Л.Гансүх нарын шүүх хурал тавдахь өдрөө үргэлжилж байна. Саяхан өмгөөлөгч нар шүүгдэгчдийг цагаатгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд шүүх хурал одоогоор түр завсарлаад байгаа юм. Энэ үеэр Л.Цэндсүрэн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч Л.Гансүхийг прокурорууд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлж, Багануур компанид 3.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа. Прокурорын яллах дүгнэлтийн гол үндэслэл болоод байгаа аудитын болон шинжээчийн тайланг АТГ хэрхэн хууль зөрчин цуглуулсан нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон. Аудитор Ш.Ичинхорлоогийн тайланг Үндэсний аудитын газар хууль зөрчин гаргасан. Тодруулбал Төрийн аудитын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Үндэсний аудиторын газар төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийнэ гээд заачихсан. Гэтэл аудитор Ш.Ичинхорлоо хувийн компанийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийсэн. Бас Төрийн аудитын тухай хуульд Үндэсний аудитын газарт УИХ болон үндэсний аюулгүй байдлын даргаас бусад байгууллага албан тушаалтан үүрэг өгөхыг хориглоно гэсэн. Гэтэл АТГ-ын нэгэн комиссарын тушаал, хүсэлтийн дагуу энэ аудитын шалгалтыг хийлгүүлсэн” гэсэн юм.
М.Ууган