Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бямбацогт Сонгуулийн хуульд МАН сэтгэл хангалуун байна гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн баасан гаригт батлагдсан Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Сонгуулийн хуулийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, УИХ-д суудалгүй улс төрийн бүх намын санал бодол, шаардлага, тэмцлийн үр дүнд харилцан зөвшилцөж, хуулийн хугацаанд баталсан гэж онцолсон юм.

С.Бямбацогт хэлэхдээ “Хамгийн маргаан дагуулсан асуудал бол хар машины тооллогын асуудал байсан. Ардын нам ард түмэндээ итгэдэг. АН хар машинд итгэдэг. Тиймээс хар машинд итгэх ард түмний эргэлзээг тайлах шаардлагыг МАН болон бусад 21 нам тавьсны үр дүнд хоёр автомат машин тутмын нэг нь гараар тоологдох боломжтой боллоо. Ингэснээр сонгууль шударга болж МАН ард түмэнтэйгээ хамт ялалт байгуулах боломж бололцоо бүрдсэн гэж бид үзэж байгаа” гэсэн. Ингээд хуульд орсон тодорхой өөрчлөлтүүдийг танилцуулав. Тухайлбал,

  • МАН анхнаасаа хүнээ сонгох тогтолцоог дэмжиж байсан. Гэвч зөвшилцөл явагдсанаар 48:28 гэсэн тогтолцоо буюу 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгогдохоор болсон. Гэхдээ гарсан дэвшил бол сонгогч намын нэр дугуйлахдаа хүнээ харж сонголтоо хийх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, аль намаас ямар хүмүүс дэвшсэн жагсаалтыг сонгогчдод өгнө.
  • Сонгуулийн тогтолцоог бүсчлэх саналыг эрх баригч нам оруулж ирсэн. Харин УИХ-д суудалгүй улс төрийн бусад намуудын саналыг харгалзан хуучнаар нь явуулахаар шийдвэрлэв.
  • СЕХ-г татан буулгаж “Улс төрийн зөвлөл” гэгчийг байгуулах гэж байсныг хасуулсан. СЕХ сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй байгууллага байхаар тусгагдсан.
  • Саналын хуудсанд нам, эвслийг УИХ-д суудалтай, суудалгүйгээр нь ялгалгүй УДШ-д бүртгүүлсэн дарааллаар нь бичихээр болов.
  • Эмэгтэйчүүдийн квот 20 байсныг 30 болгов.
  • Орон нутгийн сонгуулийн намын листийг үгүй болгож, 100 хувь мажоритор тогтолцоогоор явагдахаар болсон. Өмнөх хуулиар УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгууль нэг өдөр, аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын сонгууль аравдугаар сард болдог байсан. Харин шинэ хуулиар УИХ, нийслэл, аймгийн ИТХ-ын сонгууль нэг өдөр хамтдаа, сум, дүүргийнх тусдаа явагдахаар болсон.
  • Сонгуулийн сурталчилгааны хугацааг Р.Бурмаа нарын гишүүдийн төсөлд 14 хоног байсныг 18 болгож нэмэгдүүлсэн.
  • 18 насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон гэдэг шалтгаанаар шүүхийн шийдвэрээр ялагдсан хүмүүс УИХ-ын гишүүн болсон тохиолдол өмнөх сонгуулиар Өвөрхангай аймагт гарсан. Шинэ хуулиар үүнийг засч, 18 нас хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон бол тухайн нэр дэвшигчийг жагсаалтаас хасах заалтыг үгүй болгосон.
  • Улс төрийн намуудын таван хувийн босгыг хэвээр үлдээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *