Categories
мэдээ нийгэм

“Хар баасан гариг”-ийн хямдрал иргэдийг бухимдуулав

Америкийн хар баасан гариг хэмээх супер хямдралын өдрийг иргэд тэсэн ядан хүлээж, эртнээс юу авахаа төлөвлөн бэлтгэж, хар үүрээр худалдааны төвүүдийн гадна очиж дугаарлан зогсдог. Дэлгүүр, худалдааны төвүүд ч энэ өдрөөр онцлог гэсэн бараа бүтээгдэхүүнүүдээ тултал хямдруулж, худалдан авагчдынхаа сэтгэлд нийцтэл үйлчилж чаддаг. Энэ ч утгаараа хар баасан гариг Америкийн томоохон худалдааны төвүүд болон жижиглэн худалдаачдын жилийн хамгийн их ашиг орлоготой өдөр болдог байна.

Тэгвэл Монголд хар баасан гаригийг Номин Юнайтед их дэлгүүр энэ жил анх удаа зохион байгууллаа. Монголд анх удаа гэсэн тодотголтой энэхүү хямдрал өчигдөр оройны 22.00 цагаас эхлэн өнөөдрийн 02.00 цаг үргэлжилсэн юм. Дэлгүүрийн гадаа хөдөлгөөнт эргүүлийн таван машин, цагдаагийн 30 орчим албан хаагч хяналт тавьж, зохицуулалт хийж байсан ч хямдралын сургаар цугласан мянга гаруй хүнийг зохицуулж хүчрэлгүй эмх замбараагүй байдал үүсэв. Иргэд нэгэнт зорьж ирснийх түрүүлж орон хэрэгтэй бараагаа худалдан авах гэж шахцалдаж, бухимдаж, орилж хашгиран, хаалга руу хүч түрэн зүтгэцгээж байв. Харамсалтай нь -30 хэмийн хүйтэнд ийн дугаарлан байж орсон үйлчлүүлэгчдийн ихэнх нь ганзага хоосон буцав.

Хямралын энэ цагт хямдарна гэсэн мэдээлэл нь иргэдэд сайхан сонсогдож байсан ч хямдрал нь амьдралд ойр бодит байж чадсангүйд иргэд сэтгэл дундуур үлджээ. “Хямдрал зарласан брэндийн бүтээгдэхүүнүүд дууссан байна, сонголт муутай, хэлсэн үнэдээ хүрч хямдарсангүй, авах юм байсангүй, супер хямдрал биш супер хууралт байлаа” гэхчилэн худалдан авагчид сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эдийн засаг хямарсан энэ үед иргэддээ бараагаа хямдруулж зарах гэсэн “Номин”-гийн оролдлого зөв байж болох ч энэ нь иргэдийн сэтгэлд нийцээгүйгээр барахгүй харин ч бухимдуулаад авав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *