Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тарчиг түмний тансаг төсөв

Төсөв гэж юу вэ

Хүн төрөлхтөнд хүй нэгдлийн дараа үеэс төр гэсэн ойлголт үүсч түүнийг тэтгэх мөнгөн санг төсөв гэж нэрлэсээр иржээ. Төр нь хаант, нэг нам, олон намын засаглалтайгаас үл хамааран улс орны гадаад дотоод нөхцөлөөс хамааран аль болох их мөнгө цуглуулахыг хичээнэ. Төсвийн хамгийн гоё тодорхойлолт бол “төрийн ард түмэндээ үзүүлэх үйлчилгээний зардал”. Харин хамгийн муу тодорхойлолт нь “хулгай хийж чадвал хариуцлага хүлээхгүйгээр баяжих үзэгдэл”. Саяхан манай парламент 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууслаа. Энэ нь ерөнхийдөө 2016 оны төсөв батлагдах замдаа орсон гэсэн үг юм. Сонгуулийн өмнөх жил төсвөөр овойж, оцойсон их бүтээн байгуулалт хийх боломжгүй. Тэр тусмаа өнөөгийн хямарсан эдийн засаг тийм боломж олгохгүй. Гэхдээ ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт хийх гэж байгаа дүр үзүүлэх нь эрх баригчдын араншин. 1990 онд байгуулагдсан Д.Бямбасүрэнгийн Засгийн газар төсөв дээр хамгийн зөв бодлого барьж байсан тухай гадны хэвлэлүүд бичсэн байдаг. Монголчууд Москвагаас хараат бус болсноо зарласан тэр үед угаасаа нурж байсан Оросын материал техникийн баазаас бидэнд ирдэг тусламж үгүй болсон гэдэг. Донор орнуудын жаахан тусламжаар улс орныг авч явах хүнд үүрэг 1990 онд байгуулагдсан Улсын бага хурал, Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт ноогджээ. Тухайн үед хувийн хэвшил хэмээх татвар төлөгч байсангүй. Улсын үйлдвэрүүд шил дараалан хаалгаа барьсаар. Манай улсын 1991 оны төсөв 5.3 тэрбум төгрөгөөр батлагдаж байжээ. Энэ нь ДНБ-ий 28 хувьтай тэнцэж байсан аж. 1992 онд төсвийн ДНБ-тэй харьцуулсан хувь 22 болтлоо буурчээ. Энэ үзүүлэлт 1993-1996 он хүртэл 36 хувь болтлоо өссөн ч 1996 онд дахин 22 хувь хүртлээ буурсан байна.

Төсвийн ДНБ-д эзлэх жин нэмэгдэх тусам л эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргаа муудсан байдаг. 1990 оны хоосон лангууг жил хүрэхгүй хугацаанд гадаад паспортын бодлогоор чанар муутай боловч хэрэгцээ хангаад байхаар хятад бараагаар дүүргэжээ. Төсөвт татах мөнгө бага байх тусам толгойтой бүхэн төрөөс дайжиж, компани байгуулж байсан нь түүх болон үлджээ. Харин 18 жилийн дараа буюу 2008 оны төсвийн тухай хуулиар төсвийн орлого 2,4 их наяд төгрөг болж өсчээ. Энэ нь ДНБ-ий 44 хувьтай тэнцэнэ. Харин саяхан хоёрдугаар хэлэлцүүлэг болсон 2016 оны төсөв 7.8 их наяд төгрөг болж батлагдана. Энэ нь ДНБ-ий 30 шахам хувьтай тэнцэнэ. Өнөөдөр дэлхийд эдийн засаг нь хямарч байгаа орнууд төсвөө танах бодлогыг л эн тэргүүнд тавьж байна. Цомхон төсөвтэй орнууд дэлхийн ямар ч хямралыг ажрахгүй давж байгаа бол дэлхий эдийн засаг таатай үед ч баялаг ихтэй орнууд гуйлга гуйсаар л сууна.

Төрийн бус тойргийн төсөв

Эндээс ДНБ-ий 30 шахам хувьтай тэнцэх их хэмжээний мөнгө хураасан төр бидний төлөө юу хийх вэ гэсэн асуулт гарна. Өнгөрч буй 2015 оны улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах урьдчилсан дүн гарчээ. Өөрөөр хэлбэл гэрийн эзэн энэ жил 100 сая төгрөг олно гэж тооцоод хамаг ажлаа төлөвлөчихсөн чинь ердөө л 75 сая төгрөг олж. Дутуу 25 сая төгрөг нь түлш түлээ, байшингийн дээвэр, хүүхдийн сургалт гээд олон талын амьжиргаа залгуулах мөнгө. Дутуу дээвэртэй, хүйтэн байшинд гэрийн эзэн эхнэр хүүхдээ өвөлжүүлнэ. Эхнэрийн “Яаж тооцохоороо олж чадахгүй 25 сая төгрөг төлөвлөдөг байна аа” гэж үглэхээс илүүтэйгээр хүйтэн өвөл ойртож буйг мэдэрсэн хүүхдүүдийн айдастай харц гэрийн эзнийг зовооно. Үнэхээр зарим эдийн засагчид “УИХ яаж алдахаараа төсвийг нэг их наядаар алдаж тооцдог байна аа” хэмээн дуу алдаж байна. Нэг их наяд төгрөг гэдэг бол 600 шахам сая ам.доллар. 20 мянган айлыг нэг өрөө орон сууцаар хангах хэмжээний мөнгө. Эдийн засагчийн хэлснээр өнгөрсөн жил Засгийн газар 500 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв УИХ-д оруулж ирсэн гэнэ. Харин УИХ маань алдагдлыг бууруулж батлахын оронд нэмээд 500 тэрбумын алдагдал баталчихаж. Өөрөөр хэлбэл өнөө жилийн төсвийн нэг их наяд төгрөгийн алдагдлын тал нь УИХ, тал нь Засгийн газрын алдаа болж таарч байна. Айлын авгай нөхрөө тэнэг мулгуугаар нь дуудах амархан. Харин төрийг төлөөлсөн УИХ,Засгийн газрыг хэн загнах вэ гэсэн асуулт гарна.

Сөрөг хүчин гэж хариулах хүн олон байх. Гэхдээ өнөөгийн эрх баригчид сөрөг хүчний шүүмжийг нэг их хүлээж аваад байхгүй нь 2012 оны сонгуулийн маргаашнаас тодорхой болсон. МАН-гүйгээр олонхио бүрдүүлээд хурлаа хийгээд явчихдаг жишиг аль хэдийнэ тогтсон. Ирэх жилийн төсвийг харвал нэг их олон барилга ашиглалтад орохгүй. Маш олон цэцэрлэг, сургуульд хаалга, цонх нэмэх хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ. Өөрөөр хэлбэл тойрог болгонд бүтээн байгуулалтыг дуусгах биш бүтээн байгуулалт явж байгаа шүү гэсэн мессэж өгөх жаахан хөрөнгө амсуулна. Тухайн тойргоос сонгуульд нэр дэвших намын гишүүдээ дэмжсэн бодлого. Энэ нь төсвийг улсын биш тойргийн төсөв болгон хувиргана. Өөрөөр хэлбэл улсын хэмжээний том асуудлыг шийдэх биш. Дов жалганы жижиг асуудлыг шийдэх зам руу хальтирна. Нийгмийн асуудлыг шийдэж чадахгүй ч намын эрх барих хугацааг сунгана. Сүүлийн 20 гаруй жил сонгуулийн өмнөх төсөв ингэж л батлагдсаар ирсэн. Өнөөдөр манай улсын хүн амын тал хувь нийслэлд амьдардаг. Тэд ДНБ-ий 70 хувийг үйлдвэрлэлдэг. Гэтэл төсвийн 30 хүрэхгүй хувь нь нийслэлд ноогдоно. 200 мянга шахам хүн амтай дүүргийн төсөв 20-30 мянган хүнтэй аймгийн төсвөөс бага байх жишээтэй. Төрийг тойргоос бүрдүүлдэг сонгуулийн хууль төсвийг тойрогт тараах л намыг Засгийн эрхэнд гаргана. Нэгэнт тухайн тойрогт оруулж байгаа хөрөнгө нь нийгмийн асуудлыг шийдэх боломжгүй тул олдсон жаахан хөрөнгөө сонгуулиар санал болгох хачин жигтэй саналуудыг эрхэм гишүүд бодож олно. Аймагтаа төрийн туг мандуулах суурь (Ховд аймгийн Жаргалант сум 200 сая төгрөг), аймаг руу орох хаалга, малын нүүдлийн хашаа гэх мэтийн хачин марзан юм бодож олсноор хэдэн тэрбумыг салхинд хийсгэх зам нээгдэнэ. Мэдээж энэ бүхнээ ард түмний хүсэл тачаал мэтээр тайлбарлана. Үнэн хэрэгтээ сонгуулийн санал цуглуулах ядмагхан оролдлого. Энэ нь манай төсөв улс орны нийгмийн асуудлыг шийдэх биш. Тойргийн санал авах хэрэгсэл болсныг батална. Үүний сонгодог жишээ бол энэ жил Өвөрхангай аймагт баригдсан 300 сая төгрөгийн үнэтэй шинэ хаалга. Хэдхэн жилийн өмнө ийм хаалга барьсан ч энэ жил сонгуульдах учраас дахиад нэмж барьсан бололтой юм. Эрхэм гишүүдэд чамлагдаад, бидэнд дааж давшгүй дарамт болоод байгаа ирэх жилийн төсөв нэртэй 7.8 их наяд төгрөг энэ мэтээр л тойргуудад цацагдана.

Ирэх жилийн төсвийн өнгө

Удахгүй хэрэгжиж эхлэх 2016 оны төсөвт сонин содон хөрөнгө оруулалт чамгүй олон байна. Жишээлбэл Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2012-2017 онд баригдах 4.2 тэрбум төгрөгийн төсөвтэй Хүнс худалдааны төвийн барилга. Ирэх онд тус барилгад 395 сая төгрөг оруулна. Хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, хэзээ баригдах дуусах мэдээлэл алга.

Мөн Ховд аймагт 2012-2017 онд баригдах Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж таван тэрбумаар баригдаж дуусна. Ирэх жилд барилгад 1.4 тэрбум төгрөг хаяна. Таван тэрбум төгрөгийн цэвэрлэх байгууламж шаардах их хэмжээний түүхий эд боловсруулж байгаа гэдэг нь эргэлзээ төрүүлнэ. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийг хөгжүүлэх таван тэрбум төгрөгийн төсөлд ирэх онд 50 сая төгрөг олгоно. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Угтах хаалганы их засварт 292 сая төгрөг зарцуулна. Зургаан тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй “Цэрэг спортын төв цогцолбор” төсөлд (Алдар спорт хороо) ирэх жил 52 сая төгрөг л оруулна.

Харин боловсролын сайдын багцад 200 шахам цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулахад 400 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ ирэх жилийн төсөвт энэ мөнгөний 25 хувь нь л суусан байна.

Олон нийтэд таатай нэгэн мэдээлэл бол ирэх жилийн наймдугаар сарын 1-нээс өнөөдөр байгаа найман яам хоёр яам болж нэгдэнэ. Үүнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын, Хөдөлмөрийн, Эрүүл мэнд, спортын, Аж үйлдвэрийн яамдыг нэгтгэж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын, Зам тээврийн, Уул уурхайн, Эрчим хүчний яамдыг нэгтгэж Дэд бүтцийн яам байгуулахаар ирэх жилийн төсвийн төсөлд заажээ. Хэрэгжүүлж чадвал энэ бүтцээс багагүй төсөв хэмнэж мэднэ. Гэхдээ хэрэгжих магадлал тун бага тухай улс төрийн хүрээнийхэн шивнэлдэж байгаа юм.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *