Categories
гадаад мэдээ

ОХУ-ын онгоц халдлагад өртсөн үү?

Өнгөрсөн бямба гарагт Шарм эль-Шейхийн Улаан Тэнгис амралтын газраас хөөрч, Санкт-Петербургийн Пулково нисэх онгоцны буудлыг чиглэн нисэж явсан Оросын онгоц Египетийн Синайн хойгийн уулархаг бүсэд осолдлоо. Уг онгоцонд 217 зорчигч хөлгийн багийн долоон гишүүн нийлсэн 224 хүн зорчиж явсан бөгөөд бүгд амиа алдсан юм. Тэдний 25 нь хүүхдүүд байсан аж.

Хэргийн газар ОХУ болон Египетийн аврах багийнхан өчигдөр очиж үзлэг хйижээ. Энэ үеэр онгоцны нэг хар хайрцаг болон 129 зорчигчдын цогцсыг олж Каир хот руу илгээсэн байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 162 хүний цогцсыг ОХУ-руу явуулсан гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.

Египетийн Иргэний нисэхийн хүчний сайд Хоссам Камил “Онгоц осолдохоос өмнө хэвийн бус зүйл байгаагүй. Гэнэт л радараас алга болсон” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Харин ОХУ-ын Тээврийн яамны сайд Максим Соколов “Террористууд зенитийн пуужин ашиглан онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдэж байгаа ч тодорхой баримт байхгүй байна” гэж РИА Новости агентлагт мэдээлжээ.Мөн онгоц сүйрэх үеэр цаг агаар таатай байсан гэж CNN, Интерфакс зэрэг томоохон агентлагууд мэдээлж байна. Юутай ч Эмират, Эйр Франц, Люфтханза гэсэн агаарын тээврийн гурван том компани Синайн хойгийн дээгүүр нислэг үйлдэхийг түр хугацаагаар хориглоод байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ослын газар яаралтай мөрдөн байцаалт явуулахыг Ерөнхий сайд Дмитрий Медведевт даалгажээ.

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Эль-Сиси ОХУ-д эмгэнэл илэрхийлээд “Нээлттэй мөрдөн байцаалтын ажилд ОХУ-аас аль болох олон шинжээчийг оролцуулна” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар холбогдож эмгэнэл илэрхийлсэн бөгөөд АНУ шаардлагатай нөхцөлд тусламж үзүүлэхэд бэлэн гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ням гарагт улс орон даяар гашуудал зарлалаа. Мөн тэрээр амиа алдсан хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Энэ бол ОХУ-ын иргэний агаарын тээврийн түүхэнд гарсан хамгийн том осол ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *