Categories
гадаад мэдээ

Беларусь анх удаа уран зохиолын чиглэлээр нобелийн шагналтантай боллоо

Анагаах ухааны Нобелийг шимэгч хорхойтой тэмцэгчид авлаа

Энэ оны хамгийн эхний Нобелийн эзнээр АНУ-ын эрдэмтэн, шимэгч судлаач Уильям Кемпбелл болон Японы эрдэмтэн, микробиологч Сатоши Омура нар тодорсон юм.

Эрдэмтэд цагаан хорхой буюу олон төрлийн шимэгт хорхой, халдвар тараагчийг устгах бэлдмэл гаргаж авчээ. Тэд 20 гаруй жилийн турш “энтеробиоза”, “анкилослтомоза”, “трихоцефалеза” гэх гурван төрлийн хавдар, нян үүсгэгчийг устгах бэлдмэл гаргаж авахын тулд ажилласан байна.

Мөн Хятад улсын эрдэмтэн Юю Ту халуун орнуудад тархаж, олон хүнийг үхэлд хүргэдэг хумхаа өвчнийг эмчлэх эртний нууц жор боловсруулсныхаа төлөө Нобелийн эзэн болсон юм.

Физиологи, анагаах ухааны салбарын энэ жилийн Нобелийн шагналтнуудын хувьд дэлхийн хүн амын бараг гуравны нэг хувь нь амьдарч буй бүс нутагт хамгийн ихээр тохиолддог өвчлөлд судалгаа хийсэн гэж Нобелийн хорооноос онцолсон юм.

Физикийн салбарын Нобелийг эгэл бөөмийг судлагчид хүртлээ

Физикийн салбарын 2015 оны Нобелийн шагналыг Такааки Кажита /Япон/,
Артур МакДональд /Канад/ нар нейтрино бөөмийн хурд, шилжилт, хөдөлгөөнд
хэмжсэн судалгаагаараа хүртлээ.

Канадын физикч Артур МакДональд (1943 онд төрсөн) нарны нейтриног хайх
зорилготой Сандбери дахь Нейтрино одон орон судлалын даргаар ажилладаг
байна. Харин Японы физикч Такааки Кажита (1959 онд төрсөн) агаарын
нейтрино хайх зорилготой Super-Kamiokande туршилтын багийг удирддаг
байна.

Хоёр эрдэмтний хийсэн судалгаагаар хэрэв нейтрино бөөм бие биедээ
хувирах аваас эдгээр нь тодорхой хэмжээний хүндийн жинтэй байна гэдгийг
тогтоожээ. Нейтрино цахилгааны хувьд саармаг буюу цэнэггүй, бараг масс
байхгүй тул судлахад маш хэцүү байдаг юм. Тэгвэл хоёр эрдэмтэн
лабораторид тусгай багаж хэрэгслийг ашиглан энэхүү туршилтыг хийсэн
байна.

Ихэнх нейтрино бөөмс аливаа биетийг нэвтлэн гарах боловч цөөн хэсэг нь
тэдгээрийн атомуудтай мөргөлдсөнөөс янз бүрийн эгэл бөөмс үүсэх бөгөөд
уг үзэгдлийг нейтриногийн хэлбэлзэл хэмээн нэрлэдэг байна.

Орчлон ертөнцийн үүслийн эхний шатанд матери болон антиматерүүд адил
хэмжээтэй оршин байсан гэж үздэг. Хэрэв тэдгээр нь хоорондоо мөргөлдвөл
бүрэн задарч үгүй болох ёстой. Гэтэл бидний оршин байгаа өнөөгийн орчлон
ертөнц зөвхөн материйг агуулдаг. Нейтриногийн хэлбэлзлийн мөн чанарыг
тодорхойлж чадвал орчлон ертөнцөд зөвхөн матери орчин байгаагийн нууцыг
тайлах боломжтой гэгддэг байна. Иймд нейтрино бөөмийн хурдыг хэмжих
туршилт нь түүний хэлбэлзлийг илрүүлэхээс гадна орчлон ертөнцийн оршин
байгаа зүй тогтлын нууцтай холбогдож байгаа юм.


ДНХ-ийг засагчид Химийн Нобелийг гардана


Швед, АНУ, Туркийн гурван эрдэмтэн Химийн салбарын 2015 оны Нобелийн шагналыг хүртэх боллоо.

Тэдний бүтээл нь эсүүд хэрхэн гэмтсэн ДНХ-ийг засварлаж, нөхөн
сэргээдгийг судалсан бүтээл юм. Үүгээрээ тэд хорт хавдрыг эмчлэх шинэ
арга боловсруулах зорилготой гэнэ.

Шагналын эзэд болох Шведийн иргэн Томас Линдаль, Америкийн иргэн Пол
Модрич, АНУ-Туркийн иргэн Азиз Санкар нар найман сая Швед крон
ойролцоогоор 960,000 ам.долларыг хувааж авах юм.

Шведийн Шинжлэх ухааны Рояал Академи тэдний ажлыг “эсүүд хэрхэн ажилладаг тухай суурь мэдлэгийг нээсэн” хэмээн үнэлжээ.

Энэ нээлт нь хорт хавдрыг эмчлэх шинэ арга гаргахад том түлхэц болно гэж үзэж байна.

Одоогоор эрдэмтэд хорт хавдрын эсүүдийн засагдах механизмыг эвдэх туршилт хийж байгаа гэнэ.


Беларусь Нобелийн эзэнтэй боллоо


Энэ оны Уран зохиолын салбарын нобелийн эзнээр Беларус улсын зохиолч
Светлана Алексиевич хүртсэн байна. Ийнхүү Беларусь улс анх удаагаа уран
зохиолын салбарын нобелийн эзэнтэй болов.

Зохиолч дайны хохирогчид болон эрх мэдлийн золиос болж буй эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар голлон бичдэг билээ.

Тэрбээр анхны номоо 1983 онд хэвлүүлсэн бөгөөд дэлхийн II дайны үеэр
ЗХУ-ын улаан армийн цэргүүдэд гутаан доромжлуулж, бие болон сэтгэл
санааны хохирол амссан иргэдэд зориулжээ. Алексиевич 2013 онд нобелийн
шагналд нэр дэвшсэн байна.

Тэр Беларусийн эрх баригчдыг шүүмжилсэн бүтээлүүдээсээ болоод тагнуулж
чагнуулан хавчигдаж, сүүлийн 10 орчим жил гадаадад амьдарч байгаа юм.

Алексиевич Уран зохиолын Нобелийн шагнал хүртсэн 14 дэх эмэгтэй, анхны
сэтгүүлч, сүүлийн хагас зууны хугацаан дах анхны баримтат (non fiction)
төрлийн зохиолч болж байгаагаараа онцлогтой.

Баримтат төрлийн зохиолч нараас хамгийн сүүлд 50 гаруй жилийн өмнө
философич Бертран Рассель, улс төрч, түүхч Уинстон Черчилль нар Нобель
хүртэж байсан гэнэ.


Хэлэлцээр хийгчид Нобелийн Энх тайвны шагналтан боллоо


Энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналыг Тунисын Үндэсний яриа хэлэлцээрийн дөрвөл хүртэхээр болжээ.

Нобелийн шагналын хорооны тэргүүн тэднийг 2011 оны хувьсгалын дараа
“улс орноо зөвшилцлийн ардчилалд шилжихэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн”
хэмээн онцолсон байна.

Тунисын дөрвөл энэ шагналд өрсөлдсөн 273 нэр дэвшигчээс шалгарч чаджээ.

Тэдний дунд Германы канцлерь Ангела Меркель, Ромын пап Фрэнсис зэрэг алдартнууд байсан юм.

Тунисын дөрвөл нь Тунисын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэл, Тунисын
Үйлдвэрлэл, Худалдаа, Гар урчуудын Холбоо, Тунисын Хүний эрхийн Лиг,
Тунисын Хуульчдын Нэгдэл гэсэн дөрвөн байгууллагаас бүрдэж байгаа аж.

Нобелийн шагналын хорооны тэргүүн онцлохдоо эдгээр байгууллагуудыг
Тунисын нийгмийг бүрэн төлөөлдөг гээд “уг дөрвөл нь Тунисыг тайван
замаар ардчилсан өөрчлөлт, шилжилт хийхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм”
гэжээ.

Харин энэ сарын 12-нд буюу өнөөдөр Эдийн засгийн салбарын нобелийн эзэд тодрох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *