Categories
мэдээ нийгэм

Монгол Улс дэлхийн мэтгэлцээний зөвлөлд элсчээ

Дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах 36 дахь удаагийн мэтгэлцээний тэмцээн Бүгд найрамдах Грек Улсын Тессалоники хотод он дамжин болж өнгөрлөө.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлж анх удаа “Отгонтэнгэр” их сургуулийн багш, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын удирдах зөвлөлийн гишүүн Ү.Амарбат, тус сургуулийн оюутан Г.Энх-Үйлс нар амжилттай оролцоод ирлээ.

Энэ жилийн дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд 100 гаруй улсын 400 гаруй баг оролцсон бөгөөд манай улсаас оролцсон баг шүүгчдээс өндөр үнэлгээ авч Монголын мэтгэлцээний урлагийг шинэ шатанд гаргасан үйл явдал боллоо.

Мөн энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээний үеэр “Дэлхийн мэтгэлцээний зөвлөл”-д “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” гишүүнээр элсэж батламжаа гардан авлаа.

Энэ үеэр Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимаас энэ онд дэлхийн хэмжээний гурван их сургуультай харилцаа тогтоон хамтран ажиллахаар болсон юм.

Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим нь 1998 оноос эхлэн Монгол Улсад нэвтэрч хөгжиж ирсэн мэтгэлцээний урлагийг Монгол залуу хүн бүрийн хөгжлийн хөтөлбөр болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *