Categories
гадаад мэдээ

Дүрвэгчдийн тээвэрлэгч хууль бус бүлэглэлүүд тэрбум ам.долларын ашиг олжээ

Ойрхи Дорнод, Африкийн хямрал мөргөлдөөнтэй бүс нутгаас энэ онд Европ тивийг зорьж очсон цагаач дүрвэгчдийн тоо нэг сая давсныг Олон улсын шилжин суурьших асуудал хариуцсан байгууллага мэдээллээ. Энэ тоо нь өнгөрсөн оныхоос бараг дөрөв дахин их байгаа юм.

Женевд төвтэй тус байгууллагын хэлж байгаагаар, дүрвэгчдийн тэн хагас нь Сирийн дүрвэгчид байна. Сирээс хөрш Ливан, Турк болон бусад орон руу дүрвэгчид хоол хүнс, орогнох газар, ажлын байрны хомсдолтой тулгарч, улмаар цааш Европ тивийг зорихоос өөр аргагүй байдалд хүрдэг болохыг олон улсын байгууллагууд тайлбарлаж байгаа юм. Үүнээс гадна энэ онд Европыг зорих замдаа амь үрэгдсэн болон ор сураггүй алга болсон дүрвэгчдийн тоо 3,700-д хүрчээ. Нийт цагаач дүрвэгчдийн 80 гаруй хувь нь Европт Туркээс далайгаар дамжин очсон байна.

Энэ онд дүрвэгчдийг Европ руу тээвэрлэгч хууль бус бүлэглэлүүд дор хаяж тэрбум америк долларын орлого олсон гэж албаныхан тооцоолж байгаа юм. Эдгээр хууль бус бүлэглэл гэр бүлийн гишүүдийн тоо, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлээс шалтгаалж, нэг хүнээс хоёр мянгаас зургаан мянган америк долларын төлбөр авдаг байна.

Ингэснээр энэ мэт бүлэглэлүүд 2000 оноос хойш нийтдээ 10 тэрбум, бүр үүнээс ч их хэмжээний ашиг орлоготой ажилласан болов уу гэж Олон улсын шилжин суурьших асуудал хариуцсан байгууллага тооцоолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *