Categories
мэдээ цаг-үе

Бүжиг, дархан, жимсээрээ алдаршсан Хаш чулууны хот буюу КАШГАР

<Түрүүч нь 229,230(5181,5182) дугаарт>

Үрүмчи хотноо тав хоног үргэлжилсэн “Шинэ торгоны зам, эдийн засгийн бүс” форум өндөрлөсний дараа бид Кашгарыг зорилоо.

Кашгар бол уйгаруудын эх нутаг. Үрүмчийн нисэх онгоцны буудал дээр шалган нэвтрүүлэх газарт урт дараалалд өдрийн хагасыг барах дөхөв. Дарааллын уртыг хэлэх үү, хилийн нэвтрэх шалгалтын удааныг хэлэх үү. Үрүмчиэс Кашгар хүртэл онгоцоор хоёр цаг нислээ. Кашгар руу ойртох тусам онгоцны цонхоор харагдах өндөр уулс, хөвөн мэт хөвсийх үүлс нь урьд үзээгүй сонин дүрсээр хийсч нүд баясгана. Нисэх онгоцны буудлаас хотын төв рүү автобусаар явах замд “Хэрэв та Кашгарт очоогүй бол Шинжаан-Уйгарыг үзээгүй, Шинжаан-Уйгарт очоогүй бол Хятадыг үзээгүй гэсэн үг” гэж бичсэн самбар нүднээ тусав.

Шинжаан-Уйгарын хоёр дахь том хот Кашгар нь оюун, шашин, соёлын том төв нь. Торгоны замын гол зангилаа, худалдааны хот. Кашгарт уйгар, хан үндэстнээс гадна хуэй, узбек, киргиз, тажик болон нийт 31 үндэстэн аж төрнө. Кашгарын үндсэн хүн ам нь уйгарчууд буюу лалын шашинтан. Кашгар гэдэг нь уйгар хэл дээр Хаш чулууны хот гэсэн утгыг илэрхийлнэ. Кашгар Энэтхэг, Пакистан, Киргизстан, Тажикстан, Афганистан гэсэн таван улстай хиллэнэ. Өнгө алагласан Дундад Азийн зах, урлагийн бүтээлийг тусгасан дархны газруудыг эндээс л жинхэнэ төрхөөр нь харна. 2000 гаруй жилийн түүхтэй тус хот нь өөрийн өнгө үзэмж, амьдралын хэв маяг, зан заншлаараа жуулчдыг татдаг. Хэдэн зууны турш торгоны замын уулзвар болж байсан тус хотод алдарт аялагч Марко Поло XIII зуунд зочилж байсан түүхтэй. Тэрээр энэ хотын талаар номондоо бичиж үлдээсэн нь түүхийн төдийгүй судалгааны үнэлж баршгүй баримт болсон гэдэг юм билээ. Эрт үеэс гадныхантай худалдаа наймаа эрхэлж ирсэн нутгийн иргэдийн хувьд аль ч орны ямар ч хүнтэй панз үсэргэх чадвартай бөгөөд хэнийг ч элэгсгээр угтана.

Кашгарыг Хятад, Энэтхэг, Пакистан, Төвд, Афганистан, Дундад Азид хүрэх хаалга хэмээдэг. Тиймээс ч өдгөө тус газар нь олон үндэстэн ястны холимог соёл, уламжлалыг шингээсэн нь эргэн тойрны бүхий л зүйлсээс нь анзаарагдана. Тус хот 570 мянга гаруй хүн амтай. Хүн амын дийлэнх нь уйгар үндэстэн. Сонирхолтой нь энд уйгарчууд хятад хүнтэй барагтай бол гэр бүл болдоггүй гэнэ.

Кашга рт ирсний маргааш өглөө эртлэн босоцгоож, Эртний хотод нь очив. Цайзын ханан дээр цэргүүд бүрээ үлээж, эрээвэр хураавар хувцастай бүсгүйчүүд, залуус, хөгшчүүл бүжин бүжсээр биднийг угтлаа. Хэд хэдэн хорооллоос бүрдэх тус газрын оршин суугчид эртний амьдарч байсан хэв маягаа хадгалан үлджээ. Анх очсон хүн Эртний хотоор ганцаар явдаггүй гэнэ. Толгой эргэм тойрог, эргэлт, мухар гудам бүхий тус хотын зохион байгуулалтыг бүрэн ойлгоход сарын хугацаа зарцуулдаг гэсэн. Хоорондоо төстэй өндөр шавар ханан цайзаар хүрээлээстэй. Хятадын эрх баригчид уг хотыг хуучин хэвээр нь үлдээж, жуулчдын анхаарал татах үүднээс нэлээд хөрөнгө зарцуулаад байгаа юм билээ. Зарим хэсэгт нь сэргээн засах ажил ид өрнөж байхтай таарлаа. Нарийн гудамжуудаас бүрдсэн хорооллын гудамж бүр худалдааны захтай.

Наймаа арилжаа хийдэг хүмүүс кашгарын хутга, хивс, хас, арьс шир болон шавраар хийсэн эд зүйлсийг худалдаж авдаг бөгөөд хамгийн чанартай бөс даавуу Кашгарт л бий гэдэг юм байна. Дархны урлал, бүжиг, жимс нь Кашгарыг алдаршуулжээ. Гар хийцийн дархны урлалын эд зүйлс нь захууд дээр ил байх тул түүнийг рекламдах шаардлагагүй. Мөн бэлэг дурсгалын зүйл ч олноороо ярайна. Зах нь “Кашгарчуудын амьдралын эрч хүч, зүрх сэтгэл нь” гэж хэлсэн үг байдгийг нутгийнхан ярьж байлаа.

Ид Ках лалын сүм бол энэ хотын түүхийн гол дурсгалуудын нэг. 1442 онд анх баригдсан тус сүмийг нэг бус удаа шинэчилсэн юм байна. Сүмд өдөрт доод тал нь 2000-3000 хүн цуглардаг бол баасан гаригт 10 мянган хүн ирж мөргөл үйлдэнэ. Уг сүм хэмжээгээрээ Хятаддаа томд тооцогдох агаад мөргөлийн үеэр дотогш хүн амьтан нэвтрүүлэхгүй ч завсарлагааны үеэр жуулчдад нээлттэй. Эмэгтэйчүүд толгойгоо алчуураар боосон байх бөгөөд хэт ил задгай хувцас өмсөөгүй бол орж үзэж болдог.

Кашгар хотыг мопед хөлөглөсөн бүсгүйчүүд нь чимнэ. Хятадын бусад нутгаас ялгаатай нь энд мопед гол унаа нь. Ялангуяа эмэгтэйчүүд энэ унааг их түгээмэл унана. Уг тээврийн хэрэгслийг энгийн цахилгааны залгуурт холбоод л цэнэглэдэг гэсэн. Нэг сайн цэнэглээд авбал 40-60 км явчихдаг гэж хотын бүсгүйчүүд ярьж байлаа. Охид бүсгүйчүүд нь замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас барьж хүнтэй ярингаа жимстэй уут барьсан нөгөө гараараа мопедоо эвлэгхэн жолоодон явж буй дүр зургийг олонтаа харав. Мөн нөхөр нь жолоо барьж, эхнэр нь ард нь хөлөө унжуулан сундална. Харин дугуй унасан хүн нэг ч тааралдаагүй юм.

“Шапка базар”-т биднийг аваачив. Тэнд тоорцгон малгай буюу уйгарчуудын хэлдгээр доппа малгай олон загвар байх аж. Уг малгай нь дотроо олон төрөл байх бөгөөд дөрвөлжин, пирамид, дугуй оройтой. Мөн үндэсний хэв маягийг шингээсэн, чулуу, элдэв өнгийн даавуугаар чимсэн, хээ хуар угалзаар урласан байх юм. Эмэгтэй хүний малгайны хэв маяг нь илүү тод өнгөтэй байх бол эрэгтэйчүүдийнх сонгодог, энгийн байх жишээтэй. Харин залуучууд, охид хурц өнгийн малгай сонгоно. Уйгарын доппа малгай нь уйгар үндэсний зан заншлыг өөртөө шингээсэн байдаг бөгөөд зөвхөн ахуйн хэрэглээ төдийгүй Эртний хотын урлаг, соёлыг давхар илтгэдэг.

Абах Хожи бунхан. Энэ бунхныг л зорьж ирдэг хүмүүс байдаг гэнэ билээ. Дундад Азийн хэв маягийг шингээсэн энэ газарт Юсуф Хожи Эзэн хаанаас авахуулан таван үеийн удирдагчдыг нутаглуулсан гэдэг. Нийт 72 хүнийг ийн оршуулсан байдаг аж. Тэнд ард түмнийхээ дунд төдийгүй түүхэнд нэрээ үлдээсэн Юсуф Хожигийн хүү Абах, домог болсон Ипархан гүнжийг нутаглуулжээ.

Кашгарыг жимс ногооны орон гэнэ. Пайзиватын амтлаг гуа, анар, чацаргана, усан үзэм, бүйлс, жодоо, инжир зэргээрээ алдартай. Мөн Турк, Киргизстан, Саудын Аравиас авчирсан хуурай жимсийг энд төрөл төрлөөр нь худалдаална.

Уйгар үндэстний эртний цайны газарт орлоо. Торгоны замын соёлын өв хэмээн тооцогдох уг цайны газар нь тус хотын соёлын үнэт өвүүдийн нэг. Хүмүүс чөлөөт цаг, амралтын өдөр, баяр ёслолоор энд ирж цай ууж, боов идэнгээ ярилцан хөөрөлддөг заншилтай.

Шэнжэнь хотхон. Кашгарын эдийн засгийн гол хөгжлийн бүс болгохоор зорьж буй хотхонд хотын удирдлагууд ихэд анхаарал хандуулдаг ажээ. Хотхонд ойролцоогоор 31 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, олон улсын худалдааны цогцолбор дүүрэг барихаар ажиллаж байгаа юм байна. Мөн аж үйлдвэрийн хот болгохоор дэд бүтцэд нь 4.3 тэрбум юань зарцуулаад байгаа бөгөөд нийтдээ 222 барилга баригдахаас 118 нь худалдааны төв байх юм гэсэн.

Орон орны сэтгүүлчидтэй хамт эртний торгоны замын улбаа болсон, өнөө ч тэр төрхөө гээлгүй сүндэрлэж хөгжсөөр буй өрнө, дорнын өнгө аяс сүлэлдсэн Шинжаан-Уйгарын Үрүмчи, Кашгараар аялсан тэмдэглэлээ ийнхүү жаргаая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *