Categories
мэдээ цаг-үе

Бүгдээрээ хочтой 4в-гийнхэн

Цагдаагийн академийн 1998-2002 оны 4в ангийнхныг “Нэг анги” буландаа урилаа. 4в ангид Булган, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл гээд ихэвчлэн орон нутгаас ирсэн 29 залуус нэгджээ. Цагдаагийн академид ороход өндөр 165-аас дээш, жин 60 кг-аас дээш гээд шалгуур өндөр учир шижигнэсэн залуус цугласан нь ойлгомжтой. Цэргийн сургууль дотроо сонсогч, дэд түрүүч, түрүүч, ахлах түрүүч гэсэн цолтой. Нэг ангид хоёр дэд түрүүч байдаг ёсоор 4в ангид Ж.Пунцаг, Н.Баттөмөр нар байжээ. Тэд Иргэний хамгаалалтын 102 буюу одоо Онцгой байдлын аврах тусгай ангийн хашаанд нэг сар карантинд гарч байжээ. Карантины үед л цэрэг хүний дэг журам, тэсвэр хатуужлыг олж авсан талаар ярьж байлаа. Карантинд байхдаа өглөө зургаан цагаас босоод шөнө 12 цагт унтана. Өдөр нэг цаг амраад бусад цагт нь байнгын хөдөлгөөнтэй гүйж, харайж, маршанд алхах, наранд цэх зогсож сурна гээд цэрэг хүний дэгийг ойлгожээ. Ж.Пунцаг “Карантинд анх очихдоо би боксоор хичээллэдэг, жаахан пээдгэрдүү, халаасандаа гараа хийж явдаг хүү байсан. Тэгсэн харин халаасанд чулуу хийж дүүргээд оёчихдог юм байна. Цэргийн дэг журмыг тэр үед их сайн ойлгосон доо” гэж ярих зуур Т.Мөнхсоёл “Саяхан гарсан ”Маш нууц” кино бидний карантины үеийг санагдуулж байна лээ. Хүмүүс цэргүүдийг их дэглүүлж байсан гэж ойлгоод байгаа юм. Тэр олон сахилгагүй хүүхдийг тэгж л сургахгүй бол болохгүй шүү дээ. Харин ч хатуужна, тэсвэр тэвчээртэй болно. Эр хүн болоход тэр байтугай л юм үзнэ шүү дээ” гэж ярив. Бид оройн зугаалга гэхээр гараад тэнээд явчихдаг юм байх гэсэн чинь жагсаалын талбай тойроод дуулаад алхдаг юм билээ гээд цэргийн дэгд яаж суралцсанаа ам уралдан ярьж байна.

Бид нэгдүгээр курсэд ороод л барилдаад ноцолдоод явна. Уг нь цэргийн сургууль учраас эрэмбэтэй. Дээд курсийн ах нар зогсож байвал доод курсийнхэн үзэгдэхгүй шүү. Бид нар төгсөх курсдээ хүртэл коридортоо ноцолдоод л гүйж байдагсан гэж намба суусан офицерууд хуучнаа дурсан хууч хөөрөлдөнө. Ангийн дарга буюу дэд түрүүч Ж.Пунцаг “Цагдаагийн дээдийнхэн эрчүүд голдуу учраас хөдөлгөөнтэй хүүхдүүд их байсан. Олон эрэгтэй хүн байгаа газар хөгтэй явдал их. Бие биенийгээ байнга шоглоно. Хамгийн их онигоонд ордог нь би, даруухан нь Л.Цэлмэг, М.Ням-Очир. Хамгийн сахилгагүй нь гэвэл Г.Галбадрах, Н.Баттөмөр, Ж.Оргилсайхан” гэж нэрлэж байснаа “За ер нь даруухнуудаа бичсэн нь дээр юм байна” гээд инээлдлээ.

4в ангийнхан нэг нэгнийгээ бүгдийг нь хочилдог юм байна. Оюутан цагийн хоч нь одоо ч хүчинтэй хэвээр. Л.Цэлмэг “Хааяахан бид нар амьтны хүрээлэнд байгаа юм шиг санагддаг шүү” гэж инээлдэв.

Нэгдүгээр ангид дөнгөж ороод байхад нь бүгдийнх нь үсийг хусчихаад ургац хураалтад вагоноор авч явжээ. Ж.Пунцаг “Ногоонд явах гэж байгаа учраас сонсогчийн цэрэг хувцас өмсөхгүй бүгдээрээ энгийн хувцас өмсчихсөн байсан. Вагонд суухад цагдаа нар гарч ирээд л командлаад байдаг юм байгаа биз дээ. Тэгсэн хүмүүс энэ хоригдлууд юм байх даа гэж бодчихож. Вагонд ороод явж байсан нэг ах манай ангийн хүүг дуудаад ах нь ч бас алдаж явсан. Сэтгэлээр битгий унаарай гээд дайлж байсан шүү” гэж ярив. Ногооноос ирээд нэгдүгээр курсэд нэг жил сургуулийнхаа казарамд байрлажээ. Тэдний үеийнхэн хамгийн сүүлд казарамд байрласан юм байна.

Г.Дуламсүрэн “Казарамд байхад 300 гаруй сонсогч, ажилчин байрладаг байсан юм. 300 орчим хүн байрладаг учраас халбага, сэрээ тарааж өгөхгүй. Өөрсдөө халбагануудаа энгэрийнхээ халаасанд хийчихдэг байсан. Жагсаж орж ирээд хоол ирэнгүүт халааснаасаа халбагаа гаргаж ирээд хоолоо иднэ. Халбагаа бид нар хүрз гээд нэрлэчихсэн. Өдөр болгон тэгсээр байгаад рефлекс болчихсон. Амралтын өдрүүдээр хоёр долоо хоногт нэг удаа гадагшаа гаргадаг байсан юм. Тэр үеэр гэртээ харина, хөдөө байдаг нь хамаатныдаа очно. Би Сэлэнгээс ирсэн учраас нэг удаа найзындаа очлоо. Цэргийн формтойгоо сууж байсан юм. Айлд ортол хоол хийж өгчихөөд халбагаа авчрах хооронд нь халааснаасаа мангар том халбага гаргаж ирээд идэж гарахад айлынхан нь гайхдаг юм байгаа биз дээ. Би ч өөрөө санаа зовоод “Эгч ээ бид нар хүрзтэйгээ явдаг юм аа гэж билээ” хэмээн яриад бөөн инээдэм болов.

Цагдаагийн академийнхан тухайн үед охид ихтэй сургуулийнхантай шефэлдэг байжээ. Ангиас шефийн төлөөлөгчөөр хотын яриа гайгүйтэй хэд нь яваад охидод санал тавиад зөвшөөрөл авдаг байжээ. Бид сургуулиасаа гардаггүй учраас охидоо шинэ жилээр авчирдаг байсан юм. В.Алтантүлхүүр “Анагаахын нэг ангитай шефэлсэн чинь тэдний анги нэг бандитай юм байна. Тэр нь юу ч бодоод ороод ирсэн юм. Бид ч миний найз одоо харихгүй юу даа гээд улайн цайм жийгээд гаргачихсан” гээд инээд алдаж байна. Эдний ангийн хоёр залуу шефэлсэн ангиасаа ханиа сонгожээ. Н.Баттөмөр Испани хэлний Говь дээд сургуулиас, Т.Хаш-Эрдэнэ ХААИС-иас гэргийгээ сонгож өнөр өтгөн айл гэр болжээ.

Цагдаагийн дээд курсийн оюутан жилд 14 хоног л амрах эрхтэй байдаг байж. Бусад үед дадлага хийх хуваарьтай. Нэгдүгээр курст цагдаагийн амьдрал үзээгүй оюутнуудыг цагдаагийн дадлага хийлгэнэ. Хоёрдугаар курст хэсгийн байцаагчийн дадлага гээд хороон дээр захиргааны хэрэг, зөрчил шийдвэрлэнэ. Гуравдугаар курст хэрэг бүртгэх мөрдөн байцаах дадлага. Төгсөх курст уртын дадлага буюу эрүүгийн албаны гүйцэтгэх албаны дадлага хийдэг байжээ. Ж.Пунцаг “Би 13-р хорооллын цагдаагийн хэсэгт дадлага хийсэн. Намайг дөнгөж очих үед эхнэр нөхөр хоёр зодолдоод, нөхөр нь эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага ирлээ. Би хорооны цагдаа нараа дагаад явсан юм. Тэр үед эргүүлийн цагдаа гэж байгаагүй. Машин тэрэггүй хэцүү үед цагдаа нар дуудлагадаа алхаад явна. Би чинь дөнгөж оччихсон, гүйгээд очмоор санагдаад л байна. Тэр олон дуудлага ирж байхад ядарсан цагдаа нар юун тэгж гүйх. Тэгж л цагдаагийн амьдралын амтыг мэдэрч байсан” хэмээн ярив.

Ангийнхан Дэд хурандаа Бат-Эрдэнэ багшдаа их хайртай байжээ. Тухайн үед сургуульдаа шинжилгээний хичээл ордог байж. Ж.Пунцаг “Нэг удаа намайг дэд түрүүч учраас итгээд өрөөнийхөө түлхүүрийг өгөөд шохой аваад ир гэсэн юм. Би өрөөнд нь ороод компьютер дээр шалгалтын асуултууд байхаар нь принтерлээд ангиараа асуултуудаа нэг нэгээр нь аваад бэлдчихсэн юм. Шалгалтын үеэр билет тараачихаад буцаагаад авчихна. Тэр үед нь хүүхдүүд авсан билетээ биш бэлдсэн билетээ биччихсэн. Тэгээд ангиараа онц авч байлаа. Тухайн үед багш маань их баярлаж байсан юм. Уучлаарай багшаа гэж хэлье” хэмээн олон жилийн нууцаа задаллаа.

Эдний ангийнхны хамгийн идэвхтэй, спортлог нь Ж.Пунцаг ажээ. Оюутан байхдаа спортын мастер цолтой байж. Гардан тулаан, боксын тэмцээнд голдуу ордог том биетэй залуу байжээ. Г.Ганбат “Сонсогчийн алдраар гардан тулааны тэмцээнд манай Пунцаг ороод бид дэмжих гэж спортын ордонд очсон юм. Тэгсэн манай хүн “Чингисийн цавчилт”-аараа алдартай Нарантунгалагтай таарчихлаа. Уг нь гайгүй хожоод явж байсан чинь Нарантунгалаг “Чингисийн цавчилт”-аа хийгээд нам унагаачихсан. Накаутанд ороод шүүгч тооллоо. Бид чимээгүй л байгаад байсан. Ашгүй найз маань босч ирээд тоглолтоо дуусгасан” гэж ярих зуур Ж.Пунцаг “Би овоо амжилт гаргачихсан учраас өөрөө их сагсуурч байсан үе. Ангийхан намайг их шоолно. Тухайн үедээ их эмзэглэдэг байлаа. Одоо бодоод байхад ангийнхан маань намайг их дардаг байж. Сагсуураад яаж хүн амьтан зодоод явдаггүй байсан юм. Тэгж унасан байхад зүүдэн дунд ангийнхан шоолоод инээж байгаа нь сонсогдож сандраад босоод ирсэн шүүгч тоолж байсан. Манай ангийнхан шоолдоггүй байсан бол би босч ирэхгүй тэмцээн дуусах байсан байх” гэж ярив.

Дөрвөн жил мөр зэрэгцэн сурсан залуусын хонхны баяр их дуулиантай болж байжээ. Тэд Сүхбаатарын талбай дээр задгай УАЗ 469 машинаар байлдааны цуваа шиг цувж очоод хөндлөн сүлжиж давхилдав. Тэр үед талбай дээр машин гардаггүй байсан үе. Тухайн үед төрийн ордноос цагдаагийн академийн захирал хурандаа М.Батаев руу залгаад “Чи Төрийн эргэлт хийх гээд байна уу” гэж байсан аж. А.Баттөмөр “Хонхны баярын дараа төгсөлтын баяр дээр жинхэнэ ромбо, диплом цолоо авна. Тэр олон жил мөрөөдсөн учраас төгсөлтийн баяраар цагдаа хувцсаа өмсөхийн дон болчихсон залуус дэслэгч цол тэмдгээ аваад сургуулийнхаа туганд хүндэтгэл үзүүлж байлаа. Огшоод л сайхан байдаг юм билээ” гэж дурслаа.

4в ангйинхан төгсөөд бүгд хөдөө орон нутагт томилогджээ. Одоогоор Төрийн албанд Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүгчээр Г.Баясгалан, Орхон аймгийн Цагдаагийн газарт дэд даргаар хошууч В.Алтантүлхүүр, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дэд дарга хошууч Т.Мөнхсоёл, Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргаар дэд хурандаа Ю.Чулуунбаатар, Говьсүмбэр аймгийн улсын бүртгэлийн газрын даргаар Л.Цэлмэг, Тагнуулын ерөнхий газрын .. дугаар газарт орлогч даргаар дэд хурандаа Б.Мэгзэр, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн даргаар дэд хурандаа Б.Баатарзориг, Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн даргаар Нямдаваа, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар хошууч Н.Төмөрбаатар, хошууч Г.Золжаргал, Тахарын ерөнхий газарт ахлах ажилтнаар Д.Батгэрэл нар ажиллаж байна.

Бизнесийн салбарт “Алтан ноёд трейд” компанийн захирал Ж.Пунцаг, Г.Дуламсүрэн “Oriflame” компанийн топ лидер. “Түшиг багана” ХХК-ийн захирал Г.Ганбат, “Сайран булган” ХХК-ийн захирал Т.Хаш-Эрдэнэ нар явна.

Эдний ангийнхан төгсөөд 13 жил болж байгаа юм байна. Жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр ангиараа уулзалддаг уламжлалтай аж. Тэр өдөр цагдаагийнхан цол шагналаа авна. Ерөнхийдөө цуглаж цагдаагийн баяраа тэмдэглэдэг уламжлалтай гэнэ. Эдний ангийхан одоо ч бие биеийнхээ зовлон жаргалыг хуваалцаж, асуудал гарсан үед хэдэн талаас цуглан нэгнийхээ түшиг тулгуур нь болдог юм байна. Ангийнхаа 10 жилийн уулзалт дээр фэйсбүүк хуудас нээж салшгүй эргэх холбоотой болжээ.

4в ангийнхан хоёр дэд түрүүчтэй байсан ч харамсалтайгаар Ц.Хангал гэх залуугаа алджээ. Дэд түрүүч Ц.Пунцаг “Ангийн анд Ц.Хангал маань Дундговь аймгийн цагдаагийн газар, тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан хөдөлмөрч залуу байсан. Хүнд өвчний улмаас бурхан болсон. Андын минь цог золбоотой гялалзсан инээд бидний сэтгэл зүрхэнд үргэлж дуурсагдах болно” гээд ангийнхан дэд түрүүчдээ хүндэтгэл үзүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *