Categories
гадаад мэдээ

Монтенегро улсыг НАТО гишүүнээр элсүүлэхээр болжээ

НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар Балканы хойгийн Монтенегро улсыг гишүүнээр элсүүлэхийг дэмжлээ.

Өнөөдөр Брюссель хот дахь тус байгууллагын төв байранд болж байгаа уулзалт дээр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенберг энэ тухай зарласан байна.

Монтенегрогийн ерөнхий сайдын орлогч Игорь Луксич өөрийн улсыг нь НАТО урьсан явдлыг “Балканы бүх баруун хэсэгт өгч байгаа эерэг дохио” гэж мэдэгджээ.

Балканы хойгийн баруун хэсэгт, Адриатын тэнгисийн эрэгт орших, 600 мянган хүн амтай Монтенегро (Черногор ч гэдэг) нь 2017 оноос НАТО-гийн 29 дэхь гишүүн болох юм.

Үүнээс өмнө 2009 онд Албани, Хорват улсууд НАТО-д нэгдсэн нь НАТО-гийн энэ бүс нутаг дахь хүчтэй сонирхлыг харуулж байна.

НАТО-гийн тэлэлтийг Орос улс хүчтэй эсэргүүцэж ирсэн бөгөөд Монтенегрод хэрвээ уг эвсэлд нэгдвэл “өдөөн хатгасан хэрэг” гэж үзэхээ удаа дараа сануулж байсан юм.

НАТО-гийн мэдэгдлийн дараа ОХУ-ын Холбооны Батлан Хамгаалах болон Аюулгүй байдлын Зөвлөлийн тэргүүн Виктор Озеров хамтарсан төслүүдээ зогсоохоо Монтенегрод мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *