Categories
мэдээ нийгэм

“Мөнгөн шөнө” цэнгүүний дараахь дүр зураг

Нийслэлчүүд жил бүр шинэ оноо төв талбайд угтдаг уламжлалтай болсон. Урлаг соёлын ододтой хамт нэгэн үдэш доргин хөгжилдөж, айлчлан ирж буй шинэ жилтэйгээ золгодог болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг энэхүү “Мөнгөн шөнө” цэнгүүн үнэхээр хөөр баярыг бидэнд мэдрүүлдэг юм. Төв талбайн хоёр талын автозамыг тэр чигт нь хааж, нүсэр зохион байгуулагддаг уг арга хэмжээний үеэр эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж иргэдийн аюулгүй байдалд цагдаагийн албан хаагчид анхаарал тавьдаг. Баярлаж, хөөрч, догдолсон хүмүүс оргилуун дарс буудуулж, бие биедээ аз жаргал хүсэн хундага тулгацгаана.

Хэдхэн цагийн энэхүү арга хэмжээний дараа Чингисийн талбай, Төрийн ордон тойроод хог новшинд дарагдсан дүр зурагтай үлддэг нь харамсалтай. Энд тэндгүй оргилуун дарсны шил, нэг удаагийн цаасан аяга, салютны хог хөглөрнө. Тайзан дээр өнгө өнгийн гэрэл гялалзаж, тэнгэрт түмэн янзын салют цацарч, газарт ганган дэгжин залуус хөгжин цэнгэлдсэн гэмээргүй орчин тойрноо гахайн оромж шиг болгож орхидог гээч. Нэг талаар хогийн сав хангалттай биш гэх байх. Гэхдээ манайхан хичнээн хогийн сав байрлуулсан ч гадуур нь хэнэг ч үгүй хаячихдаг улс шүү дээ. Тиймээс ирэх жилүүдэд олон нийтийг хамарсан энэхүү арга хэмжээг зохион байгуулахдаа хаа хаанаа бодолцох хэрэгтэй биз ээ. Их хотын залуус маань соёлтой боловсон хандахгүй бол торгуулийн арга хэмжээ авсан ч яагаад болохгүй гэж.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *