Categories
мэдээ цаг-үе

Нацагийн ТАРВАА: Домог болсон таван генералыг захирч явлаа

Өдгөө ерэн насны сүү­дэр зэрэгцэж буй Нацагийн Тарваа гуайтай ярилцлаа. Тэрээр спортын анхдагч эмч нарын нэгэн юм. Бүр тодруулбал, Монголд спор­тын эмнэлэг бай­гуу­­лагдахад даргаар нь ажил­­лаж байж. 1964 оны Токиогийн олимпод Монголын тамирчид анх оролцоход Тарваа гуай эмчээр явж байсан. Жаран найман оны Мехикогийн олимпод мөн л эмчээр явж Ж.Мөнхбат аваргыг мөнгөн медаль хүртэхэд гавьяа байгуулсан гэдэг. Хөнгөн атлетикийн анхны шигшээ багийн тамирчин, цанын спортын ууган мастеруудын нэгэн гээд түүний тухай өгүүлбэл барагдахгүй түүх хөврөх ажгуу.

-Монголд спортын эмнэлэг байгуулагдаж, биеийн тамирын эмч гэх алдрыг анхлан хүртсэн хүн бол та. Үүнээс улбаалаад тантай олон сэдвээр ярьж болно. Офицерийн сургуульд суралцаж байсан үеэс тань яриагаа эхэлье гэж бодлоо л доо?

-Өвгөн миний ажлын гараа бол яалт ч үгүй их жанжин Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуулиас эхэлсэн түүхтэй. Тэртээ дөчин гурван онд Офицерийн сургуулийн долдугаар ангид элсэн орж байлаа. Тус сургуулийн тавдугаар ангид хожим ардын уран зохиолч болсон Сэнгийн Эрдэнэ гэж хүү байлаа. Манай сургуулиас олон алдар суутнууд төрсөн юм. Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зүтгэлтэн П.Хаянхярваа байна. Мөн ардын эмч, хөдөлмөрийн баатар Ж.Хайрулла байна. Тэд надаас ганц нэг дүү хүмүүс л дээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа манай сургуулийн хөгжмийн багш байлаа. Монголын анхны долоон генералын нэг Гончигийн Дагдан хурандаа цолтой захирал нь байлаа. Батлан хамгаалах яамны сайд байсан Монголын домог болсон генералуудын нэг Лувсангийн Моломжамц, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга байсан дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, хошууч генерал Донойн Бямбаа, Сэнгийн Гомбосүрэн, Гэндэнпил гээд аваргуудын салаан захирагч нь би байлаа. Домог болсон таван генералыг захирч явсан гэхээр сайхан санагддаг. Саяхан Молом (Моломжамц генералыг хэлж байна) бид хоёр эмнэлэгт хамт хэвтээд гарсан.

Офицерийн сургуулийг Маршал Чойбалсан байгуулсан гэдэг. Та Мар­шалыг олонтаа харсан нь мэдээж. Танай сургуулиар ирж байсан уу?

-Тийм ээ, Маршал өөрөө байгуулсан сургууль юм. Анх Гандангийн тэнд дан цагаан байшинд байсан. Маршал өөрөө байгуулсан учир манай сургуулиар хааяа ирнэ. Сүх жанжны гэргий Янжмаа гуай мөн ирнэ. Залуу жанжин гэгддэг Жамьяангийн Лхагвасүрэн ирнэ. Энэ гурван хүн их ирдэг байсан. Сүхбаатар жанжны хүү Галсан нэг хэсэг манай сургуулийн захирал байлаа. Тэр үед Янжмаа гуай байнга ирдэг байсан. 1953 онд сургуулийн 10 жилийн ойгоор бид Маршалын өрөөнд очлоо. Тэр үед Засгийн газрын ордон одоогийн Боловсролын их сургуулийн байранд байсан санагдана. Маршалын өрөөнд орлоо. Хурлын өрөөнийх нь модон ширээнүүдийг улаан одончуу даавуугаар бүтээчихсэн харагдсан. Одоо эргээд санах нь ээ, Маршалын өрөө бусдаас онцгойрох зүйлгүй байсан. Сонсогч хүүхдүүдээ, өнөө хэдэн генерал, хожмын ардын цолтон, хөдөлмөрийн баатруудыг чинь би дагуулж орсон хэрэг л дээ. Тэднийгээ ахалж явсны хувьд Маршалын өмнө номхон зогсоод рапорт өглөө. Чойбалсан гуай товчхон үг хэлсэн. Түүнийг нь би хуучин монгол бичгээр тэр даруй нь буулгаж авсан юм. Маршалын хэлсэн, миний буулгаж авсан тэр үгийг манай сургууль үг, үсэг орхилгүй бичээд ханандаа хадчихсан, хүүхэд бүр цээжилж байсан юм даг. Ингэхэд би Маршалыг 1939 онд Дорноговь аймгийн бага сургуульд байхдаа харж байсан хүн.

Тэр тухайгаа сонирхуу­лахгүй юу?

-Дорноговийн бага сургуульд Маршал зочилж очсон хэрэг. Урьд өмнө хараагүй гоё хар машинтай хүмүүс очлоо. Сурагч биднийг гэрээс гаргадаггүй. Хүүхдүүд болсон хойно сонирхож гэрийнхээ тотгоор өнөө хар машинтай хүмүүсийг сонирхон харж, Маршалыгаа анх гэрийн тотгоор шагайж харсан түүх тэр. Бүрээ дуугарсны дараа гарна шүү гээд сургуулийн захирал мэдэгдсэн байв. Удаа ч үгүй бүрээн дуу тасхийлээ. Бид ч гүйлдээд гарав. Маршал хүүхэд бүртэй дотночилж гар барьж байсан. Зүгээр гар бариад өнгөрөх биш хүүхдүүдийг нарийн гярхай харж, хувцас хунарыг нь ажиглаж байсан. Маршалын нүдэнд хэд хэдэн хүүхэд өртсөн юм. Тэдний эсгий гутал цоорч жийрэг нь цувсан байсныг Маршал анзаарч, сургуулийн захирлыг загналаа. Тэгээд Сүрэнжав гэдэг хүнд хандан гутал нь цоорхой хүүхдүүдийн тоо аваадах гэв. Өнөө Сүрэнжав нь нэг, хоёр гээд гараараа дохиод тоолж эхэлтэл Маршал “Чи ямар мал тоолж байгаа юу. Командалж зогсоогоод өөрсдөөр нь тоолуулаач” гэж сүрхий уурлаж билээ. Бидний зургийг Дэмбэрэл гэж алдартай кино оператор авч байсныг сүүлд мэдсээн. Тэр зураг кино хальсанд үлдсэн байдаг. Маршалын тухай түүхэн кино зураг гарахад дорно дахины нэртэй академич болсон Ишжамцын дүр сүрхий тод харагддаг юм. Хүү нь Сэргэлэн гээд Архивын газрын дарга байсныг хүмүүс мэднэ байх.

-1964 оны Токиогийн олимпод Монголын тамирчид анх оролцсон түүхтэй. Та тэрхүү багийн бүрэлдэхүүнд спортын эмчээр явж байсан гэдэг?

-Анагаахын сургууль одоогийн Их сургуулийн харьяа Хүн эмнэлгийн факультет гэж байхад нь би суралцаж байсан. Офицерийн сургуульд байж байгаад орсон учир хөгшин оюутан байсан. Манай ангиас хөдөлмөрийн баатар, ардын эмч Б.Жав тэргүүтэй Монголын анагаах ухааны нэртэй эмч нар төрсөн байдаг. Тус сургуулийн гуравдугаар ангид байхад Биеийн тамирын төв зөвлөлийн дарга Ядамсүрэн гэж хүн “Нөхөр минь чи спортын хүн. Спортын эмнэлгээр дагнан, сурч боловсрох хэрэгтэй байна” гээд юугаа ч мэдэхгүй оюутныг Москвад болсон дэлхийн биеийн тамирын эмч нарын курст улсын зардлаар явуулчихдаг юм.Ингээд тус курсыг төгсч ирээд биеийн тамирын төв зөвлөлд эмчээр ажилласан.

Токио, Мехико, Мюнхений гурван олимпод Монголын баг тамирчдын эмчээр ажиллах алтан хувь заяа надад тохиосон юм. Тэдгээрийг он дарааллаар нь ярина гэвэл урт түүх болно. Жаран дөрвөн оны Токиогийн олимпод манайх чөлөөт бөх, дугуйн спорт, хөнгөн атлетик, буудлага, гимнастик гэсэн төрлүүдээр оролцож байсан. Чөлөөт бөхөд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа нарын нэртэй тамирчид оролцож байсан. Тэдэнд би ойр зуурын эм тариа өгнө, иллэг массаж хийнэ. Бусад төрлийн тамирчдад ч ялгаагүй эрүүл мэндийн ямар үйлчилгээ хэрэгтэй байна, түүнийг нь хийнэ. Нэг инээдтэй гэмээр дурсамж хэлье л дээ.

Тэгээч хө?

-Жаран найман оны Мехикогийн олимпийн үе. Тэр үед зөвлөлтийн мэргэжилтэн Богданов гэж эмч манай тамирчидтай хэсэг хугацаанд ажилласан юм. Мань нөхөр зөвлөлтөөс нэг ч эм тариатай ирээгүй. Харин гаднын үзэгдэж харагдаагүй витамины гоёмсог хайрцаг хэд хэдийг авчирсныг нь би мэднэ л дээ. Богданов надаас C витамин авч тэдгээр хайцагнуудад хувааж хийснээ “Гагарин сансарт нисэхдээ энэ эмийг ууж байсан юм гэдэг” гээд манай хэдэд өгдөг байгаа. Би ч учрыг нь мэдээд чимээгүй байлаа. Ингээд олимпод оролцохоор Мехикод ирчихлээ, Мөнхбат маргааш нь барилдах гээд байж байтал өнөө “Гагарины эм” нь алга болчихож. Бөөн уур бухимдал. Нэг нь хусчихгүй юу. Манай хүн чинь уурлахаараа хамар дээр нь хэд хэдэн атираа үүсээд сүртэй шүү дээ. Маргааш барилдана гэж байтал эм алга гээд сүйд. Тэгэхээр нь би Мөнхбатад “Богданов буцахдаа надад хэдийг үлдээсэн юм. Хэрэгтэй үед наад хэддээ өгөөрэй гэсэн юм” гээд C витаминаас хэдийг өгчихлөө. Ингээд Мөнхбат маань Америкийн алдарт бөх Пэкхэмийг ялж мөнгөн медалийн эзэн боллоо. Эх орондоо анхны мөнгөн медалийг авчирлаа гээд бид бөөн баяр хөөр болсон нь мэдээж. Барилдаан дууссаны дараа аварга хэлж байна. “Тарваа эмч ээ таны өгсөн эмийн хүчинд л яллаа шүү дээ” гэв. Сүүлд би Мөнхбатад учрыг нь хэлээд сүвээ рүүгээ нэг айхтар хатгуулсан даа.

Сайнцог хурандаа нэгэнтээ “Монголын тамирчдаас хөнгөн атлетикийн Тарваа гуайг хайрлан хүндэтгэдэг. Энэ хүн миний хүүхэд ахуй цагийн шүтээн. 1958 онд 10 мянган метрийн холын зайн гүйлтэд түүний тогтоосон рекордыг наяад оны дунд үед л эвдсэн. Нэртэй тамирчнаас гадна спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд их зүйл хийсэн гарамгай зүтгэлтэн” гэж хэлсэн нь бий. Тэгэхээр та олон хүний шүтээн болсон хүн. Цана, хөнгөн атлетикийн спортод үзүүлсэн амжилтаасаа дурдахгүй юу?

-Ерэн насны өндөрлөгт хүртлээ зүтгэхдээ спортоос бие, сэтгэл салгасангүй. Чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик, цана, дугуй, гимнастикийн алтан үеийн тамирчид намайг багш аа, эмч ээ, зарим нь дасгалжуулагчаа гэдэг. Би чинь 1943 оноос хөнгөн атлетикаар хи­чээл­лэж эхэлсэн. Б.Даш, Ж.Гом­босүрэн, Л.Чимиддорж, Ч.Най­дан гээд нэртэй дасгал­жуулагчдын удирдлагад бэлтгэл сургуулилт хийдэг байв. Хөнгөн атлетикийн төрөлд 30 шахам удаа рекорд шинэчлэн тогтоосон. 1953 онд холын зайн 10 мянган метрийн төрөлд 31 минут гүйсэн амжилт үзүүлж, улсын рекордыг шинэчилсэн. Энэ амжилтыг 1983 он хүртэл Монголын шигшээгийн тамирчид эвдээгүй юм. Харин Сэрээтэр гэж хүн 30 минут болгож эвдсэн бол сүүлд Сэр-Од гавьяат маань 29 минут болгож дэлхийн жишигт хүргэсэн. Хөнгөний анхны шигшээ багт дархан аварга Ш.Батсуурь, хурц арслан Ц.Бадамсэрээжид нар байсан. Шидэлтийн тамирчид юм. 1948-1962 он хүртэл цанын спортод тасралтгүй амжилт үзүүлсэн. Ууган мастеруудын нэг л дээ. Зундаа хөнгөнөөр гүйгээд намрын улиралд дугуй, өвөл цана, бусад үед нь гимнастикаар хичээллээд жилийн дөрвөн улиралд өөрийгөө сорино. Түүний буян юм байлгүй, ерэн настай надад өвдөх өвчин гэж алга. Одоо мөн ялгаагүй жуулчидтай дугуй болон мотоциклийн аялал хийгээд явж байна.

Монголын дугуйчид Бээжинд анх очиж Майн баярын жагсаалд ороход та явсан түүхтэй?

-200 гаруй хүн явна гэж өргөдөл гаргаснаас 12 хүн явж байлаа.Төв хорооны орчуулагч Тэшээжалбуу, Лувсанчүлтэм, Дотоод явдлын яамны Бат-Очир гээд албаны хүмүүс байсан. 1953 оны дөрөвдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотоос хөдөлсөн юм. Хоолтын давааны наахна хоноглолоо. Тэгтэл шөнөдөө битүү цас дараад хонодог байгаа. Босоо орхисон дугуйнууд бүгд унаад зөвхөн бариул нь харагдаж байж билээ. Буцъя гэхэд буцаж болохгүй. Биеийн тамир спортын хорооны дарга Жигмэддорж машинтай араас давхиж очин яв гэсэн тушаал өгсөн. Хоол хүнс ачсан ГАЗ-53 машин биднийг дагана. Монгол Хятадын хооронд биеийн тамирын найрамдалт харилцаа тогтоосны анхны уулзалт тэр юм. Хятадын Соёлын хувьсгал гараагүй байсан үе шүү дээ. Замын-Үүдийн хил дээр хүрээд очлоо. Хилийн баганын наана Монголын нутагт ганцхан бор гэр бөөвийтөл байж байна. Харин хилийн цаана эмнэлгийн тэрэг, усны машин гээд арав гаруй машин эгнээд зогсож байна. Хуучин манай нутагт байсан Цагаан-Овооны сүмийн үүдэнд хятадууд биднийг найрсгаар угтсан. Цагаан хэрэм, Жанчхүүгийн давааг тэгж л дугуйгаар давж байлаа. Майн баяраар Хятадын төв талбайд бид дугуйтайгаа жагссан. Монголын дугуйчид жагсаалд оролцож байна гэж зарлахад Мао Зедун дарга бидэн рүү гараараа даллаад элгэмсгээр мэндчилж байлаа. Мөн далан зургаан оны өвөл Хиагтаас Улаанбаатар руу цанаар явж байсан түүх ч бий. Энэ мэт Монголын спортын хөгжил дэвшлийн замд олон түүхийн гэрч болж дээ, өвгөн ах нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *