“Цаг, хором бүрээр хэмжигдэн “Хүний амь насыг аварч, хамгаалж явдаг эгэл баатруудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг юм. Тийм болохоор би ажил мэргэжилдээ хайртай” гэж ярих бүсгүйг Ч.Ариунаа гэдэг. Онцгой байдлын ерөнхий газарт ажилладаг, дэд хурандаа цолтой нэгэн. Түүнийг энэ удаагийнхаа “Өдрийн зочин” буландаа урилаа. Дэд хурандаа Ч.Ариунааг онцолж байгаа минь дараахь учиртай юм.
НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс өнгөрсөн сарын 27-29-ний өдрүүдэд Тайландын Вант улсын Бангкок хотод хуралдсан байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дөрөвдүгээр хуралдааны үеэр 2015-2017 онд ажиллах Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дарга болон орлогч нарыг томилох асуудлыг хэлэлцсэн байна. Чингээд хорооны даргаар Фижи улсын Хөдөө аж ахуй, орон нутаг, далайн хөгжил, үндэсний гамшгийн удирдлагын сайд, Орлогч даргаар Бүгд найрамдах Киргизстан улсын Онцгой байдлын дэд сайд, Филиппин улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын үндэсний албаны дарга болон Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ч.Ариунаа нар тус тус томилогдсон юм байна. Бүр тодруулбал, Монгол эмэгтэй бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцохоор болжээ.
Уг ажиллагааны удирдах бүрэлдэхүүнд сонгогдохоор олон орны зочид төлөөлөгч өрсөлдсөн ч дэд хурандаа Ч.Ариунаа шалгарч чаджээ.
Залуу нас, чин сэтгэлээ онцгой байдлын салбарт зориулж яваа бүсгүйн туулж ирсэн амьдралын түүхийг сонирхлоо. Тэрбээр нийслэлийн ерөнхий боловсролын XVIII дунд сургуулийг төгссөн. 1997 оны хавар дунд сургуулиа төгсөөд нэгэн их сургуульд шалгалт өгөөд тэнцчихсэн байжээ. Гэтэл дотнын найз нь ирээд “Хоёулаа Батлан хамгаалахын их сургуульд шалгалт өгье. Гоё хувцас өмсдөг юм байна лээ” гэж ятгасан байна. Цэргийн амьдралын талаар тухайн үед анхан шатны ямар ч төсөөлөлгүй байсан түүний санаанд гаалийн байцаагч нарын өмссөн хувцас жавхаалаг сайхан харагдаж байсан нь буусан гэнэ. Ингээд Батлан хамгаалахын их сургуульд очиж шалгалт өгчээ. Гэвч найз нь биш Ч.Ариунаа тэнцжээ. Улмаар БХИС-ийн Хилийн цэргийн сургуульд суралцаж, 2001 онд сургуулиа төгсөөд, ангиараа Сүхбаатарын талбай дээр сүр жавхлантайгаар жагсаж, ромбо дипломоо гардан авчээ. Сургуулиа төгссөний дараа Сэлэнгэ аймаг руу томилогдсоноор хотын хүүхэд хөдөө орон нутагт ажиллах нь тэр. Тэрбээр удалгүй Улсын иргэний хамгааллын газарт ажилд оржээ. Эндээс л түүний Онцгой байдлын салбарт ажиллах зам мөр тавигдсан түүхтэй аж. 2010 онд Австралийн Үндэсний их сургуулийг гэр бүлийн хамт зорьж бакалаврын дараахь диплом, магистр гэсэн хос дипломтой 2013 онд төгсөж ирээд ОБЕГ-таа эргэн ажиллаж эхэлжээ.
Ч.Ариунаа дэд хурандааг ажлынхан нь “Их зарчимч. Ямар нэг ажил эхлүүлчих юм бол дуусгаж байж санаа амардаг. Ийм л хүмүүс онцгой байдалд байх хэрэгтэй” гэж үнэлж байна лээ. Харин Ч.Ариунаа “Манай ээж хатуу, зарчимч талдаа хүн. Ээжийн минь хатуу юм шиг хэрнээ зүг чигийг заах, аливаа зүйлийг бодож эргэцүүлэхээр үгс миний амьдралд их хэрэг болдог гэж боддог. Би ээжээсээ суралцдаг. Зарчимч зан өөрийнхөө үзэл бодолд тууштай, үнэнч байхад нөлөөлдөг гэж боддог” хэмээн даруухнаар хариулсан юм.
Бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг удирдах бүрэлдэхүүнд Монгол Улсыг төлөөлж оролцох болсон түүнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Э.Баатар