Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Алтангэрэл: Ц.Баасандоржийг хэлмэгдүүлбэл хуульчид зүгээр хараад суухгүй, тэмцэнэ

Өмгөөлөгч
Ц.Баасан­дорж Л.Гансүхийн өмгөө­лөг­чөөр ажиллаж эхэлсэн цагаасаа хууль хяналтын байгууллагад шалгагдах болсон.
Жил гаруйн дотор АТГ-аас түүнийг таван
удаа шалгуулсан байдаг. Харин энэ удаад Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж
өмгөөлөгчийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэл­тэст шалгуулахаар өргөдөл өгсөн.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүр­гийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Идэр Шүүхийн
ерөн­хий зөвлөлд өмгөөлөгч Ц.Баасандоржийн эсрэг гомдол гаргасан байдаг. Х.Идэр
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Ч.Гансүх нарыг шүүх хурлын үеэр
түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүгч хэрэгт барьцаанд орсон байж болзошгүй
байдлаар оролцож байгаа. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар
тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг
шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр
хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж
чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс
Баянзүрх, Сүх­баатар, Чингэлтэй дүүр­гийн эрүүгийн шүүхэд хэр­гийг
шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс
татгалзаж байсан юм. Энэхүү мэдэгдлийг Х.Идэр нэр төрд нь халдсан гэж үзээд
ийнхүү шалгуулахаар гомдол гаргасан. Үүнийг нь Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээн
авч, цагдаад өргөдөл гаргасан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгчийн эсрэг гомдол гаргаж байгаа талаар
хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Шүүхийн
ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөө­лөгчийг цагдаад шал­гуулахаар шийдвэр
гаргасан байна лээ. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?

-Энэ талаар
ярихын өмнө өмгөөлөгч гэж хэн юм бэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүн ямар нэгэн
хэрэгт холбогдохоос эхлээд мөрдөн байцаагч, прокурор, шинжээч,
цаашлаад шүүх, шүүхийн шийдвэр
гүйцэтгэх байгууллага гээд маш олон шат дамжлагаар дамждаг. Энэ дунд хүний
эрхийг хамгаалдаг, хүний эрхийг зөрчигдөхөөс сэргийлдэг мөрт­лөө ямар нэгэн эрх
мэдэл эдэлдэггүй субъект гэвэл ганцхан өмгөөлөгч. Тухайн орны хууль хяналтын
байгуул­лага өмгөөлөгч нартай яаж харилцаж байна. Өмгөөлөгчийн эрх зүйн байдал
ямар байгаагаас тухайн орны хүний эрхийн төлөв байдлыг мэдэх боломжтой байдаг.
Эрүүгийн хууль чангатай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаандаа өмгөөлөгчийн
эрхийг хязгаарладаг улс орнууд нь дарангуйлагч орнууд байдаг юм. Сүүлийн үед
өмгөөлөгч нарын тулгамдаад байгаа асуудал
Ц.Баасандорж өмгөөлөгч дээр тод ажиглагдах боллоо. Өмгөөлөгч
Ц.Баасандоржийн талаар юм л бол цагдаа тайлбар авлаа, шалгуулж байна гэдэг.
Хамгийн сүүлд гэхэд шүүхээс цагдаад өргө­дөл гомдол гаргаж цаг­даад шалгуулж
байна гэх мэдээ­лэл гарсан. Үүнд хуульч, өмгөө­лөгч хүнийхээ хувьд сэтгэл
эмзэглэж хүлээж авсан.

-Ц.Баасандоржийг
ажлаа сайн хийж, АТГ, прокурор, шинжээч нарын
хорхойтой араанд зуугдаж байна гэх хүмүүс ч байна?

-Манайд хууль
тогтоомжтой холбоотой алдаа дутагдал их байгаа нь үнэн. Гэхдээ хуулийг буруу
хэрэглэж бай­­гаа тохиол­дол бүр их байна. Социализмын үед хүн өмгөөлснийхөө
төлөө Төв аймгийн шоронд сууж байсан Яримпил өмгөөлөгч болон өнөөдөр хүн
өмгөөлснийхөө төлөө хэрэг үүсгэгдээд цаг­даад шалгагдаад явж байгаа
Ц.Баасандорж хоёрын хооронд 30 гаруй жилийн зай байгаа боловч манай хууль эрх
зүйн систем хүний эрхийг хамгаалах тал дээр хэрхэн явж байна вэ гэдэг тод
харагдана. Хэдэн жилийн өмнө би ч гэсэн
14 хоног хоригдож байсан. Намайг өмгөөлөгчийн ажлаа хийсний төлөө шүүх 14 хоног
хорих ялаар шийтгэж, үйлчлүүлэгчээ өмгөөлөх эрхийг хязгаарлан хааж байсан.
Тэгэхээр Монгол Улсад өмгөөлөгч хүн ажлаа хийх бололцоо байна уу гэдгийг эргэж
хармаар байна. Энэ бол Л.Гансүхийн хэрэгтэй огт хамаагүй зүйл. Зөвхөн
Ц.Баасандорж өмгөөлөгчийн ажлаа хийсний төлөө буруутгагдаж байгаа асуудлыг ярьж
байгаа юм шүү. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ц.Баасандоржийг хохь нь. Ингэх
гээд байсан юм” гэх мэдээлэл гарч байна лээ. Өмгөөлөгчийг шүүхэд шалгуулж
байгаа хэргийг Л.Гансүхийн хэрэгтэй холбож яриад байгаа юм. Ц.Баасандорж гэдэг
хүнд Л.Гансүх гэдэг хүн огт хамаагүй. Өнөөдөр Л.Гансүх гэдэг хүнийг өмгөөлж
байна. Маргааш О.Алтангэрэл намайг ч юм уу. Нөгөөдөр өөр нэг хүнийг
өмгөөлнө. Өмгөөлөгч хүний ажил ийм л
байдаг. Хүнийг хэрэгт орж, хамгийн их
ядарч явах үед хажууд нь өмгөөлөгч л байдаг. Тэгэхээр өмгөөлөгч гэдэг
бол хүний эрхийг хамгаалдаг хүн гэсэн өнцгөөс харах хэрэгтэй байна. Хүмүүс
Ц.Баасандоржийг Л.Гансүхийн өмгөөлөгч гээд л дайраад байгаа юм. Тэр хүн
өмгөөлөгчийн ажлаа л хийсэн шүү дээ. Ц.Баасандоржийг мэргэжил нэгт хүний хувьд
өмнө нь хэд хэдэн хэрэг дээр хүн өмгөөлж байхыг харж байсан. Тэр хүний төлөө
сэтгэл гаргаж чаддаг. Өмгөөлөгчөөр нь ажиллаад эхэлсэн бол дуустал нь явж
чаддаг. Хүнийг их бага, мөнгөтэй мөнгөгүй гэж ялгаварлаж харилцаад байдаггүй.
Хүчний өмнө зусардаад байдаггүй сайн талтай өмгөөлөгч гэж харж байлаа.

-Л.Гансүхийн
хэргийг шүүх хурлыг үзсэн үү. Өмгөөлөгч шүүхээс татгалз­сан үндэслэлийг юу гэж
бодож байна вэ. Шүүхээс татгалзсан үндэслэлээсээ болоод буруудаад байна?

-Гэм буруутай
холбоо­той асуудал тусдаа шүүх шийд­вэрлэх ёстой. Ц.Баасандорж өмгөөлөгчтэй
холбоотойгоор хүмүүс янз бүрээр л хэлж байна лээ. Мэргэжлийн ур чадвар, хүнээ
өмгөөлсөн байдлыг сайн муу янз бүрээр л ярьж байна. Гэхдээ шүүх хурлыг
үзсэн хүн болгон нэг зүйлийг ажигласан
байх. Өөрийнхөө зорилгын төлөө,
үйлчлүүлэгчийнхээ төлөө эцэст нь тултал явж чадах, өмгөөлөгч хүнд байх ёстой
хамгийн чухал чадвар байгааг харуулж чадсан. Энэ зүйл ямар ч сурах бичиг болон
ном, эрдмийн зэрэг цолноос илүү өмгөөлөгч хүнд байх ёстой чадварыг тод харуулж,
хамгаалж чадсан. Ц.Баасандоржийг шүүхээс
цагдаад шалгуулахаар өгсөн үндэслэлийг харсан. Би шүүгч Х.Идэр, хэрэгт
сэжиглэгдэж байгаа ахыг нь таньдаг, ямар хүмүүс вэ гэдгийг мэднэ. Тэгэхээр
Х.Идэр шүүгчийг ахынхаа хэргээс болоод Л.Гансүхийн хэрэг дээр хувийн сонирхлоор
хандсан байна гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ хүн болгоны нүдэн дээр ил
байгаа баримтыг өмгөөлөгч “Энэ ийм зүйл
болсон юм биш үү” гэж тавьсныхаа төлөө өнөөдөр хэрэг үүсгэгдээд явна гэдгийг
зөвшөөрөхгүй байгаа. Бодит амьдрал дээр юу болсноос эс шалтгаалаад үүссэн
нөхцөл байдал дээр анализ хийгээд өмгөөлөгч хүн шүүгчээс татгалзах бүрэн
эрхтэй. Хэрвээ би нэг хэрэгт өмгөөлөгчөөр орох гэж байтал хэргийг шийдэх гэж байгаа шүүгч эсрэг талын
хүнтэй цайны газар хоол идээд сууж байх юм бол би шүүгчээс татгалзана. Гэхдээ
шүүгч тэр хүнтэй хоол идээд сууж байхдаа тэр хүнээс мөнгө авч байгаа зүйл гэсэн
үг биш. Надад тийм сэтгэгдэл төрж байгаа болохоор татгалзаж байгаа юм. Үүнийг
хүлээж авч шийдвэрлэх нь шүүхийн асуудал.
Харин ингэж үндэслэл тавьж шүүхээс татгалзсаны төлөө Ц.Баасандоржид ямар
нэгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх юм бол үүнийг эсэргүүцэх зоригтой,
зүрхтэй, сэтгэлтэй хуульчид олдоно гэж бодож байна.

-Гэхдээ
Ц.Баасандорж хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр олон удаа ярилцлага өгч, АТГ,
прокурор, шүүхэд шүүмжлэлттэй хандсан шүү дээ?

-Л.Гансүхийн шүүх
хурал дууссаны дараа Прокурорын газраас удаа дараа Л.Гансүх яагаад буруутай
талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байна лээ. Харин эсрэгээрээ шүүхийн шийдвэр гарсны дараа
Ц.Баасан­дорж өмгөөлөгч сэтгүүлч нарт
ярилцлага өгснийг нэг ч удаа хараагүй. Хуульч хүний ёс зүй гэж ийм байдаг.
Шүүхийн шийдвэр гарсны дараа хэн нэгэн этгээд буруу шийдвэр гаргачихлаа гэж
хэлж болдоггүй. Нэн ялангуяа хуульч хүний ёс зүйн хувьд шүүхийн шийдвэрийн зөв
бурууг ярьдаггүй. Шүүгч нарын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч
гэсэн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гомдлоо гаргаад л явдаг болохоос биш
олон түмний өмнө тэр нь зөв, энэ нь буруу гээд явдаггүй юм. Яагаад прокурор
Л.Гансүхийн хэргийг онцолж ярих болов. Бусад олон мянган хэргээс онцолж
Л.Гансүх буруутай, өмгөөлөгч Ц.Баасандорж буруутай гэж ярих болов. Энэ бүгдээс
харахад улс төрийн зорилготой яригдаад байгаа нь үнэн юм биш биз дээ. Дараагийн
шүүх хурлын шийдвэрт нөлөөлөх гэж байгаа
юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Хуульчид бид болж байгаа зүйлийг энэ
болж байна гэж ярьдаг. Болохгүй байгаа зүйлийг шүүмжилж байж урагшаа явна.
Хэрвээ энэ байдлаараа Ц.Баасандорж гэх өмгөөлөгч залууг АТГ, прокурор,
шүүхээс хэлмэгдүүлэх, мэргэжлийн дагуу
үйл ажиллагаа явуулс­ных нь төлөө
буруутгах гэж байгаа бол олон хуульч зүгээр суухгүй. Бид байр сууриа
илэрхийлнэ. Тодорхой зүйл­сийг хийнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хуульч нартаа
хандаж хэлэхэд Ц.Баасандорж гэх хувь хүн, Л.Гансүх гэдэг хүний өмгөөлөгч
гэдгээр нь биш мэргэжил нэгтэй, эгнээнд чинь яваа хуульч
гэдэг утгаар нь хүлээн авч, цаашид юу болохыг анхаарч байгаасай гэж хүсч
байна.

-Өмгөөлөгч нар
ажлаа сайн хийдэггүй. Хууль хянал­тын бай­гууллага хууль зөрчиж байгааг
чимээгүй хараад л сууж байдаг гэх яриа олны дунд байдаг. Гэвч Ц.Баасандоржийн
үйлчлүүлэгчээ өмгөөлж байгааг хараад олон хүний сэтгэл эргэх шиг боллоо?

-Бүх хуульчид
сайн гэж хэлэхгүй. Ёс зүйгээ уландаа гишгээд даргынхаа хий гэснийг үг дуугүй
хийдэг хуульчид байна. Эсвэл хүний мөнгийг авдаг. Тэгсэн мөртлөө ажлаа огт
хийдэггүй. Аливаа зүйлийн учрыг олохгүй олны анхаарлыг өөртөө татаж, нэр хүнд
олох гэж оролддог. Өөрийн эрх ашиг мөнгөний төлөө явж байгаа хуульч олон бий.
Үүнийг үгүйсгэхгүй. Мөн хүний төлөө явдаг хуульч ч олон байгаа. Хүнийг яллахаас
татгалзаад ажлаасаа халагдсан прокурор
бий. Хөнгөн ял өгсөн гээд Улсын дээд шүүх дээр загнуулж байсан залуу шүүгч
байгаа. Хүнээ өмгөөлөөд Ц.Баасандорж шиг буруутаж байсан өмгөөлөгч байна. Бид
энэ зөв үлгэр дуурайллыг дэмжих ёстой. Гэхдээ ингэчих юм бол тэр намайг яах бол
гэж айж байна. Айхаар ч цаг үе ирчихсэн. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж,
зоригтой дуугарсных нь төлөө шахаж хавчиж байна. Энэ болгоноос айгаад дуугүй
суугаад байх юм бол өчигдөр хөршийг чинь бариад аваад явах үед чи юу ч
дуугараагүй. Өнөөдөр чамайг бариад явах үед хэн ч дуугарахгүй, өмөөрөхгүй гэсэн
үлгэрээр явна. Бүгд энэ системд орно. Хуульчид энэ хайрцагт орж болохгүй. Эрх
чөлөөний хамгийн өндөр мэдрэмжтэй байх ёстой. Өөрсдийнх нь мөн чанарт суучихсан
байх ёстой зүйлийн нэг нь энэ.

-Өмгөөлөгч нар
бусдын дарамт шахалтад орох тохиол­дол байдаг биз дээ?

-Өмгөөлөгч нарт
дарамт шахалт зөндөө ирдэг. Надад ч цөөнгүй ирж л байсан. Гараажид нь хүлээж
байгаад төмрөөр гарыг нь хуга цохи­сон байсан. Энэ бол юу ч биш. Биед нь
халдсан, хадга­ламж зээлийн хоршооны хэргийн үеэр өмгөөлөгчийн хувцсыг урж
тасдаж хаясан, өмгөөлөгч нарыг хорьсон, шүүхээр үндэслэлтэй болон үндэслэлгүй
торгосон гээд өмгөөлөгчийн эсрэг хандсан зүйл маш их гарч байгаа. Энэ болгон
дээр хуульчдын болон өмгөөлөгчдийн байгууллага эрс шийдэмгий арга хэмжээ авах
ёстой. Саяхан Хуульчдын холбооны ерөнхийлөгч солигд­сон байна лээ.
Цаашид хуульч, өмгөөлөгчдийн эрх нь зөрчигдөж байгаа асуудал дээр тодорхой байр
суурь барих болов уу гэж харж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *