Categories
мэдээ улс-төр

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр

Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлснийг тухайн үед чуулганаар хэлэлцээд “хэлэлцэх шаардлагагүй” хэмээн санаачлагчид нь буцааж байжээ. Уг хөтөлбөр өдгөө УИХ-д дахин өргөн мэдүүлэгдэж, энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж байна.

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өчигдөрийн хурлаараа энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг багцлан хэлэлцсэн ба уг хөтөлбөрт нэлээн анхаарал хандуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ТӨСӨЛ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны … сарын … өдрийн дугаар тогтоолын хавсралт

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУЦЛАГА, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

1.1. Төр, засгийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн бүлгүүдийг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга хандлага, үзэл санааг төлөвшүүлэх, ил тод тунгалаг, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Хоёр. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД

2.1. Энэхүү хөтөлбөрийн 1.1-д заасан зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ:

2.1.1. Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албаны байгууллагыг бэхжүүлж, чадавхийг сайжруулан, бодлого, үйл ажиллагаанд зохистой шинэчлэлт хийх замаар авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, сонгон шалгаруулалт, албан тушаалын томилгоог улс төрөөс хараат бус болгон, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх;

2.1.2.Цахим үйлчилгээг хөгжүүлж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хүндэтгэсэн, сэтгэл ханамжийг дээдэлсэн төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, албан хаагчдын хариуцлагыг бэхжүүлэх;

2.1.3.Төсөв, санхүү, аудитын ил тод байдлыг хангах, удирдлага, хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах;

2.1.4.Худалдан авах ажиллагааны цахим тогтолцоог улсын хэмжээнд нэвтрүүлж, нээлттэй, үр ашигтай, шударга, ил тод байдлыг нэмэгдүүлж, тендер зохион байгуулах зардлыг бууруулах, үргүй зардлыг багасгах, худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлагыг дээшлүүлэх;

2.1.5.Шүүх эрх мэдлийн болон хууль хяналтын байгууллагуудын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх;

2.1.6.Хувийн хэвшлийн байгууллагыг өрсөлдөх чадвартай, ил тод, нээлттэй болгох, хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, төрийн оролцоог багасган төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах;

2.1.7.Олон нийтийн хяналтыг бэхжүүлэх, энэхүү ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг, оролцоог ханган баталгаажуулах, идэвх санаачилгыг дэмжих;

2.1.8.Иргэний мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах;

2.1.9.Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилт, санхүүгийн харилцааг сайжруулах, олон нийтэд ил тод, нээлттэй болгох, улс төрийн үйл ажиллагаанд ардчилсан ёс, улс төрийн соёлыг нэвтрүүлэх замаар улс төрийн хүрээний авлигыг бууруулах, шударга ёсыг бэхжүүлэх хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхол, нөлөөллийг бууруулах, цаашид учирч болзошгүй нөлөөллөөс урьдчилан сэргийлэх;

2.1.10.Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, авлигын нийгмийн хор уршгийг олон нийтэд таниулах бүх нийтийн соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулан авлигын эсрэг эрх зүйн боловсролыг дээшлүүлэх;

2.1.11.Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын санал, зөвлөмжийг авч хэрэгжүүлэх;

2.1.12.Авлигын эсрэг эрх зүйн орчинг үргэлжлүүлэн сайжруулах, төгөлдөржүүлэх, хууль тогтоомж зөрчсөн буруутай этгээд бүрт хариуцлага ногдуулдаг механизмыг хөгжүүлэн, үр ашгийг нэмэгдүүлэх.

Гурав. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ

3.1. Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

3.1.1. Хууль дээдлэх зарчим: Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг тэргүүн зэрэгт тавьж, түүнийг хэлбэрэлтгүй сахин биелүүлдэг байх;

3.1.2. Хариуцлагатай байх зарчим: Сонгогдсон буюу томилогдсон эсэхээс үл хамааран албан тушаалтан олон нийтийн өмнө хуулийн, улс төрийн, эдийн засгийн болон ёс зүйн хариуцлага хүлээдэг байх;

3.1.3. Ил тод, нээлттэй байх зарчим: Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлахгүй, төрийн эрх бүхий байгууллага, хувь хүн, хуулийн этгээд аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл, боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авах;

3.1.4. Нийтийн ашиг сонирхлыг дээдлэх зарчим: Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг бусад ашиг сонирхлоос дээгүүр тавьж, албан тушаалаа өөрийн болон хамаарал бүхий этгээдийн ашиг олох хэрэгсэл болгохгүй байх;

3.1.5. Хамтын ажиллагаа уялдаа холбоотой байх зарчим: Авлигын эсрэг үйл ажиллагаанд оролцогч бүх байгууллага нягт хамтран ажиллаж, хүрэх зорилтууд, хэрэгжүүлэх арга хэмжээг нэг мөр тодорхойлж, ажлын уялдаа холбоог бэхжүүлсэн байх;

3.1.6. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийн зарчим: Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоо чухал болохыг харилцан хүлээн зөвшөөрөх.

Дөрөв. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

4.1. Үндэсний хөтөлбөрийг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

4.1.1. ШУДАРГА, ХАРИУЦЛАГАТАЙ, ИЛ ТОД НИЙТИЙН АЛБЫГ БЭХЖҮҮЛЭХ, ЁС ЗҮЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ

Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албаны байгууллагыг бэхжүүлж, чадавхийг сайжруулан, бодлого, үйл ажиллагаанд зохистой шинэчлэлт хийх замаар авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, сонгон шалгаруулалт, албан тушаалын томилгоог улс төрөөс хараат бус болгон, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.1.1.Нийтийн алба, нийтийн албан хаагчийн үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомжийг эрх зүйн шинэтгэлийн бодлоготой уялдуулан боловсронгуй болгох;

4.1.1.2.Албан тушаалд төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх асуудлыг хуульд нийцүүлж, томилгоотой холбоотой хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлдэг хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх;

4.1.1.3.Төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан дүгнэлтийг үндэслэн албан тушаалд томилуулах чиглэлээр хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг өндөржүүлэх;

4.1.1.4.Нийтийн албанд сонгогдох, томилогдох ёс зүй, мэдлэг боловсрол, туршлага, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, шалгуурын дагуу сонгон шалгаруулах, ялангуяа ёс зүй, шударга байдлын шалгуурыг тэргүүн ээлжинд тавих үнэлэмжийг бий болгох, албан хаагчдыг ил тод, бодит шалгуурт суурилсан мерит зарчмаар томилох, дэвшүүлэх;

4.1.1.5.Нийтийн албанд сонгогдох, томилогдохоос өмнө эрх зүй, ёс зүй, шударга ёс зэрэг чиглэлээр сургалтад хамрагдсан байх шалгуурыг сонгон шалгаруулалтад орох хүсэлт гаргасан иргэнд тавьж, хангуулах;

4.1.1.6.Сонгон шалгаруулалтад тэнцсэн болон ажиллаж буй албан хаагчийн мэргэжлийн бэлтгэл, ур чадвар, ёс зүйн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох;

4.1.1.7.Нийтийн албан тушаалтныг үнэлэх олон улсын жишигт нийцсэн гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, хариуцлага тооцох арга, хэлбэрийг шинэчлэн тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

4.1.1.8.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн авлигын эрсдлийн үнэлгээ хийх аргачлалыг баталж, үйл ажиллагаанд нь нэвтрүүлж, эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, үнэлгээний дүнд суурилсан арга хэмжээг зохион байгуулж түүний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж хэвшүүлэх;

4.1.1.9.Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн авлигын эсрэг үйл ажиллагааг тодорхой давтамжтайгаар үнэлж дүгнэн, олон нийтэд тогтмол мэдээлэх;

4.1.1.10.Нийтийн албан тушаалтны цалин хөлсийг нэмэгдүүлэн, нийгмийн баталгааг сайжруулах дэс дараатай арга хэмжээ авч, тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх;

4.1.1.11.Нийтийн албаны ёс зүйн үлгэрчилсэн дүрмийг баталж мөрдүүлэх, нийтийн албан тушаалтны ёс зүйн зөрчлийн байдалд дүн шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, тайлагнах, хэлэлцүүлэх, өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулж хэвшүүлэх;

4.1.1.12.Нийтийн албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүй, сахилга баттай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх арга хэлбэрийг нарийвчилж, хариуцлагаас зайлсхийх, гаргасан зөрчилд тохироогүй хариуцлага хүлээлгэх боломжийг хязгаарлаж, дотоод хяналтын механизмыг бүрдүүлэн, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах;

4.1.1.13.Шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгох, гарсан сөрөг үр дагаврыг арилгах, учруулсан хохирлыг төлүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх;

4.1.1.14.Төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтны жагсаалт болон авлигад өртөх эрсдэл өндөр албан тушаал, үйлчилгээний жагсаалтыг гаргаж, сэлгэн ажиллуулах зохицуулалтыг боловсронгуй болгох;

4.1.1.15.Байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, мэдээлэл солилцох боломж нөхцөлийг бүрдүүлэх /Төрийн албаны зөвлөл, аудит, татвар, мэргэжлийн хяналт, авлигатай тэмцэх байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг/;

4.1.1.16.Нийтийн албаны сургалтын институт байгуулах, нийтийн албан тушаалтныг давтан сургах боломжийг бүрдүүлэх.

4.1.2.ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХҮРТЭЭМЖ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

Цахим үйлчилгээг хөгжүүлж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хүндэтгэсэн, сэтгэл ханамжийг дээдэлсэн төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, албан хаагчдын хариуцлагыг бэхжүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.2.1.Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэн, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн сүлжээ/Мэдээлэл технологийн төв/-г бий болгож бэхжүүлэх;

4.1.2.2.Гэрчилгээ, зөвшөөрөл олгох журмыг хялбарчилж, түүнд тавих хяналтын механизмыг бүрдүүлэх, төрөөс олгох лиценз, зөвшөөрлийн жагсаалтыг гаргаж, тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр олгох, зарим төрлийн тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх;

4.1.2.3.Олон улсын стандарт хангасан бараа, бүтээгдэхүүнийг дотоодын стандартаар шалгах зохицуулалтыг өөрчлөх, шаардлагагүй стандартыг хүчингүй болгон цөөрүүлэх, стандартыг үнэ төлбөргүй авах нөхцөл боломжийг бүрдүүлэх;

4.1.2.4.Эрсдэлд суурилсан төрийн хяналт, аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг боловсронгуй болгох, хяналт шалгалтын чиглэлийг цөөрүүлж хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах замаар төрийн хяналт шалгалтын цогц системийг боловсронгуй болгох;

4.1.2.5.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах механизмыг судалгаа, дүн шинжилгээний үр дүнд суурилан бүрдүүлэх;

4.1.2.6.Төрийн үйлчилгээний салбар дахь шударга, ил тод, нээлттэй байдлын талаарх судалгаа салбар бүрээр болон орон нутагт тогтмол хийж үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах;

4.1.2.7.Гомдол, мэдээлэл өгөх ил тод, нээлттэй суваг ажиллуулах, өргөдөл, гомдол, мэдээллийг цахим хэлбэрээр гаргах, шийдвэрлэх, хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх;

4.1.2.8.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийх болон албан хаагчдын ажлыг иргэд үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах;

4.1.2.9.Холбогдох талуудын мэдээлэл, баримтыг тайлагнах хэм хэмжээг бүрдүүлэх, ялангуяа, мэдээллийн технологид суурилсан тайлагнах системийг бүрдүүлэх;

4.1.2.10.Орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хооронд мэдээллийн урсгалыг хангах журмыг боловсруулж мөрдүүлэх;

4.1.2.11.Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахын өмнө иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэг хийж хэвшүүлэх;

4.1.2.12.Авлигад өртөх эрсдэл өндөртэй байгууллагын үйл ажиллагаанд цахим үйлчилгээг нэвтрүүлэн, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах замаар эрсдлийг бууруулах.

4.1.3.ТӨСӨВ, САНХҮҮ, АУДИТЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ

Төсөв, санхүү, аудитын ил тод байдлыг хангах, удирдлага, хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах зорилтыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.3.1.Улсын болон орон нутгийн санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, санхүүгийн удирдлагад нээлттэй, ил тод, хариуцлагатай байх зарчмыг мөрдүүлэх;

4.1.3.2.Төсвийн орлого, зарлага болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой аливаа мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй болгох замаар шилэн дансны тогтолцоог хөгжүүлэх;

4.1.3.3.Төсвийн төлөвлөлтийн үр ашигтай байдал, гүйцэтгэлийн хэмнэлт, зарцуулалт дахь хөндлөнгийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлж, дотоод аудитын хяналтыг улам боловсронгуй болгох, үр дүнг нэмэгдүүлэх;

4.1.3.4.Санхүүгийн үйл ажиллагаан дахь хүний оролцоог багасгаж, мэдээллийн сүлжээг ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэн, бэлэн мөнгөний ашиглалтын хэмжээг бууруулах;

4.1.3.5.Засгийн газрын тусгай сангийн санхүүжилтийн механизмыг оновчтой, шийдвэр гаргах ажиллагааг ил тод, хяналттай болгох замаар тусгай сангийн тогтолцоог өөрчлөх;

4.1.3.6.Төсвийн төсөл хэлэлцэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;

4.1.3.7.Монгол Улсад мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн стандартыг олон улсын түвшинд хүргэж, Монгол Улсын нэгдсэн стандартад улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийг нийцүүлэх, олон улсын стандартын дагуу санхүүгийн тооллого, тайлангийн системийн боловсронгуй болгох;

4.1.3.8.Банк, санхүүгийн байгууллагуудын талаарх болон санхүү, зээлийн бодлогыг боловсронгуй болгож, давуу байдлаа ашиглан иргэд, аж ахуй эрхлэгчдийг чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоох;

4.1.3.9.Банк болон банк бус санхүүгийн байгууллага хууль бус, сэжигтэй мөнгөн гүйлгээ хийгдсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх тухай өнөөгийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

4.1.3.10.Нийтийн албаны байгууллагуудын санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтын арга ажиллагаа, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд эрх зүйн орчинг бүрдүүлэх;

4.1.3.11.Аудитын дүгнэлтийн дагуу авах арга хэмжээ, хариуцлагын механизмыг сайжруулах;

4.1.3.12.Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал, чадавхийг бэхжүүлэн аудитын чанар, үр нөлөөг дээшлүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлэх;

4.1.3.13.Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийг олон нийтэд ил тод мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох замаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүний үр дүнг иргэд, олон нийтийн хяналтад оруулах;

4.1.3.14.Баялгийн тэгш, шудрага хуваарилалтыг хангах.

4.1.4. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

Худалдан авах ажиллагааны цахим тогтолцоог улсын хэмжээнд нэвтрүүлж, нээлттэй, үр ашигтай, шударга, ил тод байдлыг нэмэгдүүлж, тендер, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах зардлыг бууруулах, үргүй зардлыг багасгах, худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.4.1.Тендерийн үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх;

4.1.4.2.Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын удирдлагын тогтолцоог оновчтой болгож, төрийн бүх шатны байгууллага болон төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн худалдан авах ажиллагааг зөвхөн мэргэжлийн байгууллага зохион байгуулах механизмыг бүрдүүлэн, холбогдох журмыг өөрчлөх;

4.1.4.3.Худалдан авах ажиллагаан дахь нууцлалыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх;

4.1.4.4.Гомдол, маргааныг шалгах журмыг нарийвчлан шинэчлэх, мэргэжлийн байгууллага ирүүлсэн гомдол, маргааны шинж байдлаас хамаарч шийдвэрлэх журмыг тодорхойлох;

4.1.4.5.Тендер шалгаруулалтын талаар гарсан гомдлыг шалгасан мэргэжлийн байгууллагыг шийдвэрийг олон нийтэд ил тод болгох;

4.1.4.6.Үнэлгээний хороонд орж буй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөлд олгох урамшууллыг тодорхой болгох, үнэлгээний хороо нь импортыг орлох Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээдэд хуульд заасан хэмжээгээр давуу эрх тооцохыг хэвшүүлэх;

4.1.4.7.Худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах, ил тод болгох, төлөвлөгөөний төслийг урьдчилан олон нийтээр хэлэлцүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;

4.1.4.8.Шууд гэрээ байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох;

4.1.4.9.Худалдан авах ажиллагааны онцлогт нийцүүлэн, чирэгдлийг арилгах зорилгоор ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдлийг бүртгэх программ хангамжид өөрчлөлт оруулж, мэдэгдлийн маягтыг хялбаршуулан шинэчлэн батлуулж мөрдүүлэх;

4.1.4.10.Санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тодорхойлж, хөндлөнгийн хяналтыг сайжруулах механизмыг бүрдүүлэх, “хар жагсаалт”-д орсон хуулийн этгээдийн цахим сонгон шалгаруулалтад оролцох боломжийг хязгаарлах.

4.1.5. ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШУДАРГА, ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ, ХУУЛЬ САХИУЛАХ БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГ ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.5.1.Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах бүх талын арга хэмжээ авах;

4.1.5.2.Шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрөөс хараат бус байлгах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг улс төрийн оролцоо, нөлөөнөөс ангид, шударга, ил тод явуулах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

4.1.5.3.Шүүх, прокурорын шударга байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;

4.1.5.4.Удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмыг бүх шатанд нэг мөр хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх;

4.1.5.5.Шүүгч, прокурорын боловсролын бодлого боловсруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх;

4.1.5.6.Шүүгч, прокурор аливаа хэргийн нотлох баримтыг өөрийн дотоод итгэл, үнэмшлээр шийдэх тогтолцоо бүрдүүлэх, шүүгчийн ёс зүйн талаар олон нийт рүү чиглэсэн олон нийтийг дэмжсэн эрсдлээс хамгаалсан үйл ажиллагаа явуулах;

4.1.5.7.Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн мэдээлэлд дүгнэлт хийх механизмыг бүрдүүлэх, эрх зүйн зохицуулалтыг тухай бүр боловсронгуй болгох;

4.1.5.8.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг боловсронгуй болгох;

4.1.5.9. Олон нийтийн сүлжээг ашиглах болон байнгын ажиллагаатай утас ажиллуулах замаар иргэдээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг авах, мэдээлэл өгч буй иргэнийг урамшуулах механизмыг бүрдүүлэх;

4.1.5.10.Мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

4.1.5.11.Авлигатай тэмцэх байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлыг судалгаа, үнэлгээний үр дүнд суурилан шат дараатайгаар хэрэгжүүлэх;

4.1.5.12.Авлигын эсрэг үйл ажиллагаанд мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах, авлига, албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлтэд шинжлэх ухаан технологийн дэвшилтэд арга технологийг нэвтрүүлэх;

4.1.5.13.Авлигын хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд тавих олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор хууль сахиулах болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудыг нэгдсэн мэдээллийн сантай болгох;

4.1.5.14.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн албан тушаалын хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар болон үйлдэгдэж буй албан тушаалын гэмт хэргийн талаар олон нийтэд тогтмол мэдээлэх;

4.1.5.15.Хууль сахиулах болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын албан хаагчдыг авлига, албан тушаалын гэмт хэргийг олж илрүүлэх, мөрдөн шалгах болон хянан шийдвэрлэх талаар мэдлэг туршлага болон ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрийн санхүүгийн болон нөхцөл байдлын нотолгооны мөрдөн байцаах чадавхийг бэхжүүлэх;

4.1.5.16.Хууль сахиулах болон хууль хэрэгжүүлэх байгууллагын мэргэшсэн боловсон хүчинг сургах сургалтын стратегийг боловсруулан хэрэгжүүлэх;

4.1.5.17.Хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдэгдсэн албан тушаалын гэмт хэрэг, захиргааны зөрчилд тухайн хуулийн этгээдийн үүрэг оролцоо, субьектив талыг харгалзан үзэж, уг хуулийн этгээдэд хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэн, энэ төрлийн гэмт хэрэг дээр ажиллаж буй мөрдөн шалгах болон прокурорын байгууллагын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх;

4.1.5.18.Хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргагчдын цар хүрээ, тоог оновчтой тогтоох чиглэлээр Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

4.1.5.19.Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр ашиг, авлигын нөхцөл байдлын судалгааг тогтмол зохион байгуулж, үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах, ялангуяа, авлигын эсрэг бодлого боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах болон хэрэгжилтэд хяналт тавих ажилд ашиглах нөхцөлөөр хангах, үр дүнг олон нийтэд мэдээлэх;

4.1.5.20.Хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаарх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, “хахууль” хэмээх нэр томъёог хуульчлан тодорхойлох.

4.1.6. ХУВИЙН ХЭВШИЛ ДЭХ АВЛИГЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ, ӨРСӨЛДӨӨНИЙ ШУДАРГА БАЙДЛЫГ ХАНГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

Хувийн хэвшлийн байгууллагыг өрсөлдөх чадвартай, ил тод, нээлттэй болгох, хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, төрийн оролцоог багасган төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилтыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.6.1.Хувийн хэвшлийн байгууллагууд бизнесийн ёс зүйн дүрэм боловсруулж мөрдөх;

4.1.6.2.Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх, хувийн хэвшлийн нягтлан бодох бүртгэлийн болон аудитын стандартыг бий болгоход чиглэсэн холбогдох судалгаа үнэлгээг үе шаттайгаар зохион байгуулах;

4.1.6.3.Хувийн хэвшил дэх авлигын асуудлыг судлан тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлэх буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын болон Нэгдсэн Үндэстний Байгууллага (цаашид “НҮБ” гэх)-ын Авлигаас урьдчилан сэргийлэх стандартуудыг хувийн хэвшилд нэвтрүүлэх;

4.1.6.4.Хувийн хэвшлийн байгууллагууд бэлэн бус төлбөр тооцооны тогтолцоог нэвтрүүлэх, сайжруулахад идэвх, санаачилга гаргаж ажиллах;

4.1.6.5.Хувийн хэвшлийн байгууллагуудын авлигын эсрэг сүлжээний үйл ажиллагааг дэмжих, Дэлхийн эдийн засгийн форумын авлигын эсрэг түншлэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх;

4.1.6.6.Хувийн хэвшлийн байгууллагуудыг чадавхжуулж, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх боломжийг судлан, хэрэгжүүлэх. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн заагийг тодорхойлох;

4.1.6.7.Төр, хувийн хэвшлийн болон хувийн хэвшил хоорондын авлигаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг өргөжүүлж, аливаа санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах;

4.1.6.8.Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулж, дарамт болж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын талаарх тэдгээрийн саналыг шийдвэрлэх зохицуулалтыг бий болгох;

4.1.6.9.Нийтийн албан тушаалтан болон бизнес эрхлэгч хоорондын шууд харилцааг хязгаарлах арга хэмжээ бий болгох;

4.1.6.10.Картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарласан эрх зүйн орчинг сайжруулах;

4.1.6.11.Хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх;

4.1.6.12.Хувийн хэвшлийн байгууллага жилийн тайлан, балансаа ил тод олон нийтэд хүргэх;

4.1.6.13.Монгол орны ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн хөгжлийн үйлдвэрлэлийн талаарх төрийн аливаа шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд ил байлгах;

4.1.6.14.Төрийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд байгуулах аливаа гэрээ, хэлэлцээрт авлигын эрсдлээс хамгаалах талаар тусгаж байх.

4.1.7. ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН ИДЭВХ САНААЧИЛГА, ОРОЛЦООГ ДЭМЖИХ

Олон нийтийн хяналтыг бэхжүүлэх, энэхүү ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг, оролцоог ханган баталгаажуулах, идэвх санаачилгыг дэмжих зорилтыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.7.1.Төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, батлах зэрэг шийдвэр гаргах бүх шатанд тухайн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх замаар авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоог дэмжих;

4.1.7.2.Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, санхүүжилтыг ил тод, нээлттэй болгох чиглэлээр Төрийн бус байгууллагын тухай хуулийг боловсронгуй болгох;

4.1.7.3.Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллагын оролцох, хяналт тавих, нөлөө үзүүлэх хэлбэр, боломжийг тодорхойлон, энэ чиг үүргээ саад, дарамтгүй гүйцэтгэх бололцоо бүрдүүлэх, тэдгээрээр гүйцэтгүүлэх төрийн үйлчилгээний жагсаалтыг гаргах, төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх нөхцөл боломжийг судалж шийдвэрлэх, хуваарилагдсан санхүүжилтийг ил тод, үр ашигтай зарцуулах, түүнд хяналт тавих механизмыг бүрдүүлэх;

4.1.7.4.Төрийн бус байгууллагууд гишүүдийнхээ ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх;

4.1.7.5.Авлигын чиглэлээр судалгаа хийдэг иргэний байгууллагуудын судалгааны үр дүнг үр ашигтай ашиглах механизмыг бүрдүүлэх;

4.1.7.6.Авлигатай тэмцэх байгууллага болон төрийн бус байгууллагуудын холбогч гүүр болох Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх;

4.1.7.7.Авлигын эсрэг сүлжээ байгуулах, авлигын эсрэг сүлжээ болон төрийн байгууллагууд, ялангуяа авлигад өртөх эрсдэл өндөр төрийн байгууллагын хамтын ажиллагааг дэмжих;

4.1.7.8.Төрийн бус байгууллагыг бүртгүүлэхэд хууль тогтоомжийг сахин биелүүлэх, аливаа эрсдлээс хамгаалах чиглэлээр санамж өгөх, холбогдох мэдээ, мэдээллээр хангах;

4.1.7.9.Авлигын улмаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлж, төр, иргэн, олон нийтийн эрх ашигт ноцтой хохирол учруулсан бол тухайн этгээдийн өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр хохирлыг нөхөн төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг төрийн бус байгууллагад олгох, уг нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох, авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгахад мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудын туслалцааг авах;

4.1.7.10.Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах үйлсэд өөрийн сайн дураар оролцож байгаа иргэнийг урамшуулах.

4.1.8.ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ

Иргэний мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах зорилтыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.8.1.Хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл олж авах, түгээх эрхийг өргөтгөн баталгаажуулах;

4.1.8.2.Авлигын асуудлаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажилласан сэтгүүлчдийг аливаа дарамт шахалтаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагааных нь улмаас эрүүгийн хариуцлагад татах явдлыг өөрчилж сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг бий болгох;

4.1.8.3.Хэвлэл мэдээллийн салбарын бие даасан, хараат бус байдлыг хангасан эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж бататгасан агуулга бүхий хуулийг шинэчлэн батлаж, уг өөрчлөлттэй уялдуулан хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан бусад хууль тогтоомжийг өөрчлөх;

4.1.8.4.Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аливаа нийтлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгаа, мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах;

4.1.8.5.Мэргэжлийн ёс зүй зөрчсөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэн, холбогдох хариуцлагыг тооцох зэрэг чиглэлээр ажиллах хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох;

4.1.8.6.Телевиз, радиогийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох явц, зах зээлд шинээр нэвтрэх, телевизийн дамжуулах болон дахин дамжуулах зурвасын хуваарилалтыг ил тод болгож, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих;

4.1.9. УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНД ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ

Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилт, санхүүгийн харилцааг сайжруулах, олон нийтэд ил тод, нээлттэй болгох, улс төрийн үйл ажиллагаанд ардчилсан ёс, улс төрийн соёлыг нэвтрүүлэх замаар улс төрийн хүрээний авлигыг бууруулах, шударга ёсыг бэхжүүлэх хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхол, нөлөөллийг бууруулах, цаашид учирч болзошгүй нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилтыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.9.1.Улс төрийн намын санхүүжилт, түүний тайланг олон нийтэд ил тод, нээлттэй болгох чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх, хууль бус санхүүжилт авахгүй байх, сонгуулийн тайлан гаргах, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнг мэдээлэх зэрэг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зохицуулах замаар улс төрийн намын санхүүжилтийн үйл ажиллагаанд тавих хяналтын механизмыг сайжруулах, хуульд байгаа зохицуулалтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх;

4.1.9.2.Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намын санхүүгийн тайланд хөндлөнгийн мониторинг хийж, мэдээлэх тогтолцоо бүрдүүлэх;

4.1.9.3.Төрөөс олгох улс төрийн намын санхүүжилтийг хүртээмжтэй болгож, парламентад суудалгүй намуудыг хөгжин төлөвших, ашиг сонирхлын бүлэглэлийн нөлөөнд санхүүгийн хувьд автахгүй байх боломжийг бүрдүүлэх;

4.1.9.4.Сонгуулийн зардлыг багасгах, намын гишүүний хандивын хэмжээг тогтоох, улс төрчдийг хандивлагчдаас хараат бус байлгах замаар сонгуулийн санхүүжилтийн асуудлыг нэг мөр зохицуулах, сонгуулийн маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, сонгогч хурууны хээгээр бүртгүүлэх боломжийг судлан шийдвэрлүүлэх;

4.1.9.5.Төрийн албаны аливаа томилгооны явцад төрийн өндөр албан тушаалтан болон төрийн өмчийн хөрөнгийн удирдлагыг улс төрийн намын нөлөөллөөр томилох, чөлөөлөх асуудлыг таслан зогсоох;

4.1.9.6.Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг сайжруулж, хариуцлага тооцох механизмыг бий болгох, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан төрийн өндөр албан тушаалтны эрхийг түдгэлзүүлэх, огцруулах, эгүүлэн татах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

4.1.9.7.Улс төрийн намын дарга, удирдах зөвлөлийн дарга, гишүүд, түүнтэй адилтгах албан тушаалтан хөрөнгө, орлогын байдалд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх;

4.1.9.8.Төрийн бодлого, шийдвэр гаргахад нийгмийн сонирхлын бүлэг, иргэн оролцох, нөлөөлөх буюу лоббидох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

4.1.9.9.Улс төрийн хариуцлагыг өндөржүүлэх болон ил тод байдлыг нэмэгдүүлэхэд иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах.

4.1.10. АВЛИГЫН ЭСРЭГ БОЛОВСРОЛЫН ТҮВШИНГ НЭМЭГДҮҮЛЭХ

Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, авлигын нийгмийн хор уршгийг олон нийтэд таниулах бүх нийтийн соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулан авлигын эсрэг эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.10.1.Олон нийтэд авлигын гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд татан оролцуулах зорилгоор нийтийн албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, тэдгээрийн ажилтан, хүүхэд багачууд, оюутан залуучууд, иргэдэд чиглэсэн авлигын эсрэг боловсрол олгох тусгайлсан дэд хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх;

4.1.10.2.Авлигын эсрэг боловсрол олгох дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог өргөжүүлэх;

4.1.10.3.Авлигын шинжтэй үйлдлийг танин мэдэх, үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх талаар сургууль, нийгэм, гэр бүлээр дамжуулан үндэсний болон орон нутгийн хэмжээнд кампанит ажил зохион байгуулах, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шударга ёс, ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх асуудлыг оруулах;

4.1.10.4.Зорилтод бүлгүүдэд зориулсан сургалтын материал, гарын авлага, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан, авлигыг үл тэвчих хандлагыг бий болгоход чиглэсэн сургалтыг шат дараатай зохион байгуулах, цахим сүлжээг ашиглах;

4.1.10.5.Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа зохион явуулах мэргэшсэн баг, сургагч багшийг бэлтгэх, үйл ажиллагаанд нь үнэлэлт өгөх, дэмжлэг үзүүлэх ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

4.1.10.6.Авлигын эсрэг сайн туршлагыг олон нийтэд түгээх.

4.1.11. ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ

Авлигын эсрэг эрх зүйн орчинг үргэлжлүүлэн сайжруулах, төгөлдөржүүлэх, хууль тогтоомж зөрчсөн буруутай этгээд бүрт хариуцлага ногдуулдаг механизмыг хөгжүүлэн, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.11.1.НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг эрх зүйн харилцан туслалцааны үндэслэл болгон хэрэглэх, эрх зүйн харилцан туслалцааны гэрээг бусад улс оронтой байгуулах ажлыг эрчимжүүлэх, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах чиглэлээр эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүрээнд үр дүнтэй үйл ажиллагааг хангах, эрх зүйн харилцан туслалцааны хүсэлт явуулах болон хүлээн авах үйл ажиллагаанд оролцогч дотоодын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах;

4.1.11.2.НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран ажиллах, олон улсын шинжээчдийг урьж ажиллуулах, тэдгээрийн өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх;

4.1.11.3.НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтэд өөрийн үнэлгээ хийж, санал боловсруулах;

4.1.11.4.Бусад улсын авлигатай тэмцэх болон хууль сахиулах байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, авлигын улмаас гадаад улсад гарсан хөрөнгийг буцаан авч ирэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах;

4.1.11.5.Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг харилцан шилжүүлэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах;

4.1.11.6.Олон улсын болон бусад улсын байгууллагатай хамтарсан сургалтыг зохион байгуулах;

4.1.11.7.Авлигын эсрэг олон улсын академитай хамтын ажиллагааг бэхжүүлж, түүний салбарыг Улаанбаатар хотод байгуулах асуудлыг судалж, шийдвэрлүүлэх;

4.1.11.8.Авлигын эсрэг сүлжээ, санал санаачилгуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, Азийн хөгжлийн банк Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигатай тэмцэх төлөвлөгөө, Мөнгө угаахтай тэмцэх Ази номхон далайн бүлэг зэрэг бүсийн санаачилгыг дэмжиж ажиллах.

4.1.12. ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭХ

Авлигын эсрэг хууль эрх зүйн орчинг сайжруулах, хууль тогтоомж зөрчсөн буруутай этгээдэд хариуцлага ногдуулдаг механизмыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.12.1.НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн үзэл баримтлалд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;

4.1.12.2.Албан тушаалтныг түдгэлзүүлэх, огцруулах, эгүүлэн татах, нээлттэй сонсгол зохион байгуулах харилцааг хуулиар зохицуулах;

4.1.12.3.Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг боловсронгуй болгох, хээл хахууль өгсөн этгээдийг хэргээ илчлэн ирсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг хуульчлах;

4.1.12.4.Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг боловсронгуй болгож, мэдүүлгийг цахим хэлбэрээр хүлээн авах тогтолцоонд бүрэн шилжүүлэх;

4.1.12.5.Нийтийн албаны шинэтгэл, өгөгдлийн сангийн нэгтгэл, төсөв, худалдан авах ажиллагаа, аудит, тусгай сангийн зохицуулалт, чөлөөт хэвлэл, иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, сонгууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг зохицуулсан хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;

4.1.12.6.Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх, Улс төрийн намын санхүүжилтын тухай хууль боловсруулж батлуулах;

4.1.12.7.Авлига, хууль бус үйлдлийн талаар мэдээлсэн албан тушаалтан, иргэнийг урамшуулах, мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

4.1.12.8.Аливаа зүй бус нөлөөлөл, түүний хэлбэрүүдийг тодорхойлж түүнд хүлээлгэх хариуцлагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

4.1.12.9.Хууль тогтоомж хоорондын зөрчлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах;

4.1.12.10.Хууль тогтоомжийн төсөл, бусад эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актад авлигын эсрэг дүн шинжилгээ хийдэг журмыг нэвтрүүлэх.

Тав. ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА, ҮЕ ШАТ, ХҮРЭХ ҮР ДҮН

5.1.Үндэсний хөтөлбөрийг 6 жилийн хугацаанд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

5.1.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шат /2016-2019 он/:

5.1.1.1.Авлигатай тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийтийн албанд цогц шинэтгэл хийх үйл ажиллагаа эрчимжсэн байна;

5.1.1.2.Байгууллагуудын авлигын эрсдлийн үнэлгээ бүрэн хийгдсэн байна;

5.1.1.3.Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ ахисан байна;

5.1.1.4.Цахим үйлчилгээний дэд бүтэц бий болж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх бүх алхам хийгдсэн байна;

5.1.1.5.Шүүх эрх мэдлийн болон хууль хяналтын байгууллагуудын авлигын эсрэг хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирсан байна;

5.1.1.6.Зөвшөөрөл олгох зэрэг төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлж эхэлсэн байна;

5.1.1.7.Хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагаа сайжирсан байна;

5.1.1.8.Шударга байх уур амьсгал нийгэмд төлөвшиж, иргэд өөрт учирч буй бэрхшээл саадыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг илүүд үздэг болсон буюу хүмүүсийн сэтгэлгээ, хандлага өөрчлөгдсөн байна;

5.1.1.9.Чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлж, мэргэжлийн ёс зүй, хариуцлага сайжирсан байна;

5.1.1.10.Монгол Улсын Авлигын индексийн утга сайжирсан байна;

5.1.1.11.Төрийн байгууллагын шударга байдлын түвшин дээшилсэн

байна;

5.1.1.12.Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээний авлигын төсөөлөлд эерэг өөрчлөлт гарсан байна.

5.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр дахь үе шат /2020-2023 он/:

5.2.1.“Транспарэнси Интернэшнл” байгууллагын судалгаагаар Монгол Улсын Авлигын индексийн утга 50 руу ойртсон байна.

5.2.2.Монгол Улсын Авлигын индексийн утга 30 хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй болсон байна;

5.2.3.Төрийн байгууллагын шударга байдлын түвшин 30 хувиар дээшилсэн байна;

5.2.4.Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээний авлигын төсөөлөл 2 руу дөхсөн эерэг үзүүлэлттэй болсон байна;

5.2.5.Төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдал хангагдсан байна.

5.2.6.Улс төрийн, хууль хяналтын, шүүхийн байгууллагын хүрээнд авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх механизмыг бүрдүүлж, авлигын хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгах, мэдээлэгчийг хамгаалахад иргэд хяналт тавих бололцоо бүрдсэн байна;

5.2.7.Авлигад илүү өртсөн салбаруудын болон төрийн дээд түвшинд авлигын хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцөлийг бууруулсан байна;

5.2.8.Хууль тогтоомжийн хийдэл, давхардал арилсан байна;

5.2.9.Олон нийтийн оролцоо, хяналт сайжирсан байна;

5.2.10.Төр, засагт итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн байна.

Зургаа. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ

6.1.Хөтөлбөрийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

6.1.1.Улсын болон орон нутгийн төсөв;

6.1.2.Олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж, төслийн хөрөнгө;
6.1.3.Бусад эх үүсвэр.

6.2.Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж батлуулна.

6.3.Цахим үйлчилгээ нэвтрүүлэхтэй холбогдуулан дэд бүтэц бүрдүүлэхэд шаардагдах зарим зардлын тооцоог асуудал хариуцсан агентлагийн саналыг үндэслэн тогтооно.

Долоо. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

7.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар манлайлан шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллага, төрийн болон төрийн бус, хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшил, хөтөлбөрт заасан чиг үүргийг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

7.1.1.Улсын Их Хурал Үндэсний хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавьж, хөтөлбөрт тусгагдсан хууль тогтоомжийг баталж, нэмэлт, өөрчлөлт оруулна. Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо Үндэсний хөтөлбөрийн жил бүрийн тайланг үр дүнгийн үнэлгээний хамт хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийн мөрөөр авсан арга хэмжээ, зохион байгуулсан үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнтэй Улсын Их Хурал танилцаж, холбогдох чиглэл өгнө.

7.1.2.Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг ерөнхий удирдлагаар хангана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх салбаруудын төлөөлөл бүхий орон тооны бус зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллана. Зөвлөл нь 9-11 гишүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

7.1.3.Зөвлөлийн Ажлын алба (цаашид “Ажлын алба” гэх)-ны чиг үүргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба гүйцэтгэнэ. Ажлын алба нь хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, санал зөвлөмж өгөх, аргачлал боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар зөвлөлийн гишүүдийг тогтмол мэдээллээр хангах, иргэд, олон нийтэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэх, хэрэгжилтийн байдлыг үнэлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ. Зөвлөл нь Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, аргачлалыг баталж, мөрдүүлнэ.

7.1.4.Засгийн газар нь яам, агентлаг, орон нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад нэгдсэн удирдлагаар ханган, уялдуулан зохион байгуулж, тайланг нэгтгэн Ажлын албанд хүргүүлнэ. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусгана.

7.2.Засгийн газраас сайд, агентлагийн дарга нарын баримтлах ёс зүйн кодексийг баталж, үр нөлөөтэй хэрэгжүүлэх нь авлига, шударга бус байдал гарахаас сэргийлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

7.3.Үндэсний хөтөлбөрийн мэдээллийн нэгдсэн цахим сан ажиллана.

Найм. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ

8.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн тайланг үр нөлөөний үнэлгээний хамт доор дурдсан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлнэ:

8.1.1.Улсын Их Хурлаас байгуулагддаг, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллага жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хурлын Тамгын газарт;

8.1.2.Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон шүүх эрх мэдлийн байгууллага жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Ажлын албанд;

8.1.3.Яам, агентлаг, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт;

8.1.4.Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь нэгдсэн тайланг хэрэгжилтийн үнэлгээний хамт, улс төрийн нам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим буюу хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллага нь зохион байгуулсан арга хэмжээний талаарх танилцуулгыг жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор тус тус Ажлын албанд.

8.2.Ажлын алба нэгдсэн тайлан, үнэлгээг жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор Зөвлөлд хүргүүлнэ.

8.3.Зөвлөл нь Ажлын албанаас ирүүлсэн нэгдсэн тайлан, үнэлгээ, танилцуулгыг хэлэлцэж, холбогдох саналын хамт Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.

8.4.Байнгын хороо нэгдсэн тайлан, үнэлгээ, танилцуулгыг хэлэлцэж санал, дүгнэлт гарган, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж олон нийтэд мэдээлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *