Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх сарын 12-27-ны өдрүүдэд тоглогдоно

Тун удахгүй шинэ жил айлчлан ирэх гэж
байна. Энэ жил уламжлал ёсоор “Монголын балетын хөгжил сан” НЗДТГазартай
хамтран хоёр дахь жилдээ “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг 2015 оны 12-р сарын
12 -27 ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа тавих гэж байна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг
даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл,
“Цөмөөхэй” балетын найруулагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг
нар мэдээлэл өглөө.

Дэлхийн таван тивийн улсад зэрэг
тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат жүжигчин
Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм.
2014 онд “Цөмөөхэй” балетын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын
“Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглосон
бөгөөд энэ жил таван Клара охиныг шалгаруулж, 200 гаруй авьяаслаг хүүхэд
дүр бүтээхээр тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаж байна. Өмнөх жил
“Монголын балетын хөгжил сан” зохион байгуулсан тоглолт бүрээ хөгжлийн
бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутнуудад хөнгөлттэй болон үнэ
төлбөргүй үзүүлсэн бол энэ жил “Цөмөөхэй” балет тоглолтыг тархины
саажилттай 10 хүүхдэд онцлон үзүүлэхээр урилга явуулжээ. Тус тоглолтын
орлогоос саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжихэд тустай “Spider
cage” бүсийг авахад хандивлах юм.

“Цөмөөхэй” балетын түүхээс дурдвал,
Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Просселмейр хүүхдүүдэд илбэ
үзүүлэн гайхшруулж байгаагаар эхлэх энэ балет дэлхийн олон хүүхдүүдийг
балетын урлагт хөтөлж, анхных нь балетын дүр бүтээсэн бүжгэн жүжиг
байсан юм. Тэртээ 1892 онд анх тайзнаа амилж байсан бол өнөөдрийг хүртэл
120 жилийн түүхэн хугацаанд тив алхсан тархсаар шинэ оны баяраар үзэх
ёстой нэгэн гэр бүлийн уламжлал болтлоо үзэгчдэд хүрч чадсан сонгодог
балет болжээ.

Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *