Categories
мэдээ спорт

Үндэсний супер лигт найман баг оролцоно

Монголын үндэсний сагсан
бөмбөгийн холбооноос /МҮСБХ/ зохион байгуулж буй Үндэсний супер лигийн
тэмцээн энэ сарын 28-нд Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд
эхэлнэ.

Энэ жилийн Үндэсний супер лигийн 2015-2016 оны шинэ улиралд найман
баг оролцохоор болсон. Лигт гурван тойрог тоглох бөгөөд плэйоффт зургаан
баг шалгарна хэмээн МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга
хэллээ.

Түүнчлэн улирлын тоглолтын турш амжилтаараа нэг болон хоёрдугаар
байр эзэлсэн багууд плэйоффын эхний шатыг өнжинө гэдгийг зохион
байгуулагчид онцоллоо.

Өнгөрсөн оны супер лигт 11 баг оролцож байсан бол энэ жил найман баг
орох болсонтой холбогдуулан багуудын бүрэлдэхүүний хувьд монгол
тоглогчид шилжилт хөдөлгөөн хийсэн байна.

Харин легионеруудын сонгон шалгаруулалтыг өмнөх жилүүдэд гадаадад
очиж хийдэг байсан бол энэ жилийн хувьд лиг эхлэхээс өмнө тамирчдаа
Монголд авчирч, сонгон шалгаруулалт хийж байгаа аж.

2015-2016 оны улиралын нээлтийн тоглолт 12.00 цагт Их өргөө Аравтууд
болон СБЛ Хасын Хүлэгүүд, 14.00 цагт Альянс Тех Харцага болон Дорнод
Танан Гарьд багуудын хооронд өрнөж, энэ жилийн супер лигийн салхийг
хагална.

Сануулахад Үндэсний супер лигийн тоглолтууд долоо хоног бүрийн даваа,
лхагва, баасан гаригт 18.00 цагт эхэлж, өдөрт хоёр тоглолт болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *