүй болчихлоо. Бусад үүрэн телефоны компаниуд ч бидэнтэй энэ тал дээр хамтарч ажиллахаар эхнээсээ саналаа ирүүлж байна. Аж ахуйн нэгжүүд маань ч үүний ач холбогдлыг ойлгоод дэмжиж байна. Иргэд маань ч маш сонирхолтой, идэвхтэй оролцож байна.

Кассын машины асуудлыг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө зохицуулах ёстой байсан гэж зэмлэх хүмүүс байна. Мөн ганц талх авахад баримт аваад яах юм. Тав, арван мянгаас дээш төгрөгөөр худалдан авалт хийхдээ л баримт хэвлүүлэх хэрэгтэй гэж ярих хүн ч байх юм?

-Өмнө нь дэлгүүрт ороод талх авахдаа баримт авдаг л байсан биз дээ. Бид шинээр юм зохиогоогүй, хуучин байсан юмаа татвартай холбочихсон. Иргэнийг хохироож болохгүй. Хаана ч байлаа гэсэн баримт хэвлэж өгөх л ёстой. Хуульдаа ингээд заачихсан. Тэрийгээ хийгээгүй байж одоо юу гээд шүүмжлээд байгаа юм бэ. Иргэнийг хохироохгүйгээр НӨАТ-тай байна уу, байхгүй байна уу, сугалаатай байна уу, сугалаагүй байна уу хамаагүй баримт өгөх л ёстой. Тэрийгээ л өг гээд байна шүү дээ. Тэрийг нь татвартай холбочихоор ингээд янз бүрийн юм яриад байгаа байхгүй юу. Бид хуулиа хэрэгжүүлэх чиглэлд хатуу шаардлага тавьж ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *