Categories
мэдээ спорт

Үндэсний сур харвааны цолыг нэмнэ гэв

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын гишүүд Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Үндэсний сурын харваа нь бусад хоёр төрлөөсөө цөөн цолтой. Улсын наадамд түрүүлсэн харваач Улсын мэргэн цол хүртдэг. Хурдан морь нас насандаа бай шагналтай, бөх ч ялгаагүй хангалттай олон цолтой. Харин сурынхан эрэгтэй, эмэгтэй төрөлд түрүүлсэн нь улсын наадмаар жилд ганц л цол авдаг.

Тиймээс Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван байр эзлүүлэх саналыг хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал, гуравдугаар байр эзэлсэн харваачид Гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид Гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид Улсын мэргэн цолыг тус тус олгох юм байна. Харин Улсын мэргэн цолтон дахин түрүүлбэл Улсын хошой мэргэн, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл Улсын даяар дуурсах мэргэн, Улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл Улсын дархан мэргэн цол олгохоор хуульчлах нь зүйтэй гэсэн саналыг өргөн бариад байгаа аж. Хэрвээ энэ хууль батлагдвал 40 гаруй харваач цолоо нөхөж авах боломж бүрдэх юм байна. Цол нөхөж өгөхөд улсын төсвөөс ямар ч мөнгө гарахгүй бөгөөд зөвхөн Ерөнхийлөгчөөс цолоо нөхөж авна гэдгийг хууль санаачлагч хэлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *