Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Капитал” банкны салбарыг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн сарын 24-нд гарсан. Тус салбарт баг өмссөн этгээд буу гарган сүрдүүлж 14 сая орчим төгрөг аваад зугтсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөх байцаах газрын хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг дээр ажиллаж байгаа ч одоог болтол гэмт этгээдийг олоогүй байгаа аж. Энэ талаар цагдаагийн эх сурвалж “Гэмт этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа” гэв.