Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хавар, газар шорооны үнэртэй “Митягийн хайр”

Митя бол Оросын жирийн нэгэн тариачны хүү. Өсвөр насны хөвгүүд ямар л замыг туулдаг тэр жишгээр яваа нэгэн. Харин Москвад оюутан болж ирээд Катятай учирчээ. Катя урлагийн сургуулийн оюутан. Нүүрэмгий, урт шулуун хар үс, жижгэвтэр бие нь яг л хятад эмэгтэйг санагдуулам аж. Гэлээ ч Митяг өөртөө дурлуулах ямар нэгэн шид бий. Митяд ч мөн Катягийн анхаарлыг татах онцгой чанар бий. Гал халуун дурлалын эхэн үедээ тэд хорвоо ертөнцийн бүхий л дурлалт хосуудын нэгэн адил мансууртлаа үнсэлцэн цагийг зугаатай өнгөрөөнө. Гэвч яваандаа тэдний харилцаа нэг л биш болоод байлаа. Урлагийн сургуулийн Катя жүжигчний уран чадвараа хөгжүүлэхийн тулд шөнө өдөргүй бэлтгэл хийдэг боллоо. Бэлтгэл сургуулилтыг нь сургуулийн захирал удирдан явуулна. Гэтэл сургуулийн захирал ариун шударга хүн биш, жил болгон зуны амралтаараа нэг гэнэн цайлган охиныг маанагтуулж байгаад гадаад дотоодгүй сэлгүүцэн зугаацаж өвөртөө оруулдаг зуршилтай нэгэн аж. Үүнийг нь олон хүн мэдэх боловч ганц Катя л мэддэггүй юм шиг. Эсвэл мэддэг мөртлөө албаар тэр эрхэмд найланхай хандаад байгаа юм биш биз гэсэн хар Митягийн зүрх сэтэлийг бүр самууруулж гүйцжээ. Митя угаас жүжигчдэд дургүй, хуурамч хөнгөн хуумгай улс хэмээн үл итгэнэ. Харин Катя бол ирээдүйд сайн жүжигчин болно гэдэгтээ итгэдэг урлагт үнэн сэтгэлээсээ хайртай нэгэн. Ийм зөрчил тэдний дунд хэдэн сар үргэлжилсний дараа хэн хэн нь бүр сульдаж гүйцнэ. Нэгэн өдөр Митя хөдөө тосгон руугаа буцахаар шийдсэнээ Катяд дуулгахад Катя жигтэйхэн их уйлан харуусна.

Түүнийг гаргаж өгөхөөр галт тэрэгний буудал дээр ирсэн Катя өмнөхөөсөө ч үзэсгэлэнтэй, дур булаам болсон мэт санагдана. Хагацал бүхэн ийм харамсалтай, зүрх шимшрэм байдаг билээ. Галт тэрэг уухилан довтлох үед Митя ухасхийн өөдөөс нь сарвайсан Катягийн бээлийд л өрөөсөн хацраа нааж амжив. Галт тэрэг цасан хөндий рүү уухилан довтолсоор, хүрэмнийхээ хормойноос тас зууран хөшсөн Катя манан будан хөшилдсөн хөндийн жаварт залгиулчихна.

Митяг нутагтаа ирэхэд хаврын урь дөнгөж орж эхэлж байлаа. Катягийнхаа бээлийнд хүрсэн хацраа илэхүй түүнийх нь үнэр үнэртэх шиг болно. Өдөр өдрөөр цэцэглэн дэлгэрч буй хаврыг угтан авч, хайртай хүнээ үгүйлэн санана гэдэг хичнээн сайхан. (Ер нь яагаад ч юм энэхүү туужийг хаврын хайлган цагаар уншвал илүү тааламжтай санагдана).

…Катягаас захидал иржээ. Митя түүнийг шүүрэн авч тариан талбайгаа хөндлөн гулд туулан ойн захад хүрч задалбал, маш товчхон “Чи минь, хонгорхон Митя минь. Чамайгаа маш ихээр үгүйлж байна. Чи минь минийх шүү…” гэжээ. Митя тэр дор нь хариу бичээд Катя руу илгээчихээд хэдэн хоног жаргалтай алхав. Гэвч Катягаас хариу ирэхгүй л байсаар. Митя Катяг бичиг цаас гэхээсээ илүү жүжиг тайз гэх хүн гэж бодох тусам гомдох аж.

Энэ үед Митягийн хайртай Сонька хэмээх тосгоны тариачин охин гарч ирнэ. Митягийн ганцаардан шаналсан сэтгэлийг Сонька нүүрэмгий, хөгжилтэй зангаараа тайтгаруулна.

Иван Алексеевич Бунины чансаатай бүтээлүүдийн нэг нь яах аргагүй “Митягийн хайр” хэмээх бэсрэгхэн тууж мөн болохыг утга зохиолын судлаач, шүүмжлэгчид дуу нэгтэйгээр батлан хэлдэг. И.А.Бунин хүний дотоод сэтгэл, язгуур чанарыг байгаль, цаг уур, гайхамшигт үзэгдлүүдээр сүлэн уран яруу, утга төгс, уянгатай бичиж чаддаг зохиолч байжээ.

Митя, тосгоны тариачин охин Сонька болоод жүжигчин болох мөрөөдөлтэй Катя хоёрын хэнийг нь сонгож үйл явдал цааш хэрхэн өрнөхийг “Митягийн хайр” номоос Эрхэм уншигч та мэдэх биз ээ.

Нобелийн шагналт, Оросын гайхамшигт зохиолч Иван Алексеевич Бунины энэхүү зохиол дөрвөн өгүүллэгийнх нь хамт 2010 онд хэвлэгдсэн юм.

Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *