Categories
мэдээ нийгэм

Америкийн сурагчдад “Алунгоо эхийн домог”-ийг заажээ

“Вашингтон Перформинг Арт” байгууллагаас хэрэгжүүлдэг Элчин сайдын яамны хөтөлбөрийн хүрээнд Америк дахь Элчин сайдын яамдад дунд сургуулийн сурагчдад өөрийн орны өв соёл, түүхийг сурталчлах боломж олгодог аж. Энэ сарын 14-нд Америк дахь Монголын элчин сайдын яам энэ хөтөлбөрт оролцож, Вашингтон хотын зүүн өмнөх хэсэгт орших МкКинли дунд сургуулийн Кейтлин Криек багштай зургадугаар ангийнханд өөрийн орны өв соёлыг сурталчилжээ. Монголын Элчин сайдын яамны Боловсрол, соёл, шинжлэх ухаан хариуцсан атташе С.Золзаяа тус сургууль дээр өөрийн биеэр очиж хичээл заасан байна. Тэрбээр хичээлийн эхэнд хүүхдүүдийг монголоор мэндчилж сургажээ. Хэдий зөв аялгатай биш ч хүүхдүүд тэр дор нь “Сайн байна уу, миний нэрийг …” хэмээн хэлж сурцгаасан гэнэ. Монгол бичгээр өөрсдийнх нь нэрийг бичүүлж сургаснаас гадна “Алунгоо эхийн домог”-ийг ангиар уншиж өгөн эв нэгдэл, хамтын хүчийн талаар ярьж ойлгуулжээ. Түүнчлэн газрын зураг дээр Монгол орныг түвэггүй олж заадаг болгожээ. Энэ тухай тэмдэглэлийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт Вашингтон дахь манай тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ “Америкийн монголчууд” буланд бичиж нийтэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *