Categories
мэдээ цаг-үе

Авлигатай тэмцэх газарт үзүүлэх иргэдийн итгэл буурчээ

-Авлигад хамгийн ихээр өртсөн газрын жагсаалтын эхний тавд улс төрийн намууд, Засгийн газар, УИХ гурав гурвуулаа оржээ-

Азийн сан, Сант Марал сантай хамтран Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг тогтоох 16 дахь удаагийн судалгаагаа Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот болон аймаг,сумдыг хамруулан үндэсний хэмжээнд саяхан зохион явуулжээ. Энэ судалгааг 2006-2011 онуудад “Авлигын түвшин тогтоох” судалгаа нэрээр, 2012 оноос эхлэн “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох” судалгаа нэрээр явуулж ирсэн байна. Уг судалгаа нь тогтмол хугацаанд явагддаг үндэсний хэмжээний цөөн судалгааны нэг бөгөөд үр дүнг нь иргэний нийгмийн болон төрийн байгууллагууд өргөнөөр ашигладаг аж. Судалгаа нь төр засгийн бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн байгууллагуудын хувьд олон нийтийг соён гэгээрүүлэх, тэдэнд ойлголт мэдлэг түгээх чухал арга хэрэгсэл нь болдог билээ. Судалгаагаар авлига, тэр дундаа өндөр түвшний авлига, төрийн байгууллагууд дахь авлигын талаарх төсөөлөл болон өрхийн түвшин дэх авлигын тохиолдлыг судалдаг бөгөөд тогтмол хугацаанд давтан явуулах нь олон нийтийн ойлголт, хандлагад гарч буй өөрчлөлтийг тодорхойлох ач холбогдолтой юм. 2012 онд Азийн сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих нь төслийн хүрээнд авлигын талаарх бизнес эрхлэгчдийн ойлголт, төсөөллийг тодорхойлох зорилгоор Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгааг эхлүүлсэн. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт судалгаа явуулснаас гадна 2015 оны намар үр дүн нь гарах салбарын нарийвчилсан судалгааг уул уурхай, барилга, худалдаа зэрэг салбаруудад явуулжээ. Авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх хандлага 2013 оны хоёрдугаар хагасаас эхлэн өөрчлөгджээ. 2013 оны гуравдугаар сард Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар өмнөх Засгийн газартай харьцуулахад авлигын асуудлыг хэр шийдэж байна вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын гуравны нэг буюу 35.1 хувь нь “Авлигын асуудлыг илүү сайн шийдвэрлэж байна” гэжээ. “Таны бодлоор одоогийн Засгийн газар (Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй) өмнөх Засгийн газартай харьцуулахад авлигын асуудлыг хэр шийдэж байна вэ” гэсэн асуултад 7.2 хувь нь “Авлигын асуудлыг илүү сайн шийдвэрлэж байна” гэсэн байна. 2013 оны есдүгээр сард оролцогчдын гуравны нэгээс илүү буюу 41 хувь нь өнгөрсөн гурван жилд авлига нэмэгдсэн гэж үзэж байсан бол 2015 оны дөрөвдүгээр сард талаас илүү буюу 59 хувь нь авлига нэмэгдсэн гэж үзжээ. 2013 оны есдүгээр сард оролцогчдын талаас илүү хувь нь буюу 52.5 хувь нь ирэх гурван жилд авлига буурна гэсэн итгэлтэй байсан бол энэ удаагийн судалгааны үр дүнгээр энэ тоо 27.4 болж буурчээ. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд өгөх үнэлгээ 2013 оны есдүгээр сараас 2014 оны гурван сар хүртэлх хугацаанд 29.4 хувиас 22.6 хувь болж өөрчлөгдсөн бол 2015 оны дөрөвдүгээр сарын байдлаар 16.6 хувь болтлоо буурчээ. Мөн тус байгууллагад үзүүлэх иргэдийн итгэл 2013 онд 46.5 хувиас 2014 онд 45.7 хувь, 2015 онд 39.2 хувь болж буурчээ.

2006 оноос хойш оролцогчдын 80 гаруй хувь нь авлига нийгмийн үзэгдэл болсон гэдэгтэй их бага хэмжээгээр санал нийлдэг байсан бол 2015 оны дөрөвдүгээр сарын дүнгээр энэ тоо 85.3 болж өсчээ. Сонгуулийн сурталчилгааны санхүүжилттэй холбоотой авлигын асуудал гарна гэж оролцогчид хариулсан бөгөөд 53 хувь нь сонгуулийн сурталчилгааны санхүүжилт огтхон ч шударга, ил тод байхгүй гэж үзжээ. Энэ удаагийн судалгааны үр дүнгээр улс төрийн авлигын асуудал хурцаар гарч иржээ. Судалгаанд анх удаагаа авлигад хамгийн ихээр өртсөн газрын жагсаалтын эхний тавд улс төрийн намууд, Засгийн газар, УИХгурав гурвуулаа оржээ. Авлигатай тэмцэхэд саад болж буй хүчин зүйлсийн нэг болох асуудлыг авлигаар шийдэх зуршил үнэлгээний хувьд 2012 оны арваннэгдүгээр сард дундаж нь 3.45-аас 2015 оны дөрөвдүгээр сард 3.12 болж хойшилсон. Харин авлигатай тэмцэх хууль тогтоомж, хүлээлгэх хариуцлагын асуудал боловсронгуй биш гэсэн хариулт эхний байр эзэлсэн. 2012 оноос хойш авлигатай тэмцэх үр дүнтэй арга замаар шийдмэг арга хэмжээ авах, хуулийг хэрэгжүүлэх гэж нэрлэсээр байгаа билээ. Төрийн байгууллагаас авлигыг бууруулах, авлигатай тэмцэхэд технологийн дэвшлийг ашиглахыг үр дүн, ач холбогдлын хувьд хамгийн чухалд тооцжээ. Оролцогчдын бараг гуравны хоёр буюу 71.6 хувь нь үүнийг маш их болон нэлээд чухал, 62.2 хувь нь маш их болон нэлээд үр дүнтэй гэж үзжээ.

Төрийн дээд түвшинд ил тод байдал хангалтгүй байгаа нь 19.5 хувиар, мөн улс төр, бизнесийн ашиг сонирхол хутгалдсан байдал 19.1 хувиар Монгол Улсад их авлига байгаагийн хамгийн гол шалтгаан болж байна. Судалгаанд оролцогчид авлигатай тэмцэх үндсэн байгууллага буюу АТГ-ын үнэлгээн дээр мөн сөрөг хандлага гаргаж иржээ. АТГ-ын үйл ажиллагааны сөрөг үнэлгээ нь 2013 оны есдүгээр сард 32.1 хувиас 2014 оны гуравдугаар сард 37.3 хувь болж мөн 2015 оны дөрөвдүгээр сард 45.5 хувь болж өсчээ. Үүнтэй холбоотойгоор АТГ-т итгэх итгэл 2013 оны есдүгээр сард 46.5 хувиас 2014 оны гуравдугаар сард 45.7 хувь болж мөн 2015 оны дөрөвдүгээр сард 39.2 хувь болж буурсан байна.

2010 оны гуравдугаар сараас 2014 оны гуравдугаар сард АТГ-ыг хараат бус хууль сахиулах байгууллага гэж үзсэн оролцогчдын тоо 2010 оны гуравдугаар сард судалгаанд оролцогчдын тавны нэгээс (21.7 хувь) 2014 оны гуравдугаар сард гуравны нэг (34.7 хувь) болж нэмэгдэж байжээ. 2015 оны дөрөвдүгээр сард нэлээд өөрчлөгдөж олон нийтийн санал бодол 2010 оны гуравдугаар сарын түвшинд эргэн очжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *