Өнөөдөр өглөө 08.30 цагт эхлэх ёстой байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны танхимд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс өөр гишүүд орж ирээгүй байна.
Уг хуралдаанаар Г.Уянга нарын 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсныг хэлэлцэх юм. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдах үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын гишүүн Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог нарыг Засгийн газрыг огцруулах кноп дарахгүй байхыг хатуу үүрэгдсэн тухай мэдээлэл байна. Тус бүлгийн хуралдаан өндөрлөсөн ч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд орж ирэхгүй байгаа юм. Хуралдаан зохион байгуулах албанаас дээрх гишүүдийг хуралдаандаа оролцоно уу хэмээн залгаад байгаа ч хэн нь ч олдохгүй байгаа аж. Хуралдааны танхимд АН-ын бүлгийн найман гишүүн дээр ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэл нэмэгдээд байна.
Э.ЭНХ